Hэвтpvvлэгч C.Чимгээ: Hyyц aмpaгийг тэвчинэ гэдэг тэнэг xvний acyyдaл

2021-05-04 383 0

Монголын хамгийн үнэ хүндтэй, өндөр ханштай хөтлөгчдийн нэг нэвтрүүлэгч С.Чимгээ. Унаган орос хэл, цэвэр бритиш аялгатай англи хэл, загварынхантай эн зэрэгцэх бие хаа, царай зүс энэ эрхэмсэг хатагтайд цогцолж чаджээ. Багагүй хугацаанд айл гэрийн хойморт урилгагүй зочилж, эх орны өнцөг булан бүрт болж буй үйл явдлыг цаг алдалгүй хүргэхдээ нэвтрүүлэгч, хөтлөгч гэх мэргэжлийн стандарт, өндөр босгыг бий болгосон нь түүний давуу тал. Тиймдээ ч борооны дараах мөөг шиг олширсон энэ олон телевизүүдийн хэл яриа хазгай, өнгө зүс дорой нэвтрүүлэгчдийг хараад эмзэглэж явдаг нь ч аргагүй юм.

Олны мэдэх энэ дэгжин хатагтайг ойр дотныхон нь дайчин, үзэл бодолдоо хэт үнэнч хэмээн үнэлдэг. Цаанаа л ихэмсэг, ялдам хэрнээ язгууртанлаг чанар нуугддаг гэж хэн нэг нь ярихыг ч сонсож байлаа. Долоон жилийн өмнө анх танилцаж байхад миний амьдралд нууц амраг байх ёсгүй хэмээн тамга дарж байсан тэр энэ үзэлдээ одоо ч үнэнч хэвээр. Нээрээ л нэвтрүүлэгч С.Чимгээгийн тухай явган яриа сонсож байгаагүй юм байна. Тэгэхээр тэр дүр эсгэгч биш байгаа биз. Ингээд “Эрхэмсэг хатагтай” С.Чимгээгийн эгэл хэрнээ нээлттэй ертөнцөөр хамтдаа аялцгаая.

-Нэг үеэ бодвол Монголд шоу бизнес тодорхой хэмжээнд хөгжиж байна. Тэрний нэг нүүр царай нь таны нөхөр ярилцлага өгөхдөө эхнэр маань биеэ даасан эмэгтэй, дуртай ажлаа хийж, өөрөө мөнгө олдог. Тэр нь ч манай гэр бүлийн санхүүгийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг гэж ярьсан байсан. Нөхрийнхөө гарыг хардаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад үүнд таны хувь хүний дайчин чанар нөлөөлдөг байх?
-Миний угийн чанар юм уу даа, багаасаа хоёр дүүтэй айлын том охин байсан болохоор арын албаны ихэнхи нь миний нуруун дээр ирэх тохиолдол цөөнгүй. Биеэ даах ёстой, өөрөө хийх ёстой гэдэг тэр багын араншин одоо ч байгаа байх. Гэхдээ учиргүй биеэ даагаад, гэр орноо авч явах дайны орлого гэж надад юу байхав. Ямар ч байсан нөхрөөсөө байнга хоол, байрны мөнгө нэхээд гэртээ суудаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нэг пальто авмаар байна, байрны мөнгө төлөх цаг болчихлоо гэдэггүйдээ бас өөртөө баярладаг. Тэр хэрээрээ нөхрийнхөө ачаанаас тодорхой хэсгийг нь үүрч байгаа гавьяатай хүүхэн юм уу гэж бодох үе байдаг л юм /инээв/.

-Олон улсын чанартай ч юм уу, ер нь томоохон арга хэмжээнүүдийг та хөтөлж харагддаг. Тэдгээрээс дуу алдмаар тансаг хурим найр, ёслолын ажиллагаа гэвэл та алийг нь онцлох вэ?
-Аз болоход олон сайхан арга хэмжээнүүдийг хөтөлдөг. Хамгийн сүүлчийнхээс гэвэл АПУ компанийн “Соёмбо” брэндийн ёслолын ажиллагаа надад их таалагдсан. Зохион байгуулалтын хувьд ч тэр арай өвөрмөц шийдэлтэй, бүхий л хүрээний гол гол төлөөлөгчид оролцсон гээд ер нь их онцлог болсон шүү. “Hero энтертайнмент”-ынхан зохион байгуулсан. Тиймэрхүү дайны юм хийж байвал зохион байгуулж байгаа талдаа ч, оролцож байгаа хүмүүсийн хувьд ч их зүгээр юм даа гэж бодогдож байсан. Хурим найрын тухайд тэрний хурим, энэ найр гэж зарлаад байх нь хаашаа юм. Ер нь сүүлийн үед хурим, найрыг хуучны ёс заншил гэхээсээ илүү амьдралд ганцхан тохиолдох үйл явдал сэтгэлд үлдэцтэй гэдэг үүднээс шоу тал руугаа хийдэг болчихож. Манайхан нэг үеэ бодвол бийлэгжүү ч болж. Тэр утгаараа олон сайхан хурим хөтөлж байлаа.

-Та жүжигчин гэхээсээ илүү мэргэжлийн диктор, өөрийн “школ”-ыг бий болгох хэмжээний туршлагатай, чадалтай хөтлөгч. Сүүлийн үед борооны дараах мөөг шиг олширсон олон телевизүүдийн хөтлөгч, нэвтрүүлэгчдийн талаар өөлөх, шүүмжлэх юм бишгүй л байдаг байлгүй. Сэтгүүлчийн нүдээр харахад мэргэжлийн ур чадваргүй, бэлтгэгдээгүй залуус зөвхөн эфирээр гарч, од болохын тулд улайрдаг болоо юу гэж ажиглагддаг. Үүнд эмзэглэх, дургүйцэх хүмүүстэй ч олон тааралдаж байлаа?
-Телевиз гэдэг хүчтэй хэрэгсэл. Миний сургуулиа төгсч, телевизэд орж байх үе их өөр байж. Гурван сар дагалдан хийж, хажуугаар нь хэл яриа, өгүүлэх эрхтний дасгал хийдэг байлаа. Уг нь их сургуульдаа хэл ярианы ур чадварын хичээл үздэг байсан. Тэгсэн ч ахиад л тийм хичээлийг заалгаж, нэлээн чанга, чанга шалгуурыг давж байж нэвтрүүлэгч болж байсан юмдаг. Их сайн санадаг юмаа, тэгж бэлтгэл хийчихээд шалгалт өгөх гээд телевизийн гадаа чичрээд зогсож байснаа /инээв/. Одоо тийм байхаа больсон юм уу даа. Телевизүүд ч олон болж тэр хэрээр өрсөлдөөн ихэсч, чадалтай нь шигшигдэж үлдэх байх л даа. Телевизийн зах зээл өргөжихийн хэрээр хүмүүсийн эфирт гарах дур сонирхол дэндүү их болчихсон юм шиг. Телевизүүдийг харж байхад бөөрөнхий хэлтэй, шулга хүмүүс их байна. Эфирийн царай гэж мэргэжлийн шалгуур бүр мөсөн гээгдсэн. Хачин зохицоогүй үстэй, зохицоогүй хувцаслалттай, сонсголгүй хоолойтой улсууд олноор гарах болж. Уг нь телевиз бол нэг талаар харах урлаг шүү дээ. Хүн сайхан юм харах, цэвэрхэн, цэгцтэй хэл яриатай юмыг үзэх дуртай байдаг. Гэтэл манайхан хүнд л үзэгдэж байвал бусад нь хамаагүй мэтээр ханддаг болсон байна. Эфирээр гарч болно л доо, тэгэхийн тулд өөрийгөө бэлдэж, шулга, бөөрөнхий хэлтэй бол засаж, хэрэв үс зүс чинь эфирээр гоё гардаггүй бол янзлуулах хэрэгтэй. Үүн дээр телевизийн удирдлагууд нь ч тодорхой хэмжээний цензуртэй хандах ёстой юм болов уу. Гэрийн эзэгтэй хоол хийж байгаад хормогчтойгоо зочноо угтаж авдаггүйтэй адилхан айл бүрийн хойморт өдөр болгон урилгагүй залардаг хүмүүс ядаж дуу хоолой, үг яриа, үс гэзгээ янзалж байж эфирт гарах нь үзэгчдээ хүндэлж байгаагийн нэг илрэл юм даа.

 

-Сэтгүүлч гэснээс та нэг хэсэг “Гялбаа” сэтгүүлийн редактороор ажиллаж, сэтгүүлчийн авьяас, ур чадвараа харуулаад авсан. Олон хүн одоо хүртэл таныг “Гялбаа”-гийн эзэн гэж боддог юм билээ. Та яагаад гарчихсан юм бэ?
-Сэтгүүлийн эзэн болчихвол бас зүгээр л юм, тийм ээ /инээв/. Манайхан заримдаа дэгсдүүлээд ярьчихдаг. Гэхдээ амны билгээс ашдын билэг гэдэг шиг зүгээр ч юм уу. Намайг бас “Орифлейм”-ийн сард хэдэн мянган долларын цалинтай захирал гээд биччихсэн байна гээд найзууд маань утасдаж асууж байсан удаатай. Тийм бол сайхан л байна. “Гялбаа”-д ажиллах аз, завшаан тохиолдсон юм аа. Тодорхой хэмжээнд хийгээд, үзээд алдахад буруудах юмгүй сонголт байсан. Аятайхан ч санагдаж байлаа. Миний амьдралын бас нэг өвөрмөц зурвас үе. Тэр үед бага охиноо гаргаад, жирэмсний амралттай байх үед санал тавьж таараад ажилласан. Эргээд амралтын хугацаа дуусч, телевиздээ орох болсон. Хоёр ажлыг давхар хийх үнэндээ хэцүү шүү дээ. Гэрийн эзэгтэй, ээж, хань ижил гээд эмэгтэй хүний олон үүрэгт ажлын хажуугаар 2 ажил хийнэ гэдэг хүнд ачаа санагдаад гарсан л даа.

-Таньд томоохон компаниудаас ажлын ашигтай санал олноор ирдэг ч ихэнхид нь татгалзсан хариу өгдөг гэж сонсож байлаа. Таньд Монгол телевизэд үнэнч үлдэх ямар нэг шалтаг, шалтгаан байх шиг?
-Телевиз гэдэг бол сургуулиа төгсөөд ажил, амьдралын гараагаа эхэлж байсан газар. Би өөрөө ч бас их дасамтгай хүн л дээ. Нэг юмандаа дасчихвал холдох дургүй, шинэ юм руу орохоос зайлсхийдэг, их хуучинсаг үзэлтэй хүн гэх үү дээ. Тэр үзэл ихээр нөлөөлсөн нь ойлгомжтой. Нөгөө талаар аливаа юмны тохироо бүрдэнэ гэж байдаг юм шиг ээ. Би тиймэрхүү юманд их сүжиглэдэг хүн. Ганц, хоёр газраас санал тавьж байсан. Намайг тэр дайны үнэлж байсанд нь дотроо талархаж л байлаа. Гэхдээ тухайн үед телевизээ орхиход арай нэг цаг хугацаа нь болоогүй байсан болов уу.

-Таныг харж байхад орой болгон шахуу “Цагийн хүрд” хөтөлнө. Дээр нь таны хөтлөх арга хэмжээнүүд ихэнхидээ орой үдшийн цагаар болдог. Гэрийн эзэгтэйн хувьд гэр орны ажил гэж толгой давсан их ажил бий. Энэ их цаг наргүй ажлын хажуугаар та хаанаас эрч хүчээ нөхөж байна вэ?
-Хэцүү л дээ. Ер нь хүн бүгдийг амжуулах гэж гүйгээдбайх хэрэггүй юм байна гэж сүүлийн жилүүдэд боддог болоод байгаа. Тэрнээс биш би бүгдийг амжуулах гэж гүйдэг, өглөөнөөс авахуулаад үдэш хүртэл даашгүй их даалгавар өөртөө өгчихөөд, тэднийгээ гүйцэлдүүлж байж сэтгэл амардаг байлаа. Тэрэндээ эмэгтэй хүн их ядардаг бололтой юм. Бие махбодийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч ядарчихдаг. Гэхдээ бас гайгүй ээ, манай аав, ээж 2 залуухан улсууд байдаг. Аав, ээж 2 ерөнхийдөө хүүхдүүдийг нааш, цааш зөөнө, харна. Дээрээс нь нөхөр маань их түшиг болдог. Гэр бүл, ар тал амгалан байвал эмэгтэй хүн юуг л бол юуг амжуулдаг. Тэр боломжийг нөхөр маань хангалттай бүрдүүлж өгдөг учраас би ажлаа амжуулаад байх шиг байгаа юм. Ер нь эмэгтэй хүн тайван байж, өөрийгөө эрхлүүлж, өөртөө их цаг зав зориулах ёстой гэдгийг их ойлгоод байгаа /инээв/.

-Таны гоо сайхны нууц гэж юу байнаа. Хүүхнүүд, Чимгээ хэзээний л хэвээрээ байх юм, яадаг, ийдэг бол гэж их сонжиж, сонирхдог юм билээ. Та жишээлбэл ямарбүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?
-Зарим хүүхнүүд их өндөр, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, өндөр үнэтэй гоо сайханд орох ёстой гэдэг юм байна лээ. Би бол үнэндээ учиргүй өндөр үнэтэй салонд ороод явах зав ч байдаггүй. Боломжийн хэрээр чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээдэг. Гэхдээ нэг бүтээгдэхүүнийг удаан хэрэглээд ирэхээр арьсанд таагүй байдаг юм шиг анзаарагддаг. Тиймээс нэг бүтээгдэхүүнийг ганц хоёр сар хэрэглээд заавал дуусгах албагүй, хойш нь тавьчихаад өөр нэг бүтээгдэхүүн хэрэглэх маягаар явдаг. Тэгээд арьс дасал болоод ирэхээр өөр бүтээгдэхүүн хэрэглэх жишээтэй. Ингэвэл арьсанд их үр дүнтэй юм шиг санагддаг. Сая нэг хэсэг Lancome хэрэглэж байгаад арьсанд шинэлэг байхаа болиод ирэхээр нь цаашаа тавьчихаад “Орифлэйм”-ийн Ecollagen гэдэг 35-аас дээш насныханд зориулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлж байна. Удаагүй болохоор их таатай байх шиг байна шүү.

-Таны барьж байгаа Prada-гийн дэгжин цүнх их анхаарал татаж байна. Та ганган хувцаснуудаараа ч гэсэн өөрийгөө илтгэдэг дэгжин эмэгтэй. Та хувцас сонголтоо хаанаас хийдэг вэ?
-Би учиргүй гадаад яваад байх биш. Гол сонголтуудаа эндээсээ хийдэг. Нөхөр маань гадаад явсан үедээ авчирсан хувцаснууд ихэнхийг нь эзэлнэ. Үнэндээ манай хүн надаас илүү сонголттой. Би хаана нь ч хүрэхгүй. Ганцаараа яваад авчихсан юмнууд тэр бүр сэтгэлд хүрэхгүй шүү /инээв/. Тэр бүр гадаад явж чаддаггүй миний хувьд арай гайгүй брэндийн сонголт гэвэл (“Номин”, “Наран”-гийн Esprit-ээс хийдэг. Тэнд Мехх, Моrе & Моrе, U2 гээд залуу, дэгжин стильтэй хувцаснууд байна. Тайзны хувцасны тухайд нэг хэсэг ихэнхидээ нөхөр гадагшаа явахад нь авахуулдаг байсан бол сүүлийн үед ерөнхийдөө хийлгэж байна. Яагаад гэвэл манай дизайнеруудын ур чадвар ч өөр болж. Дизайнеруудын ур чадвар гадныхнаас дутаад байх юмгүй болсон болохоор эндээ хийлгэсэн нь дээр л дээ. Ядахдаа л өөрийн хүссэн өнгө, загвараар “хийлгэх боломжтой. “Торго”-оор ихэнхи хувцаснуудаа хийлгэж байна. “Торго”-ын Болд саяын “Гоёл”-оос шилдэг дизайнер авсан шүү дээ.

-Олон жил нэвтрүүлэгч, хөтлөгч хийж байгаа таны хувьд костюм, даашинз гэж тоогоо алдсан юм байна биз. Өмсөхөө больчихсон хувцас ч гэж их байдаг байх?
-Мэдээж олон жил хөтөлж байгаа болохоор эхнээсээ хураагдчихсан юмнууд байгаа л даа. Өмсөхөө больсон хувцаснуудаа хүмүүст өгөх ч юм уу, эсвэл сонирхож байгаа хүнд боломжийнх нь үнээр өгчихдөг ч тал бий.

-Тэгвэл таны үнэт эдлэлийн сонголтыг сонирхож болох уу?
-Үнэт эдлэл нэг их сонирхоод байдаггүй юм аа, яагаад ч юм. Алтанд угийн л дургүй байсан, одоо ч хэвээрээ. Ээж, эмээ нараа харахаар алтан гоёлд их дуртай байдаг юм билээ. Магадгүй нас нь болоод ирэхээр дуртай болох болов уу. Одоо бол хөгшрөх болоогүй юм байна гэж бас баярлаад байгаа /инээв/. Өөрт ээлтэй ганц, хоёр чулуу байдаг гэж ээж маань хэлж өгдөг. Тэрнийхээ бөгжийг хэзээ ч гарнаасаа салгадаггүй. Бусдаар үнэт эдлэлээр нэг их хөөцөлдөөд байдаггүй ээ.

-Та диет барьдаг уу? Спортод цаг гаргаж чадаж байна уу? Жингийн асуудал хэр толгой өвтгөж байна?
-Учиргүй шаналаад, сэтгэл зовоод явдаг асуудал биш. Гэхдээ хоол хүнсээ тохируулж хэрэглэхгүй бол миний нас бол 18 нас биш шүү дээ. Тиймээс хоол хүнсэндээ анхаарна. Дээрээс нь боломжоороо, ялангуяа зуны улиралд заалны дасгал хийдэг. Багштай л даа. Дасгал бас их нөлөөлдөг. Их эрч хүч, таашаал авдаг, тэр хэрээр эргээд хоол хүнсэндээ анхаарах, хөдөлгөөний хязгаарлалтаас зайлсхийх зэргээр өөртөө ч шаардлага тавьдаг болчихдог.

-Та уг нь мэргэжлийн жүжигчин. Танд кино, жүжгэнд тоглох санал ирдэг үү?
-Ирдэг юм аа. Манайд жүжигчид бэлдээд л байдаг, тэгсэн хэрнээ яг тайзан дээр нөгөө л хэдэн жүжигчид байдаг. Тиймээс шинэ дүр төрх оруулж ирмээр байна гэсэн юм санал тавьж байгаа хүмүүс ярьдаг. Миний хувьд арав гаруй жил телевизийн тогоонд чанагдчихсан хүн мэргэжлээсээ хөндийрчихсөн байна лээ. Тэгээд ч Чимгээг нэвтрүүлэгч гэдгээр нь хүлээж авна уу гэхээс кинонд тоглосноор хүлээж авахгүй байх гэж боддог. Хоёрдугаарт, жүжигчнийхээ уран чадварын тал дээр анхаарал тавиагүй, өөрөөр хэлбэл байнга өөрийгөө цэнэглэж байгаагүй учраас ур чадварын тухайд асуудал үүсэх байх. Олигтой тоглохгүй бол бас л үзэгчдийг доромжилж байгаа хэрэг шүү дээ.

-Оюутан байхдаа таны тоглож байсан “Шувууд буцах намар” киног мэдэх юм. Та өөртөө сэтгэл хангалуун байдаг уу?
-Үгүй, ерөөсөө өөртөө сэтгэл ханамжтай байгаагүй. Тоглоод дууссаны дараа одоо нэг тоглох юмсан гэж бодогдож байсан шүү. Дөнгөж 1-р курсэд орж байсан, номын дуу ч сонсоогүй амьтан юундаа ч сайн тоглож чадах вэ дээ. Одоо үзэх юм бол бүр өөрийгөө голоод, сандарч мэгдэх биз.

-Таньтай 7 жилийн өмнө анх уулзаж, ярилцлага авч байснаа санаж байна. Миний амьдралд нууц амраг байх ёсгүй гэж та ярьж байсан. Тэр өөртөө итгэлтэй, дайчин бүсгүй одоо өөрчлөгдсөн үү?
-Мэдээж тэр үзэл бодолдоо үнэнч байлгүй яахав. Хүн яах гэж гэр бүл болдог юм. Нэг хүнтэйамьдарч байж хажуугаар нь дахиад өөр нэг хүнтэй амьдарч, өөртөө илүү ачаа үүрч яах юм. Хэрвээнууц амрагтай болмоор байгаа бол хүнтэй суугаад хэрэггүй. Ганц бие яваад арван ч нууц амрагтай байж болно шүү дээ. Хэн ч замбараагүй явдалтай гэж хэлэхгүй.

-Та тэр үед хадмындаа амьдарч байгаа гэж ярьж байсан санагдана. Танайхыг гэр бүлээрээ “Marshall Town”-ы рекламанд тоглосоноос хойш тэнд тухалжээ гэж ойлгох хүмүүс бишгүй байгаа?
-Манайх “Marshall Town”-д байр аваагүй ээ. Гэрээний журмаар рекламанд тоглож, зохиолын дагуу “Би өөр хүнтэй тогломооргүй байна” гэж нөхрөө утсаар дуудаж хамт тоглосон. Мэдээж хэрэг одоо өөрсдийн байр сууцтай болсон байлгүй яахав.

-Таны нөхрийг МАХН-ын чадалтай, боловсон хүчний нэг гэдгийг уншигчид маань андахгүй. Хүний ганц хүүгийн арын албыг даасан гэргий нь байх бас амаргүй байх?
-Нэгдүгээрт, манай нөхөр МАХН-ын гишүүн биш шүү дээ. Гишүүнчлэлгүй байсан. Долоон жил нэг суурин дээр их хурлын гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилласан. Тэгээд залуу хүн учраас арай өөр ажил хийж үзье гэдэг үүднээс өөр чиглэл рүү орж ажиллажбайна. Хоёрдугаарт, айлын ганцхүү ер нь эрх байдаг шүү дээ. Тэгээд ч аав, ээжийн хэнз хүү учраас анх нэлээн эрх талдаа байсан л даа. Би айлын том охин учраас илүү хэрсүү талдаа. Илүү захирамтгай, бүх юмыг зохицуулчих гэж үздэг. Тиймээс эхэндээ айлын эрх хүүтэй хэцүү л санагддаг байсан. Одоо бол эсрэгээрээ. Амьдралыг арав гаруй жил аваад явж байгаа эр хүн. Одоо үндсэндээ би л айлын эрх охин болж байх шиг байна /инээв/.

-Таны нөхрийг Египетэд элчин сайдаар суух гэж байгаа тухай сонин, хэвлэлээр нэг хэсэг ярьсан. Удаа ч үгүй ИЗН-ыг сонгосон. Үүнийг хүмүүс М.Чойдорж Египетэд элчин сайдаар суулгаагүйн төлөө намаасаа гарсан гэх ухааны юм ярьж байсан?
-Өөрийн чинь ярьж байгаагаар бол манай нөхөр урвагч болох нь ээ дээ. Нэгдүгээрт, манай нөхөр намын гишүүнчлэлгүй байсан учраас өөрийн хүслээрээ тэр сонголтыг хийсэн. Эртнээс ч энэ талаар бодож явсан юм шиг билээ. Түрүүний миний ярьсан шиг хувьсгалын хувьсгалын тохироо нь бүрдээ юм байгаа биз дээ. Египетийн элчин сайд бол угийн хүчтэй яригдсан асуудал биш шүү дээ. Зүгээр нэр дэвшигчийн хэмжээнд байсан гэж би ойлгосон.

-Та нөхрийнхөө улс төрийн сонголтыг яаж хүлээж авсан бэ? Таньтай мэдээж зөвлөсөн байх.
-Би дэмжсэн. Яагаад гэвэл ИЗН үнэндээ хүмүүсийн ярьдагчлан бохирдоогүй улс төрийн хүчин. Би өөрөө ч С.Оюун гишүүнийг дотроо үнэлж явдаг. Дайчин эмэгтэй. Царайнаас нь ямар ч хоёр нүүр харагддаггүй. Өөрийхөө барьж байгаа чиг шугамандаа үнэнч, хэнд ч шударга үгээ хэлж чаддаг зоригтой хүн. Ийм хүний далбаан дор ажиллахад тэр хүнд ч гэсэн өгөөжтэй шүү дээ. Тиймээс би зуун хувь дэмжиж байсан. Манай нөхөрт ч сурах юм бишгүй, тэгээд ч намын ажил хийгээд үзэхэд буруудах юмгүй гэж бодож байсан.

-Ажиглаж байхад янз бүрийн хэл аманд орооцолдоод байдаггүй гэр бүл гэвэл танайх. Ер нь эмэгтэй хүн амьдралд ямар байр сууринаас хандвал гэр бүл амгалан амьдрах боломжтой бол?
-Хэн хэн нь аливаа юманд хүлээцтэй, тэвчээртэй хандах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэртэй тэргүй хүний л амьдрал болсон хойно гэр бүлд ам зөрөлдөх, аахар шаахар юмнууд байлгүй яахав. Энэ бүхнийг түр зуурын асуудал, байдаг л зүйл гэж хүлээж авах хэрэгтэй. Ялааг заан болгоод байх хэрэггүй шүү дээ. Нэг нь ядраад, өлсөөд ороод ирдэг. Ядарсан, өлссөн хүн угийн л уцаартай байдаг. Нэг нь уурлаж байхад нэг нь инээж байдаг ч юм уу. Бас жаахан ухаалаг байх хэрэгтэй юм болов уу. Эр хүн бол мэдээж арван давааны цаадахыг харах байх. Эмэгтэй хүн ядаж нэг давааны цаадахыг хардаг бол гэр бүл тайван байж чаднаа.

-Эр хүнтэй холбож ойлгох юм бол тэвчихгүйг тэвчихийг тэвчээр гэнэ гэж ярих нь бий. Энэ нь айлын эхнэр хүний хувьд баримтлах хэмжээний философи мөн үү?
-Та цаагуураа гэр бүлийн хүрээнд нууц амрагийн асуудлыг тэвчих, эс тэвчих, тухай асуугаад байна уу даа. Би тэгж ойлголоо /инээв/. Тэр бол тусдаа асуудал. Үүн дээр тэвчих, эс тэвчихийн тухай асуудал байж болохгүй. Яагаад гэвэл энэ бол бие биенээ хүндлэх, эс хүндлэх тухай асуудал. Өөрөөр хэлбэл бие биенээ хүндлээгүй тохиолдолд нууц амрагийн асуудал босч ирэх байх. Энэ тохиолдолд тэвчээр гаргана гэдэг тэнэг хүний асуудал. Нэг үгээр энэ тэвчээр бол нууц амрагийг тэвчих тухай асуудал биш. Угийн өөр эцэг, эхээс төрж, өөр орчинд өсөж хүмүүжсэн хүмүүс нэг дээвэр дор амьдрахад мэдээж хэрэг жижиг, сажиг зөрчилдөөн, үзэл бодлын зөрчилдөөн олон гарч ирдэг. Тийм тохиолдолд эмэгтэй хүн ухаанаар хандаж, зохицуулах ёстой юм болов уу гэж ойлгодог юм.

-Таны нөхөр нэвтрүүлэгч Чимгээгийн нөхөр гэж эхнэрээрээ овоглоход эмзэглэдэг болов уу?
-Тэртэй тэргүй манай нөхөр надаас өмнө өөрийн гэсэн байр суурьтай байсан хүн. Аав нь дипломат, 20 гаруй жил гадаадад дипломат алба хашсан, нөхөр маань 20 гаруй жил гадаадад өсөж, хүмүүжсэн. Өөрөөр хэлбэл урлагийн ертөнц, массад Чимгээгийн нөхөр гэж яригддагболохоос Мархаажийн Чойдорж гэдэг хүн өөрийн хүрээлэлдээ хэдийнэ танил, өөрийн гэсэн байр суурьтай болчихсон байсан хүн.

-Танай гадаад нэртэй хөөрхөн охид нэг үеэ бодвол том болцгоосон байх. Хүүхдүүдийнхээ боловсролд хэр анхаарч байна?
-Нөхөр бид 2 хоёулаа төрийн байгууллагад ажилладаг учраас учиргүй өндөр өртөгтэй сургуульд өгөх боломж байхгүй. Гэхдээ сулд нь хаячих хэмжээний биш. Тиймээс боломжийн төлбөртэй, сургалт сайтай сургуульд өгөх тал дээр анхаардаг. Том охин “Эрэл” сургуульд, дундах нь “Олонлог” гээд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд явдаг. Бага охин энгийн цэцэрлэгийн “сурагч”.

-Өдөр болгон шахуу телевизээр гардаг ганган, дэгжин ээжтэй охид гоёл, хувцас хунарын тухай таниас дутахгүй ярина биз?
-Угийн охид адтай юм чинь гоёл, хувцас ярилгүй яахав. Одооны охидын үзэж, харж байгаа юм, авч байгаа мэдээлэл ч бидний үеэс их өөр болсон байна. Тэр утгаараа хэн, хэн нь надаар заалгалтгүй юу өмсөхөө мэднэ. Бага нь гэхэд л 4 нас хүрээгүй байж өглөө болгон цэцэрлэгт явахдаа энийг л өмсөнө гэж дайрснаараа болно. Би тэрэнд нь оролцох ч шаардлагагүй юм билээ. Аав нь өөрийнхөөрөө, дуртайгаа өмсөөд яваг гэж эрхийг нь өгчихсөн /инээв/.

М.Уранчимэг  gogo.mn

Холбоотой мэдээ