Ш.Оргил: Бүрэн эрхийн хугацаанд дулааны станц, хүүгүй орон сууцыг барина

2021-02-14 1000 1

Сэлэнгэ aймгийн Засaг дapгa Ш.Opгилтoй яpилцлaa.

Та Сэлэнгэ аймгийн Засаг даргаар улиран томилогдсон анхны Засаг дарга болж байна?

-Шинэ Үндсэн хууль хэрэгжиж нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлж эхэлснээс хойш Сэлэнгэ аймгийнхаа хөгжил, сайн сайхны төлөө ажиллаж ирсэн үе үеийн удирдлагууд маань бүгд л аймгийнхаа хөгжил, ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан. Миний баримталдаг зарчим байдаг, би дарга гээд өрөөндөө суугаад байлгүй, аль болох явж ажил төрлөө амжуулдаг, аймгийнхаа төлөөх нэг том төсөл, асуудлыг утсаар ярих нэг өөр, харин нөгөө хүнтэйгээ нүүр тулж, сайхан цай, кофе хувааж уугаад ярилцахад бас өөр шүү. Улиран томилогдсон энэ тохиолдлоо би аймгийнхаа өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг гүйцээн шийдвэрлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах их хариуцлага, үүргийг Сэлэнгийнхнээсээ дахин авлаа гэж ойлгож байна.

-Таны бүрэн эрхийн энэ хугацаанд тодруулбал энэ жил Ардын хувьсгалын 100 жил, аймгийн 90 жил гээд түүхэн ой тохиож байна. Энэ бас ховор тохиол болов уу?

-Энэ том бөгөөд түүхэн ойд хувьсгалын өлгий гэдэг Сэлэнгийнхэн бид манлайлан оролцох үүрэгтэй болов уу. Тэртээ 1921 онд энэ нутгийн буюу бидний өвөг дээдэс энх цаг, эрх чөлөөнийхөө төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайхран ташуураа барин түүчээлэн оролцож өнөө цагийн энэ эрх чөлөөг бидэнд авчирч өгснийг бид ямагт санаж байх учиртай.  Сэлэнгийнхэн бидний ажлын үр дүнгээс шалтгаалан Монгол түмэн маань өглөөний цайтай байх эсэх шалтгаалдаг үүрэг хүлээсэн аймаг. Энэ ч утгаараа манай аймаг 1931 онд “Тариалангийн аймаг” гэсэн нэршлээр 2 жил орчим болоод 1933 онд одоогийн “Сэлэнгэ аймаг” гэсэн нэрээ авсан байдаг. Тиймээс энэ 2 том ойгоо ард иргэдийнхээ сэтгэлд хүрсэн хэлбэрээр бас аймгийнхаа хөгжил, өнгө төрхөд өөрчлөлт харагдахаар тэмдэглэх их ажил бидний өмнө хүлээж байна.

-Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймагт маань короновирусний халдвар тархаж, аймаг, орны төдийгүй ард түмний маань амьдралд ч ихээхэн хүндрэл учирлаа?

-2020 он Сэлэнгийнхний хувьд “Ковид-19” аюулт вирустэй нүүр тулан ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд бүх нийтээрээ хүндхэн сорилтыг даван туулсан ийм жил байлаа. Бид хамтын хичээл зүтгэл, эв эетэй нэгдмэл санаа зорилгоор вирусний эрсдэлийг даван гарч яваа гэдгийг цохон тэмдэглэе. Энэ байдал бидний эдийн засагт таагүй байдал үүсгэж байгаа ч иргэдтэйгээ хамтраад даван туулна гэсэн итгэл дүүрэн байна.

-2021-2024 онд Сэлэнгэ аймгийнхаа түвшинд онцгойлон анхаарал тавьж шийдвэрлэх ажлуудаасаа онцлооч?

-Манай удирдлагын баг “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Сэлэнгэ аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүдээ боловсруулаад байна. 2021 онд бид “Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье” уриатайгаар, ард иргэдийнхээ, орон нутгийн санал хүсэлтийг сонсч, асуудлыг агуулга, ач холбогдлоор нь эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэх ажлын төлөвлөгөөтэйгөөр ажиллана. Дулааны станцтай болох, урьдчилгаагүй, хүүгүй орон сууц хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэд хэдэн суманд хэрэгжүүлэх, зарим сумаа хар замтай холбох, тариалангийн бүс нутаг гэж зарлагдсан хэдий ч бэлчээрийн мал аж ахуй байсаар байгаа гэх мэт шийдэл, шийдвэрээ хүлээсэн олон л асуудал байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ