Д.Сумъяабазар: Хүн шиг байгаарай, “ХҮН” намынхаан

2021-02-10 99 0

Нийслэлийн ИТХ дахь ХҮН-ын төлөөлөл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг xoлбогдox хyyлийг зөpчиж, хариуцлагагүй ажиллacaн гэх мэдэгдлийг гapгасан. Тэгвэл уг асуудалд Д.Сумъяабазap тайлбар хийлээ. Тэрбээр, “Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга. Гох дэгээ тавьж суудаг цаг биш. Сонгуулиар эрхээ авсан улсууд нь ачаагаа үүрээд явж байна. Хот цаашид иргэдээ хязгаарлах бус илүү нээлттэйгээр өвчнөөс сэргийлэх, эдийн засгаа дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллахад бэлтгэлээ хангаж байна. Ийм үед ХҮН улстөржиж байгаад харамсаж бна. Алдаа байвал хамтдаа иргэдийнхээ төлөө ярилцаж, шийдээд явья, хотын даргын хаалга нээлттэй. Харин захиалгатай, зорилготой улс төрд бол би гар барихгүй шүү. Хүн шиг байцгаамаар байна. ХҮН намынхаан ” гэжээ.

Сонирхуулахад Нийслэлийн ИТХ дахь ХҮН-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8 дахь хэсэгт заасан “Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах” чиг үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэж үзсэн юм. ХҮН-ын төлөөлөгчдөөс дараах тогтоолын төслийг өргөн барьсан боловч дэмжээгүй аж.

ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРЬСАН ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар Нийслэлийн Онцгой Комисс (НОК)-ыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар тэргүүлж байна. Гэвч энэ хүний манлайлал дутаж, орлогч дарга Ж.Сандагсүрэн бүх ажлыг идэвх чармайлттай гүйцэтгэж байсныг онцолъё. КОВИД-19 цар тахлын эсрэг НОК-оос авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор баталгаажсан иргэний эрхийг ноцтой зөрчсөн гэж бид үзэж байна. Үүнд:

1. Хүний амь нас эрсэдсэн тохиолдол
1. Орон нутгаас нийслэл рүү чиглэсэн автозамын хөдөлгөөнийг хаахдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийн талаар авах яаралтай арга хэмжээний талаар тодорхой заавар зөвлөгөөгөөр холбогдох албан тушаалтнуудыг хангаагүй, хүнлэг ёсоор хандаагүйгээс 2020 оны 12-р сарын 8-нд Архангай аймгаас ирсэн нийслэлийн иргэн эмэгтэй 22-ын товчоон дээр нас барсан.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дагуу гарах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4 дэх хэсэгт зааснаар “хүний амьд явах эрх, … хэнд ч болов эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх”-ыг маш тодорхой хуульчлан баталгаажуулсан байна. НОК-ын үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн, цаашлаад Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагааны “Хүмүүнлэг, шуурхай, ил тод, хариуцлагатай байх” зарчмыг зөрчсөн байна.

2. Иргэдийг ихээр бухимдуулсан шийдвэр, арга хэмжээнүүдээс
1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11-р сарын 18-ны өдрийн А/1248 дугаар захирамжаар байгууллагуудын бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийг шөнийн 22:00-06:00 цагийн хооронд зохион байгуулахаар зохицуулсан нь зохиомол ачаалал үүсгэн үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага иргэдэд ихээхэн дарамт учруулав. Энэ шийдвэрээ 11-р сарын 21-нд цуцалж, түгээлтийг өдрийн цагаар хийхийг зөвшөөрөв.
2. 2020 оны 11-р сарын 15-нд замын хөдөлгөөнд оролцох машинд тусгай зөвшөөрөл тараахаар болсноо 1 өдрийн дараа цуцалсан. Түүний дараа Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11-р сарын 12-ны А/1242 дугаар захирамжийн дагуу QR код олгох ажил эхэлсэн боловч явц удааширч, зохиомол бөөгнөрөл үүсгэн иргэдийн бухимдлыг төрүүлэв. Улмаар QR кодыг бусдад зүй бусаар бэлэглэсэн, зарсан тохиолдол гарч, эрүүгийн цагдаа болон АТГ-т хэрэг үүсгэн шалгасан тухай мэдээ гарч байв.

3. 2020 оны 11-р сарын 25-нд орон нутгаас хотод ирээд гацсан иргэдийн PCR шинжилгээг үнэ төлбөргүй авна, хариу гарсны дараа нэг өдрийн дотор багтаж гарах ёстой гэж мэдэгдсэн ч 119 систем гацаж иргэдийг бухимдуулав. 12-р сарын 3-нд PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр хотоос гаргах болов. Энэ хугацаанд PCR шинжилгээ өгөх цэгүүд хүрэлцээгүй байсны улмаас иргэдийг урт дараалалд өвлийн хүйтэнд зогсоож, бөөгнөрөл үүсгэн өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлэв.

4. Өргөө амаржих газраас дөнгөж амаржсан эхийг холбогдох дүрэм, журам зөрчин эмнэлэг хооронд шилжүүлсэн үйлдэл нь иргэдийн бугшсан бухимдлыг тэсрэлт болж 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд хэний ч зохион байгуулалтгүйгээр өөрсдөө үгээ хэлсэн тайван жагсаал цуглаан хийснээр илэрсэн. Үр дүнд нь МУ-ын ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод байна.
Эдгээр үйлдэл нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасан “Гамшгаас хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тухайн нөхцөлд тохируулан хамгийн бага хязгаарласан байна”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан “Гамшгийн үеийн үйл ажиллагааг холбогдох дүрэм, журам, заавар, стандартын дагуу зохион байгуулна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. УОК, ЗГ-тай нэгдсэн удирдлагатай ажиллаж чадаагүй

1. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамжийг 11-р сарын 18-ны өдрийн А/1248 дугаар захирамжаар өөрчилж, нийтийн тээвэрт илүү их хүн бөөгнөрөх эрсдэлийг үүсгэв. УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатар нийтийн тээврийг санал болгоогүй гэдгийг 2020 оны 12-р сарын 2-нд мэдэгдэв.
2. 2020 оны 12-р сарын 3-нд “Нэг өрх нэг шинжилгээ аян”-ыг эхлүүлж нийслэлийн хэмжээний өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар болсон ч 12-р сарын 8-нд уг аяныг ЭМЯ дэмжихгүй байгаа гэж ХӨСҮТ-ын дарга Д.Нямхүү мэдэгдэв. Ингээд энэ аян зогссон.
3. 2020 оны 2-р сарын 8-нд НОК бүх төрлийн хүнсний худалдааг ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргасныг мөн өдөр УОК няцаасан байна.
4. 2021 оны 2-р сарын 5-нд 400 сая төгрөгөөр N95 20,000 ширхэг маск худалдан авах тендер зарлаж, 2-р сарын 8-нд тендерийг дүгнэхээр зарласан нь мөн л ЗГ, УОК-той ажлаа уялдуулаагүйг харуулав. Зах зээл дээр 1000-3000 төгрөг байгаа маскийг 20,000 төгрөгөөр үнэлсэн энэ тендер олон хүний дургүйцлийг төрүүлэв.
Иймэрхүү уялдаа холбоогүй, өглөө гаргасныг өдөр өөрчилдөг байдал иргэдийн итгэлийг сулруулж, хөл хориог үр дүнгүй болгосоор ирэв. Эдгээр үйлдэл нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн

5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагааны “Мэргэжлийн нэгдсэн удирдлагатай байх” зарчмыг зөрчсөн байна.
Дүгнэхэд, НОК-ын дээрх хууль зөрчсөн үйлдлүүд нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8 дахь хэсэгт заасан “гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх” Нийслэлийн засаг даргын бүрэн эрхэд шууд хамаарч байна. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэж дүгнэж байна.

Нийт төлөөлөгчид өө, бид энд иргэдээ төлөөлж сууж байгаа. Иргэдийнхээ дуу хоолой болж ажиллах ёстой. Нийслэлийн засаг дарга үнэхээр хангалттай ажиллаж байгаа гэж үү? Хангалттай ажиллаж байна гэж хэлээд танилцуулгыг нь сонсоод дуугүй өнгөрье гэж бодож байгаа төлөөлөгчдөд үнэхээр их харамсаж байна. Ардчилсан нам, Монгол ардын намын шударга төлөөлөгчид та бүхэн иргэдийнхээ дуу хоолой болооч ээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг зөвхөн танилцуулгыг нь сонсоод өнгөрдөг байгууллага биш үнэлэлт, дүгнэлт өгдөг институц байх ёстой. Иймд, та бүхнийг сайн ойлгож, саналаа өгөхийг уриалж байна.

Холбоотой мэдээ