Ховд: Хар-Ус нуурын хамгаалагч “Халх бухт”-ын Б.Болд

2021-02-08 363 0

Ховд голын ай сав газарт хамаарах Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын Буянт сумын Нарийн гол багийн хэсэг хариуцсан байгаль хамгаалагч Б.Болд 23 дахь жилдээ энэ сайхан нутаг усны өвс чулуу, ан амьтныг хамгаалах үйлсэд зүтгэж яваа нэгэн. Малын эмч мэргэжилтэй Б.Болд 1998 онд нэгдэл задарч мал хувьчлагдахад малын эмчийн ажлыг өгч, Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт байгаль хамгаалагч болсноор түүний амьдрал Хар-Ус нуурын долгио, хавар ирж, намар буцдаг шувуудтай ээнэгшсэн гэхэд болно.

Тэрбээр Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт хамрагдах Буянт сумын 160-аад мянган га газар нутгийг хариуцан ажилладаг. Одоо тэрбээр хууль бус загас агнуурыг багасгах зорилгоор эргүүл, хяналт шалгалтын ажил хийж байна. Ингэхдээ өглөө нуур луу гараад хяналт шалгалтын дараагийн цэг хүртэл 60 км явна. Орой болоход буцаад нөгөө л маршрутын дагуу дахин хяналт шалгалт хийж, ажлын байрандаа ирдэг. Түүний ажлын байр “Халх бухт” гэдэг газарт нэг вагончик бий. Түүний ажил амь өрссөн эрсдэл ихтэй. Учир нь зургаан сар орчим хугацаанд байнгын мөсөн дээр ажилладаг тул мөс цөмрөх аюултай. Гэвч байгаль эхээ хамгаалах түүний хоёргүй зүтгэлд харын сэдэл үгүй тул эрсдэл бүхэн өнөө хэр тойрч яваа нь тэнгэрийн ивээл гэлтэй. Өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд энэ санаа нь мухар сүсэг төдий болж харагдах тул цаашид эрсдлийг бууруулах, байгаль хамгаалагчийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөлд төрөөс анхаарах ёстойг сануулж буй хэрэг.

Эх нийтлэл: Н.Лхагва

Холбоотой мэдээ