Анужин: Хүнд ганц л аав заяадаг бол надад хоёр аав бий

2021-05-11 320 0

Бүгдэд чин сэтгэлээсээ ханддаг, тэгтлээ бусдад эсрэгээрээ ойлгогдог гээд өвөрмөц хүн бүрийн л амсаж, мэдэрч болох бүхнийг амьдралаас ханатлаа ууж буй 38 настай бүсгүйн ертөнцийг нээх гэж ихэд хичээлээ. Дүгнэлтээ эрхэм та өөрөө өгнө биз ээ.

-Монгол тулгатны эрхмүүдийг байцаадаг хүнийг ярилцлагын ширээний ард урих сонин байна. Олны танил дээр нь нийгэмд эзлэх байр суурь, гадаад төрх, эмэгтэй хүнийхээ хувьд мөн тантай холбоотой элдэв цуу ярианаас улбаатай та хэдийнэ олны сонирхдог фигуруудын нэг болчихож л дээ. Тиймээс чин сэтгэлийн, илэн далангүй яриа дэлгэмээр байна. Та ер нь хэр илэн далангүй эмэгтэй вэ?

-Үзэл бодол талаасаа би маш илэн далангүй, нээлттэй хүн. Харин хувь хүн талаасаа тайлагдахад амаргүй хүн. Илэн далангүй байхын тухайд өөрөө их харьцангуй ойлголт. Яахав, миний үзэж туулсан амьдрал, тэндээс авсан бага ч болов ухаарал хэрэв бусдад хэрэгтэй, сургамжтай бол бүгдийг нь тоочиж болно. Миний хувьд асуудал байхгүй. Гэтэл миний амьдрал, миний намтар түүх хүний л амьдрал, хүмүүсийн харилцаан дунд явж ирсэн учраас бусад хүмүүс яаж хандах бол гэж заавал бодох ёстой. Миний эрх бусдынхаар хязгаарлагддаг гэдэгтэй адил яг энэ талаасаа хэмжүүр зайлшгүй байх ёстой байх аа. Тэгэхээр илэн далангүй байна гэдэг нь харьцангуй бөгөөд хариуцлагын асуудал байгаа биз. Аливаа зүйлийн талаарх байр суурь маань гэхдээ ямар нэгэн юманд наалдах гэж, сайхан харагдах гэж ч юм уу, бусдад таалагдах гэж дүр бий болгож амьдардаг хүн би биш. Би өөрийгөө шулуун байж чаддаг гэж боддог. Ер нь тэгээд ийм тийм байх ёстой гэсэн зохиомол зүйлсийг өөрт суулгаад байхаар хүн өөрөө зохиомол болчихдог юм уу гэж боддог. Өөрт төрмөл заяасан сайхан чанарууд л хүний давтагдахгүй байдлын илэрхийлэл болж, бас тэр л хүнийг хайрлах шалтгаан болдог болов уу.

-Хайрлах шалтгаан гэснээс нээрээ хайрлаж дурлахад, хар элгийн хүнийг энэрч түүний өмнөөс өмөлзөхөд ямар шалтгаан байдаг юм бэ? Хайрлах ихэнхдээ зовлон авчирдаг атал хайрлах гээд л тэмүүлээд байдаг нь хүний мөн чанар юмсан уу, эсвэл алдаа юм уу?

-Хайр гэдэг хүний эрхэм дээд чанар. Хайр өөрөө хариу нэхээгүй бас болзолгүй байж л жинхэнэ хайр болон амилдаг юм шиг. Тэр цагт хайрлаж байгаа нь ч, хайрлуулж байгаа нь ч жаргана. Бид хайрыг мөн чанараар нь төлөвшүүлж чадаагүй болохоороо л зовоод байгаа юм байна гэдгийг ухаарч байна. Хүмүүс хичээгээд л байгаа хэрнээ бие биедээ гоморхох сэтгэлээр хандаад л байдаг юм уу даа. Намайг ингэж явахад тэгэх гэж гэдэг ч юм уу…Энэ л хорыг таслаагүй цагт хайрын нөгөө талд зовлон байсаар л байна. Түүнээс биш хүн төрөлхтөн бидэнд илгээсэн хамгийн сайхан зүйл нь зовлон дагуулаад байна гэж байхгүй.

-Эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэж ярьцгаадаг. Энэ нь яг юу гэсэн үг юм бол?

-Ийм, тийм гэж хариулахад хүнд асуулт байна. Учир нь би дүрмийн сэтгэлгээгээр амьдралд ханддаггүй хүмүүсийн нэг. Миний натурт ч таардаггүй юм. Нууцлаг байх ёстой гэж яг юугаа хэлээд байгаа юм? Биеэ нуухыг хэлж байгаа юм уу? Ааш араншингаа нуухыг хэлж байгаа юм уу, бүү мэд. Би хувьдаа мэдрэмжиндээ л түшиглэж амьдардаг эмэгтэй. Хүн бүрт заяамал мөн чанар гэж байдаг. Дур булаам, энхрий, хэнэггүй, бүдүүн баргийн эсвэл жаахан ааширхуу гэдэг ч юм уу. Байгалиас өгсөн мөн чанараа хүн нэг их өөрчлөх гээд хэрэггүй л дээ. Үүнийг өөрчлөх гээд байдаг хань нөхөр ч юм уу, найз нөхөд бол үндсэндээ том дарамт.

Та бод доо, эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэчихээр угийн өргөн дэлгэр, нээлттэй өгөгдөлтэй хүн өөрийгөө нууж байгаа нь энэ гээд өөрт байхгүй хаа хамаагүй зан гаргаад эхэлбэл тэр хүн өөрөө учраа олохоо болино биз. Аргаа олохоо больчихсон амьтан чинь хүнд ч ойлгомжгүй болж, амьдрахад төвөгтэй болж эхэлнэ ээ дээ. Ингэх ямар хэрэгтэй юм бэ.

-Тэгвэл Анужин гэдэг эмэгтэйн натур юу юм бол?

-Яг тэр гээд оноод хэлчих үг олдохгүй байна. Ямартай ч би их хүнлэг хүн. Бусдад энгийн ойлгогддог зүйлд би ээдрээд байдаг. Тэгсэн хэрнээ бусдын ойлгож, хүлээж авахад хэцүү зүйлийг би маш амархан тайлчих нь бий. Энэ л би юм болов уу даа.

-Бага нас, аав, ээжийнхээ талаар яриа дэлгээч?

-Эцэг эхийн хайр халамжаар хором ч дутаагүй, миний хүүхэд нас. Ухаантай хүн хайрлагдахын хэрээр би яаж энэ сайхан хайрын хариуг барих билээ гэж боддог. Би хүнтэй ханилан суухаасаа өмнө амттай сайхан зүйл идэж уух бүрт ээжийдээ аавдаа дүүдээ өгмөөр идүүлмээр санагдаж, хараа сунгаж газар үзэх бүхэндээ тэднийгээ аваачмаар болдог байсан. Тэр хүслээ ч бас бүгдийг шахуу биелүүлж байсан байна лээ. Японд улсын зардлаар оюутан болж очсон хэрнээ ээж аавдаа онгоцны билетийг нь өөрөө авч явуулж, тэр орныг үзүүлэх гэж хичээлийн бус цагаараа дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Япон чинь ажил хийвэл хийсэн шиг хийнэ, оромдож, хүний нүд хариулна гэж байхгүй. Эхэн үедээ дэлгүүрт яс ажиллаад харьж явахад хөлөө хаана гишгэж байгаагаа мэдэхгүй болтлоо мэдээгүй болсон байдаг үе ч байсан. Хичээсний эцэст аав ээжээ Наритагийн онгоцны буудалд тосч тэдэнтэйгээ уулзаж байхдаа мөн ч их баярлаж байж билээ. Бага, дунд, дээд сургуульд суралцаж байхдаа ядаж өмнөө байгаа зүйлээ хийсэн шиг хийчихвэл ижий аав минь баярлах байх хэмээн бодож, бүхий л шатны сургуулиа тэр үеийнхээр онц дүнтэй дүүргэж байлаа.

Аав ээж хоёр маань Монголын геологийн албанд насаараа ажиллаж байгаа баяжуулагч, эрдэс судлаач мэргэжилтэй хүмүүс л дээ. Тэр хоёр маань арван жилийн нэг ангийнхан, нөхөр бид хоёрын төгссөн арван жилийн сургуулийг дүүргэцгээсэн. Ээжийн маань анги даасан багш хожмоо надад монгол хэлний хичээл зааж байлаа. Ээжийг маань ёстой амаа олохгүй магтдаг байлаа, надад. Ээж чинь нэг ч сайн дүн авч үзээгүй, миний ангийг дүүргэж байлаа гээд л. Мөн аав ээж хоёрын маань түүхийг их сайн мэддэг учир надад тэр багш маань цаанаа л дотно санагддаг байж билээ. Амьдрал учир ерөөлөөр дүүрэн юм аа. Биднийг бага байхад ихэнх аав ээжүүд социализмыг бүтээхийн төлөө цаг наргүй ажиллаж ар гэр амьдрал ахуй, үр хүүхэддээ зарцуулах цагаар хомс байсан. Гэсэн хэдий ч миний аав ээж дүү бид хоёрын төлөө цаг гаргаж чаддаг байсан. Хоол цайг минь халуун саванд бэлдээд, үүр шөнө үдэш бүрий гэлтгүй гараас минь хөтлөөд намайг хөгжүүлж дэвшүүлэхийн төлөө зүтгэдэг байсан (хоолой нь зангирав.сурв). Ээж маань хүүхэд байхаас эх хэлээрээ аль болох зөв, уран яруу ярих, хүнлэг сайхан сэтгэлтэй байх тухай л голдуу сургадаг байсан. Хүүхэд насанд тавигдсан тэр л хүмүүжил надад одоо их хэрэг болж байна даа… Миний хүүхэд нас маш гэрэлтэй, бардам, дуулиантай хэрнээ амгалан тайван өнгөрсөн.

-Шулуухан асуучихад таны төрсөн аав бол экс гишүүн Р.Буд гэдгийг бид бүгд мэднэ. Та ч нуудаггүй. Амьдралын нугачаан дахь ийм сонголт, өмнөх, хойдох амьдралын гялбаа, сүүдэр нь юу байдаг вэ?

-Хүн өөрийн түүх, гарал угсаагаа нууж болдог юм уу? Нуугддаг зүйл юм уу? Өөрийн ясаа яснаасаа нууж, цусаа цуснаасаа нууна гэж яг ямар үйлдэл болохыг би мэдэхгүй байна. Би төрсөн аавынхаа залуу насны үүх түүх, өнгөрүүлснийг шүүх эрхгүй ч шүүж бас гомдох үе байсаан, хүүхэд байхдаа. Харин өөрөө нас биед хүрч, амьдралын тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны гэрэл сүүдрийг харж, ухаарч эхэлсэн цагаасаа гомдох сэтгэлээ бүрмөсөн орхиж чадсан. Намайг өсгөж, төрүүлсэн хоёр аав, ээж гурвуулаа арван жилийн нэг ангийнхан. Ээж маань сурлага хүмүүжил, сайн сайхнаараа ангийнхаа хамгийн сайхан охин байсан гэдгийг одоо хэн хэн нь дурсдаг. Ээж бид хоёр аавыгаа гадаадад сургуульд үдээд төгсч иртэл нь хүлээсэн. Амьдралын хувь төөргөөр аав маань ээж бид хоёрыг орхин явж, би бага гэлтгүй амьдралын хатууг туулж, ухаан суусан ч нөгөө талдаа хариу нэхэхгүй хайрлах гэж юу байдгийг, хайр гэж юу байдгийг намайг өдий зэрэгтэй хүн болгосон хүний дээд, хүний хайлан болсон ааваасаа мэдэрч өссөн. Нэрнээс минь салгахын аргагүй ижилдсэн М.Пүрэв-Очир аавынхаа миний төлөө явж байсан, тэмцэж байсан, гар дээрээ тэврээд эмнэлгийн шатаар өгсөж уруудаж байсан өдрүүд. Тэр дүр зургийг бодохоор би огшоод явчихдаг. Эмнэлэгт бие маань муу, үхэл сэхэлтэй тулж байхад дотор аав ижий хоёр маань, гадаа Буд аав маань гэргийтэйгээ зогсч, бүгд л хамтдаа байсан тухай ухаан ороод сонсч байсан. Хүний амьдрал баялаг шүү дээ. Буд аавтай маань ханилсан гэргий нь миний аавыг сайхан түшээд явж байна, тэд өнөр өтгөн сайхан амьдарцгааж байна. Магад тэд ч заяаны хань байсан юм билүү. Хүний амьдралын ийм нарийн зүйлийг би эсвэл та, эсвэл хэвлэлээр хүний амь амьдралыг гутаагчид шүүх зүйл биш ээ. Намайг өсгөж, миний амьдралын жаргал зовлон сүлэлдэх эгшин бүрт хамт байж миний зовлонд надаас илүү хорж элэгдэх аав минь байна. Энэ биеийг минь бий болгосон аав минь байна. Хүнд ганц л аав заяадаг бол надад хоёр сайхан аав заяасан байна. Тэгэхээр би азтай л хүн байгаа биз дээ.

-Та “Монгол тулгатны зуун эрхэм”-ийг продюсерлэж, хөтлөх болсноор олны анхаарлын төвд орж ирсэн. Энэ төсөл, энэ нэвтрүүлэг, энэ бүхнийг дагах нэр алдар Анужин гэдэг хүнд чухам юу өгсөн бэ?

-Нэгэн цаг дор амьдарч буй бахархам гэгээлэг, ухаалаг, хүмүүнлэг, хайрламаар, авьяаслаг бас тэгээд тэнгэрлэг хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний чин сэтгэлийг тэр чигээр нь сонсч, дутуугаа ухаарах боломж надад нээгдсэн. Сайхан хүнтэй уулзаж хөөрөлдөхөөр чинь дотор сэргээд нэг хэсэгтээ амьдрах эрчим нэмэгдээд л явчихна шүү дээ.

Олны анхааралд орно гэдэг чинь харин их сонин сэдэв. Амьтны хүрээлэнд байгаа ан амьтныг үзэж сонирхож байгаа юм шиг хөдлөхөөр нь гайхаад орилолдоод, өөрсдөөс нь арай өөр үйлдэл хийхээр сонирхоод л байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Тийм ч болохоор би олон нийтийн газар явах, энд тэнд хэсэх дургүй. Энэ байдал ер нь хүүхэд байхаас л тогтсон юм шиг байгаа юм аа. Хүүхэд байхдаа Монгол улсын манлай охин, Монгол улсын шилдэг хүүхэд болж, анх удаагаа хүүхдийн бие даасан тайлан тоглолтыг хийж, 12 насандаа сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн даргаар сонгогдож, (инээгээд) тухайн үедээ хүүхдэд өгдөг бүхий л гавьяа шагналыг хүртэж байлаа. Мөн Болгар улсад зохиогдож байсан олон улсын хүүхдийн яруу найргийн тэмцээнд оролцож дэд байранд шалгарч, 11 насандаа хөрөнгөтөн хэмээх тодотголтой байсан орон руу өөрийн орныг төлөөлж хүүхдийн элч болон олон улсын чуулганд оролцож байсан нь надад нэр алдрын тухай, одоогийнхоор олны танил байх тухай ойлголтыг харьцангуй багад минь суулгаж өгсөн гэж боддог. Тийм болохоор олны хайр талархал, хүндэтгэл хүлээхэд хариуцлага ирдэгийг би сайн мэднээ. Хариуцлага хэт үүрэх чинь бас хүсмээр зүйл биш биз дээ?!!

Гэхдээ яг өнөөдөр би алдартай хүн гэж ер бодохгүй байнаа. Тэгэхээр юу өгдөгийг тодорхойлон хэлж чадахгүй юм. Тэгээд ч маш өндөрт нисч байгаад үхэж үзсэн, хэн ч тоохооргүй болж гоо үзэсгэлэнгээ бүрмөсөн алдаж байсан гээд амьдралын нарийн ширийн зовлон их үзсэн хүн чинь хэрийн зүйлд савлахгүй шүү дээ. Нэр цуу, мөнгө цаас, харагдах үзэгдэх юм том зүйл биш ээ, үнэндээ. Хүн үхэх гээд ирэхээр мөнгө байгаад ч тус болдоггүй л биз дээ.

-Нэр алдарт хүн бүр л дуртай байдаг шүү дээ. Яг л брэнд шиг үнэ цэнэ ч дагадаг нь үнэн, сайн алдар нэрийг. Юунд нь дургүйлхдэг гэж вэ?

-Алдар нэрийг өөрийн хөдөлмөрөөр олж авах шиг бахархалтай зүйл байхгүй л дээ. Хүн болж амьд яваагийн хэрэг шүү дээ. Харин гэрэл томрохын хэрээр сүүдэр бас томордгийн адил түүнтэй зэрэгцэн ирэх сөрөг зүйлсийг даах амаргүй. Гэхдээ даамааргүй байнаа, зөвхөн магтаад өгөөч гээд гүйлтэй биш, элдэв цуу үг бүрийг хөөж үнэндээ бол гээд яриад явалтай биш. Тийм биз дээ. Хэлмэгдэхэд нь хэлмэгдээд, хэлүүлэхэд нь хэлүүлээд зовж жаргаад л явах зам юм биш үү. Жишээ нь, танай сэтгүүлд миний тухай ямар ч үндэсгүй зүйл бичиж л байсан. Ёстой уйлаад гүймээр, эсвэл шүүхдээд явмаар (инээв). Гэтэл өнөөдөр танай шинэ жилийн дугаарын зочноор уригдаад ярилцаж байна. Харин би танай сэтгүүлийг сэтгүүл, тэр дундаа таныг хүн юм байна гэж бодож, баярлаж сууна. Манайх муулсан л бол бандан тас, эсвэл манайх энэ хүнийг муулах л бодлоготой гэдэг газрууд бас байна шүү дээ. Танайх бол эрэлчид хайгуулчид, бас эндүү ташаагаа эргээд засах чадвартай жинхэнэ сэтгүүлчид байна. Цагтаа хэлмэгдэж байсан ч (инээв) танай ажилсаг, бас зоригтой хамт олонд ажлын амжилт, үнэн эрэл хайгуулын олз омог хүсье!

-Баярлалаа. Тэгвэл атаа жөтөө, элдэв хэл ам юу мэдрүүлэх юм?

-Хэрээс хэтэрсэн доромжлол, гүтгэлэг заримдаа залхааж, туйлдуулдаг юм байна. Ганц бие эмэгтэй бол хамаа алга. Хэнд ч хамааралгүй амьтан бол бас хамаа алга. Үр хүүхэдгүй бол тэсээд явахсан. Гэтэл намайг төрүүлж өсгөсөн эцэг эх, хоёр хөөрхөн бүлтгэр охин, хань ижил гээд би нийгмийн л амьтан учраас энэ талаасаа үнэхээр тэвчихийн аргагүй үе тохиолдох юм. Тэглээ гээд үг хөөж явсангүй ээ, үнэндээ. Нэг л зүйлийг би итгэлтэй хэлж чадна. Миний амьдрал бол хүний л амьдрал. Хүний л туулдаг даваа, нугачаа бүхнийг би туулж явна. Нийгэм хувь хүнийг өөрөө өөртэй нь зөрчилдүүлдэг юм шиг. Хүн нийгэмд гоё харагдах гээд, таалагдах гээд хичээж ирэхээрээ өөрийгөө алдаж, өөрийгөө эвдэж байдаг. Хүний өмнө үнэн амьдрах гээд яахав ээ. Хүн сэтгэл зүрхэндээ л өөрийн үнэнтэй амьдрах ёстой гэж боддог доо.

 

-Таны анх нийгэмд танигдсан имиж чинь эрүүл хоололтын Анужин багш. Энэ салбарт татагдах болсон нь хэдийнээс вэ?

-Татагдах юу байхав дээ. Юу ч гэмээр юм. Амьд үлдэх арга л байсан юм болов уу даа. Амьдралын хүнд шалгуур, тэр дундаа үхэл сэхлийн зааг л намайг эрүүл оршихуй, амьдралын үнэ цэнийг ахин бодоход хүргэсэн. Тэр үед би 17 настай байсан. Дөнгөж 17 настай охиноо алдчих гээд аргаа барж байсан аав, ээжийнхээ сэтгэлийг эх хүн болсон хойноо би илүү ойлгосон. Үе, үе ухаан ороод нүдээ нээхэд аав ээж минь эмнэлгийн хүйтэн шалан дээр сонин дэвсээд хажууд минь сууж байдагсан. Бүтэн жилийн турш эмнэлэгт өнгөрөөсөн хүйтэн, хэзээ ч мартагдахгүй тэр дүр зураг намайг эрүүл хүн болохын төлөөх замд хөтөлж, тэр хоёроосоо өмнө хорвоогоос явж болохгүй хариуцлагыг ясанд минь суулгасан юм даа.

Хүмүүст багшлахын хувьд бол өөрийн сурч мэдсэн зүйлийг хэлээч, зааж өгөөч гэсэн хүмүүсийн хүсэлт байсан юм. Миний хамгийн анхны олны танил шавь бол дуучин Т.Ариунаа. Би түүнд гэрээрээ хоол хүнсний учрыг хэлж өгч, “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийхэд түүний хүссэн биеийг бүтээхэд тусалж байлаа. Энэ үеэс л сонин хэвлэлүүд бага сагаар бичиж сонирхох болсон гэж боддог.

-Анужин гэдэг нэгэн давтагдашгүй, өнгөц ойлгоход бэрх ертөнцийг нээх гэж оролдохдоо ярилцлагын ширээний ард таныг урьсан. Бүсгүй хүн талаасаа эрхэмсэг төрх бүхий, нийгмийн талаасаа амжилттай яваа, үүнээс үүдэлтэй ч юм уу, элдэв хар хор, дуулиан шуугиан, хов жив дунд хөвж яваа эмэгтэйг би харж байна. Товчхондоо Анужин гэдэг ертөнцийг бүрдүүлсэн зүйл нь юу юм бол? Та юу гэж боддог вэ?

-Би өөрийгөө эрхэмсэг ч юм уу, ихэмсэг бүсгүй гэж боддоггүй. Харагдах төрх тийм байж болох юм. Хэрэв тийм бол эдгээр нь байгалийн өгөгдөл, мөн тээр холоос өвөг дээдсийн үеэс улбаатай хувь тавилан цус, яс нэгтгэж намайг төрүүлсэн ээж, аавын минь буян байх. Сүүлийн үед өөрийнхөө үүх түүхийг маш нарийн судалж байна. Удам сударт маань ижий талаасаа бичиг соёлыг Монголын түүхэнд дэлгэрүүлж явсан эмэгтэйчүүд олонтой юм байна. Эндээс ойлгосон зүйл маань хүн гэгч оршихуй гэнэт нэг юмнаас тасраад гараад ирдэггүй юм байна л даа. Маш олон зүйлийн, маш олон учрал тохиолын нийлбэр, үр дүн байдаг юм байна. Харин намайг төлөвшихөд нөлөөлсөн хэд хэдэн чухал үеүд байдаг. Юун түрүүн, миний гайхамшигтай аав. Дараагийн төлөвшилд минь гүн нөлөөлсөн зүйл бол хүндээр өвдсөн явдал. Бүтэн жилийг эмнэлэгт өнгөрүүлсний дараа гэртээ гараад толинд харахдаа би өөрийгөө таниагүй. Жин 90 кг дөхсөн, нүүр битүү сэвх, нүд маань наашаа бүлтэрчихсэн….( чимээгүй болов) Юун хайр сэтгэл, юун гэгэлзэж дэнслэх. 16-хан хоногийн дотор буруу эмчилгээ хийлгэхэд л хүн үхэж болдог юм байна лээ. Ийм их донсолгоон дунд миний цэл залуу нас эхэлсэн юм. Энэ л үедээ амьдралын үнэ цэнэ, гоо үзэсгэлэнгийн талаарх бодол минь өөрчлөгдөж, илүүтэй хэрсүүжсэн гэх үү дээ. Есдүгээр сарын 1-ний тэр өдөр нэгдүгээр эмнэлгийн цонхоор харан уйлж зогсохдоо “Ану, чи хараач, урт хүзүүтэй, гоё хөлтэй эмэгтэй хүн үзэсгэлэнтэй гэж боддог байсан. Гэтэл час улаан хацартай эрүүл саруул тэр охин жинхэнэ гоо үзэсгэлэнтэй юм байна” гэж өөртөө хэлж байсан. Ингэж ихэнх залуу хүнийхээс урвуу эхэлсэн залуу нас маань намайг өөрийн эрхгүй амьдралд хайртай болгож бас үеийнхэнтэйгээ ойлголцоход бэрх болгож орхисон юм болов уу.

Төлөвшилд маань нөлөөлсөн дараагийн чухал зүйл бол соёлын эсрэг тэсрэг туйл болсон хоёр улсад суралцаж, амьдарсан явдал байсан гэж боддог. Эхлээд Японд оюутан болж очлоо. Японы төлөв даруу, дотогшоо, өөрийгөө дарж, бусад нь юу гэх бол, бусад нь юу гэж бодож байгаа бол гэж нийгмээс хэт хамааралтай амьдардаг, хүнийг хайрцаганд хийчихдэг соёлын нөлөө надад хүчтэй нөлөөлсөн. Дараа нь азаар ч юм уу, хувь тавилангаар ч юм уу, Америкт суралцах боломж олдлоо. Детройтод буучихаад би эгчдээ “Миний тархинд байсан хоёр боолт таг таг гээд тайлагдаад уначихлаа” гэж хэлсэн гэдэг. Одоо бодоход бараг афоризм шиг үг хэлчихэж гэж инээдэм болгодог юм. Хүн нээлттэй байх, өөрөөрөө амьдрахыг эндээс суралцсан. Үнэхээр эсрэг тэсрэгийн туйл болсон хоёр орон шүү. Япон бол бүлгийн сэтгэхүйтэй улс. Гэтэл Америк индивудал оршихуйг дээдэлдэг улс. Ийм эсрэг тэсрэг хоёр соёлын дунд миний бие хүн, дотоод ертөнц төлөвшсөн болохоор нийтлэг монголчуудын хувьд зарим талаараа ойлгомжгүй, дотогшоо ч юм шиг, тэгсэн хэрнээ нээлттэй ч юм шиг сонин санагддаг байж болох. Би ч үүнийгээ өөрөө анзаардаг.

Ярилцсан М.Уранчимэг

Эх сурвалж: Гранд сэтгүүл

Холбоотой мэдээ