Хувьсгалын дараа хилийн чанадыг зорьсон багачууд хожмын Монголын хувь заяаг чиглүүлсэн

2021-02-08 63 0

1926 онд Ардын хувьсгал ялсны дараа БНМАУ өөрийн боловсон хүчнээ бэлтгэх замаар орчин үеийн нийгэм, эдийн засгийн харилцааны суурийг тавих зайлшгүй шаардлага урган гарсан байдаг. Тиймээс Ардын намын зүгээс залуусаа хилийн чанадад сургах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

Монголчууд өнгөрсөн зуунаас эхлээд нийгмийн түүчээ болсон сэхээтнүүдээ ЗХУ-д /Зөвлөлт Холбоот улс/ албан ёсоор бэлтгэж эхэлжээ. Үүнээс урьд Ардын хувьсгалын анхны долоо буюу Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Дарьзавын Лосол нарын сэхээтнүүд улс орноо удирдан, ард түмнээ гэгээрүүлж байв. Тэдний туйлын зорилго бол улс эх орноо хөгжүүлж, ард түмнээ эрх чөлөөтэй, сайн сайхан амьдруулах байсан юм. Тиймээс тэд эх орондоо сэтгэл, зүрхээ зориулан эцсийн амьсгалаа шингээсэн билээ.

Тэгэхээр сэхээтэн гэж эх орноо гэсэн сэтгэлтэй байхыг хэлэх аж. Энэ шалгуурыг давах сэхээтнүүд манай оронд саяхныг болтол олон байлаа. Тэд популизм гэж мэдэхгүй, авлига хээл хахууль, мафийн сүлжээ, мөнгө угаалт, худал хуурмагаас бүр хол, жинхэнэ сэхээтнүүд байсан. Манжийн эрхшээлд 200 гаруй жил болсон улс орноо удирдан хөгжүүлэх, бүтээн босгох, ард олноо соён гэгээрүүлэх үүргийг социализмын үеийн сэхээтнүүд хүлээсэн юм.

Нэг намын удирдлага дор, хатуу хяналт, хууль дүрэмд захирагдаж байсан хэдий ч төрийн албыг тэд нэр төртэй хашиж байв. Монгол төрийг дөчин жил удирдсан Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх, Думаагийн Содном, Жамбын Гомбожав, Дашийн Бямбасүрэн нарын туулж өнгөрүүлсэн амьдрал үүнийг гэрчилнэ.

Улс төр, нийгмийн салбараас гадна урлаг, соёлын сэхээтнүүд ч мөн хөгжил, дэвшилд багагүй хувь нэмэр оруулж байв. Жамсрангийн Цэвээн, Дашдоржийн Нацагдорж, Содномбалжирын Буяннэмэх, Жамьянгийн Чулуун, Сэмбийн Гончигсумлаа, Лувсанжамбын Мөрдорж, Үржингийн Ядамсүрэн зэрэг олон уран бүтээлчид бий. Эрдэмтэн судлаачид гэвэл Сангажавын Жамьян, Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ренчин гээд цааш нь хөвөрнө. Салбар, салбарын энэ л хүмүүс Монголын сэхээтний давхаргыг бий болгож, араасаа олон сэхээтэн бэлтгэсэн билээ.

Холбоотой мэдээ