Баянхонгор хайрханыг тайх ёслол гурав дахь удаагаа боллоо

2020-11-30 401 0

Баянхонгор аймгийн Галуут суманд орших “Баянхонгор хайрхан” уулыг өнөө жил 3 дахь удаагаа тайх ёслолын үйл ажиллагаа 2017 оны 05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Галуут суманд болж өнгөрлөө. 05 дугаар сарын 27-ны өдөр Ганданцэжэйлэн хийд дээр хурал хурсны дараа Дээд гурван насны хурдан морьдын уралдаан “Халтарын дөрөлж” дээр болж үдшийн 22:00 цагт одод, сарны тахилга болон долоон бурхан одны хэлбэртэй арван 12 жил бүхий төмөр багананд зул, арц, хүж асааж “Долоон бурхан одны мөргөлийн судар”-ыг уншсан юм.

Энэхүү тахилгын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр,аймгийн засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд,тус сумын иргэд хөдөлмөрчид, алс холоос алтан сайхан нутгаа зорьж ирсэн зочид лам хуваргууд, өтгөс буурлууд өргөнөөр оролцжээ.

Аймгийн засаг дарга Г.Батжаргал тахилгыг нээж хэлсэн үгэндээ Баянхонгорчуудын нэрийн хуудас болсон эрт дээр үеийн тахилгат Баянхонгор хайрханаа өнөөдрийн энэ сайхан өдөр гүн хүндэтгэлтэйгээр тахиж байгааг онцоллоо. Мөн аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Монгол улсын соёлын гавьяат нэрт сэтгүүлч Жамьяангийн Батбаяр нар хайрханд хүндэтгэл үзүүлж бурхан сударт хадаг өргөлөө.05 дугаар сарны 28-ны өдөр Нарны тахилга болж хангай дэлхийн лус савдгийг аргадаж ном хурсны дараа Баруун булагийн нууранд “Зэд өргөх” ёслол болсны дараа Баянхонгор хайрханы өвөрт цугларч лам нар тус хайрханы санг уншин мандал өргөж, ном хурсан юм. Мөн энэ үеэр эдийн дээд болсон есөн алд цэнхэр хадгийг аймгийн удирдлагууд “Ганданцэжэйлэн” хийдэд залан Хонгор нутгийн зон олны буян заяа, аз хийморь, сайн сайхан бүхнийг даатгалаа.

“Баянхонгор хайрхан” уулын тахилгын бичгийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр уншиж галд өргөсөн юм.
/Баянхонгор хайрхан уулын тэнгэрт хандсан зарлигийн айлтгал: Баянхонгор хайрхан уулын эрхэм Эсүра тэнгэр хийгээд шадар бүгдээр баясан сонсч эртний түүхт Монголын ард түмний үнэт бүхнийг өмөөрөн сахиж, өлмийг бататган, хийморь зогийг дэгдээн энх тогтвортой, иргэддээ ээлтэй их төр, улсын сүр жавхланг өнөд ундруулан бататгахын хамт Баянхонгор нутгийн хүмүүн бүрийг этгээдийн шоглол, дотоодын самуун, байгалийн гамшиг, барцад гарз, хагацал зовлон, тахал зовлонгоос авран ангижруулж эртний сайхан ерөөлөөр элэг бүтэн, сэтгэл түвшин, хувь тэгш зохируулан төгс тэтгэсээр байхыг сүслэн даатгаж айлтгая. Анхааран болгоож үргэлжид ивээн тэтгэх ажаамуу. Мөнх тэнгэрийн хүчин дор сөгдөн мөргөмүү/Аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэнгэрт сумны дуу сонсгож “Тэнгэрийн хөлөг”-ийг сэтэрлэж Хонгор нутгийн хүн бүрийн буян заяа, зам мөрийг Баянхонгор хайрхандаа даатгалаа. Мөн доод гурван насны хурдан морьдын уралдаан, Үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдаан болж ёслолын үйл ажиллагаа өндөрлөв.

Баянхонгор хайрханыг тайж аймгийн удирдлагууд цагаан зүсмийн морьд сэтэрлэсэн бол Монгол улсын гавьяат малчин Ц.Шарав агсны төрсөн дүү, Үнэгтийн гуравдугаар багийн малчин Цамбажавын Даваасүрэн хул хонгор морио сэтэрлэж Хонгор сайхан хайрхандаа онголов.Сэтэрлэсэн морьд Сүмбэрийн хоёрдугаар багийн уугуул Жанцандоогийн Төмөрчөдөр, Үнэгтийн гуравдугаар багийн малчин Ц.Даваасүрэн нарын адуун сүргийн манлай аж.

2009 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Аймгийн тахилгат” уул болгон 4 жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлсэн байдаг.
Баянхонгор аймгийн төв нь одоогийн Галуут сумын нутаг Баянхонгор хайрханы өвөрт байж байгаад одоогийн газар байршсан түүхтэй. Тиймээс аймгийн болон, Баянхонгор хотын нэрийг эл хайрханы нэрээр нэрийдэх болжээ.

Ц.Цолмонбаатар

Холбоотой мэдээ