МУГЖ Н.Батцэцэг: Миний хань гэр орон, үр хүүхдээ нандигнан авч явж чаддаг эр хүн байсан юм

2021-04-20 168 0

Таван жилийн өмнө…яг энэ өдөр хань минь насан хутгийг олсон.
Энэ агшинд би түүнтэйгээ өнгөрүүлсэн гуч гаруй жилийн олон сайхан дурсамжаа нэхэн санаж сууна.
Хань маань архи огт амсдаггүй кофе их уудаг, гэр бүлдээ гойд халамжтай, аавхүний үүргээ сайн мэддэг нэг л дулаахан хүн байж билээ. Зураг авалтаар хөдөө явахад машиныхаа арын суудлыг буулгаж ор засаад халуун савтай цай, зууш бэлдээд намайг замд их тухтай явуулна. Арван хэдэн цаг давхиад аль нэг нуур, голын захад машин дотроо бэлэн хөнжилдөө шургаад унтчихдагсан. Өглөө үзэсгэлэнт байгалд сэрнэ. Тэгэхэд Машка маань аягатай ус түмпэн оо сойз бариад “шүдээ угаачих” гээд зогсч байдагсан. Энэ л жаргал байж. Машка бас их алиа. Нэг удаа Чикагогийн наадмаар нэвтрүүлгийн бичлэг хийгээд майхнуудаар явж байтал залуучууд “Батцэцэг эгчээ та зураглаачаа дагуулаад наашаа суу” гэхэд нь би “Энэ манай нөхөр, Машбат ш дээ” гэлээ. Тэд ч “Өө Машбат гэхээр нь нэг л том сүрлэг эр байдаг юм байх гэж бодсон ш дээ гээд л. Тэхэд Машка маань “Өө би Батцэцэгийн хүүхдий нь хардаг хүн юмаа” гэж хэлээд баахан инээлгэж билээ. Машка их наргианч, юмыг хурдан сэтгэдэг, юм их уншдаг, оросоор маш сайхан ярьдаг. Англиар бас “хөөрхөн” ярьчихдаг хүн байсан. Намайг уурлуулчихвал “уучлаарай аавыгаа” гээд л урд хойно гарч аргадааддор нь тайтгаруулчихна. Нэг удаа манайд Машкагийн хийсэн ажлын жагсаалтыг авахаар хүн ирэв ээ. Шагналд тодорхойлох юм байх. Би ч бичиг цаас болоод юмаа ухаад гарлаа. Тэгсэн Машка: -Яахын бэ!
Чи миний амьдралын шагнал шүү дээ. Надад өөр юм хэрэггүй! гэж хэлсэн юм. Тэрүүхэн үедээ би ” За за” гээд хайхраагүй ч сэтгэлд минь үүрд хадагдан үлдсэн түүний чин бодол байсан юм. Тэр минь тэгж хандаж, гэр орон, үр хүүхдээнандигнан авч явж чаддаг эр хүн байсан юм.

Холбоотой мэдээ