Дундговь: Ажилгүй 38 иргэнтэй Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа

2021-02-16 471 1

Дундговь aймгийн Бaянжapгалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаатай ярилцлаа.

-Баянжаргалан сум 2021 онд сумынхаа бүх иргэнийг ажилтай болгох зорилт дэвшүүлжээ. Энэ зорилтынхоо хүрээнд хэдэн хүнийг хэрхэн ажилтай болгохоор төлөвлөж байна вэ?

-Манай сумын нэр чинь “баян” гэсэн тодотголтой, байгалийн арвин баялагтай сум. Тиймээс ч иргэд нь ажилтай орлоготой, баян байх ёстой гэж боддог. Аймагтаа хамгийн олон уул уурхайтай сум. Тиймээс ажилгүй иргэн манай суманд байх ёсгүй гэж энэхүү зорилтыг дэвшүүлсэн. Өнгөрсөн жил Жоншны баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон. Энэ үйлдвэрт 17 хүн ажилтай болсон Цаашдаа ч иргэдээ бэлтгэчихвэл ажлын байр бэлэн байгаа. Ер нь цаашдаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Тэгснээр ажлын байрууд нэмэгдэнэ гэж төлөвлөж байгаа. Ажилгүй иргэдээсээ судалгаа авч байна. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгаан, мэдлэг, чадварыг нь тодорхойлж, ИТХ-аар иргэдээ ажилтай, орлоготой болгох бодлого гаргуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд манай сумын хөдөлмөрийн насны бүх л хүн ажилтай, орлоготой болох ёстой гэж үзэж байгаа.

-Танай сум хэдэн хүн амтай, түүнээс ажилгүй иргэн хэд байна вэ? Тухайлан ямар үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх вэ?

-Манай сумын хувьд 1341 иргэнтэй. Түүнээс ажилгүй байгаа хөдөлмөрийн насны 38 иргэн байна. Одоогоор манайд оёдлын үйлдвэр боломжийн ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн хэрэгцээтэй шуудай, ажлын хувцас оёдог. Талх, нарийн боовны цех удахгүй ашиглалтад орно. 10 үхрийн ферм байгаа. Энэ фермийн хувьд нэг л уурхайн сүү, цагаан идээний хэрэгцээг хангаж байна. Цаашлаад сүү, цагаан идээний хэрэгцээ их байгаа.  Ер нь цаашдаа манай сумын хувьд уул уурхайд түшиглэх биш, жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох нь хөгжлийн гарц гэж үзэж байгаа. Тухайлбал, махны үйлдвэртэй болно, сүү, махны чиглэлийн фермерийн аж ахуйтай болно гэсэн зорилттой байна. Томоохон төслийг хэрэгжүүлэхээр төсөл боловсруулах, хөрөнгө босгохоор ажиллаж байна. Уул уурхай, тэнд ажиллаж байгаа ажиллагсдыг зах зээлээ гэж харж байгаа учраас уул уурхайд нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг сумандаа үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлэх боломж бидэнд байгаа. Сумын хүн амын тоо өмнөх жилийнхээс өссөн, цаашдаа ч өсөх хандлагатай байна. Манай сумын гаралтай иргэдээс орон нутагтаа эргэж ирж амьдарна гэсэн хүмүүс олон байна. Хүн амын тоо нэмэгдэх хирээр зах зээл маань өргөжин тэлнэ шүү дээ.

-Уул уурхайг зах зээлээ гэж харж байгаа гэлээ. Тэгэхээр танай суманд хэчнээн уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Манай сумын хувьд 28 ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгж байна. Одоогоор зургаан аж аухйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хайгуулын лицензтэй найман компани байгаа.

-Сумаас гаралтай уугуул иргэд сумандаа ирж амьдрахын тулд мэдээж амьдрах орчин нөхцөл таатай байвал аятай байх. Сумын дэд бүтэц, орчин нөхцөл ямар вэ? Танай зэргэлдээ Гурвансайхан сум гэхэд л сумын төвийн тохижилт, дэд бүтцийн хувьд хөдөөд хот шиг амьдарч болдгийн жишээг харуулж байна.

-Сумынхаа тохижилт, иргэдийнхээ амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд эхний ээлжинд сумынхаа ерөнхий төлөвлөгөөг хийж батлуулахаар төлөвлөж байна. Бид төлөвлөгөөгүйгээр хөгжинө гэж байхгүй. Төлөвлөгөөгөө гаргасны дараагаар шат дараатай гудамж хорооллоо цэгцлэх, дэд бүтцээ сайжруулах ажлуудыг хийнэ. Уул уурхайн компаниуд суманд хөрөнгө оруулалт хийдэг. Тухайлбал, өнгөрсөн жил 110 сая төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбай байгуулсан. Цаашдаа энэ хөрөнгө оруулалтыг томоохон төсөл рүүгээ татах боломжтой.

2021 онд ОНХС-ийн 800,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 25 цэгт усны хайгуул хийж, 11 гүний худаг гаргаж, 10 богино яндант буюу энгийн гар худаг гаргахаар төлөвлөсөн. Ер нь бэлчээрээ усжуулах тал дээр нэлээд анхаарч, иргэд маань саналаа өгсөн. Мөн өнгөрсөн жил Зах зээл, бэлчээрийн менежментийн төслийн хүрээнд 110,0 сая төгрөгөөр өвс, тэжээлийн агуулахтай болсон. Энэ жилийн цаг хүндэрсэн үед энэ нь цаг үеэ олсон хөрөнгө оруулалт болсон. Маш их хэрэг болж байна.

-Манай аймгийн хувьд нийт нутгаар өвөлжилт хүндэрсэн. Танай сумын хувьд өвөлжилт хэр байв, одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Ямар ч байсан өвлийг давлаа. Одоо хаврын урт өдрүүд үргэлжилнэ. Манай сумаас хоёр өрх Хэнтий аймагт отроор явж байна. Бусад нь нутагтаа өвөлжсөн. Өвөрхангай аймаг болон манай баруун талын сумдын 35 өрхийн 40,0 гаруй мянган мал манай сумын нутагт өвөлжлөө. Өнгөрсөн оны наймдугаар сараас отор нүүдлийн хөлд дарагдсан. Бэлчээр ч нэлээн талхлагдсан. Ер нь хаваржилт хүндрэх шинжтэй байна. Малын хорогдол ч гарч байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сард их хүйтэн байсан. Олон мал дарагдаж үхсэн. Цасны доороос бага ч гэсэн өвс гарах байх. Хаваржилт хүндэрлээ гээд яахав дээ, нийтээрээ л хэцүү байгаа болохоор нүүх ч аргагүй. Тиймээс малчидтайгаа хамтдаа даваад л гарна, өөр арга үгүй шүү дээ. Хүйтний ам холдож, хөхүүрийн ам наашилж байна даа.

-Танай сумын хувьд өөр ямар бэрхшээл байна вэ?

-Манай сумын хувьд хамгийн том бэрхшээл бол хүнд даацын машины хөдөлгөөн, түүнээс үүдэлтэй тоосжилтын асуудал байна. “Эрдэнэс-Тавантолгой”-гоос Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу өдөртөө 200 гаруй машин сумын төвөөр явж өнгөрдөг. Бид нар өнгөрсөн жил тэмцээд, өргөдөл, гомдол гаргаад гайгүй болсон байсан, одоо эргээд энэ асуудал хэцүү болчихлоо. Манай сумын иргэд битүү тоосон дунд л амьдарч байна, бэлчээр маш их талхлагдаж байна.

Зориулалтын замаа тавьж байж энэ тээвэрлэлтээ хийхгүй бол хэцүү байна. “Страто” ХХК анх төслөө танилцуулахдаа Засгийн газрын бодлогоор Эрднэс-Тавантолгойн нүүрсийг угааж, баяжуулаад нэмүү өртөг шингээж борлуулахаар гэрээ байгуулсан, хатуу хучилттай авто зам тавьж байж тээвэрлэлт хийнэ гэж байсан. Одоо болтол замаа ч эхлээгүй, тээвэрлэлтээ хийсээр байна. Энэ янзаараа удвал бид нар дахиад өргөдөл, гомдол гаргана гэж бодож байгаа.

-Монгол түмэн маань хаврын тэргүүн сартайгаа учран золгож, цагаан сарын зан үйлээ өрх бүлээрээ хөл хорионы дэглэм сахиж өнгөрүүллээ. Нутгийн зон олондоо хандаж юу хэлэхсэн бол?

-Дэлхий нийтээрээ коронавирусний цар тахалтай тэмцэж, хүндхэн цаг үеийг туулж байна. Гэхдээ энэ цаг үе дуусч хотол түмнээрээ энх мэнд учран золгох сайхан мөч ирнэ. Нутгийнхаа зон олонд эрүүл энхийг хүсье. Эрүүл энх байж ажил хөдөлмөртөө шамдаж, амьдрал ахуйгаа дээшлүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөе.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ