Б.БИНДЭРЪЯА: ШИНЭЭР ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧИД ЗӨВ СУРГУУЛЬД ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙГ СОНГОН СУРАЛЦАХАД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

2020-11-30 104 0

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт болж, их, дээд сургуулиудын элсэлтийн шалтгалт болж өнгөрсөн. Их, дээд сургуульд шинээр элсэн суралцахаар болсон оюутнууд Боловсролын зээлийн сангийн талаарх мэдээллийг сонирхож байгаа тул бид Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Биндэръяагаас дараах тодруулгыг авлаа.
Боловсролын зээлийн сангийн талаар оюутнууд болоод эцэг эхчүүдийн ойлголт янз бүр байна. Та уг сангийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.13, 6.4.6, 16.4, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас сургалтын төрийн санг “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлилсөн. 2012 оны 19 дүгээр тогтоол хүчингүй болсон.

Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид зохих журмын дагуу санхүүгийн дэмжлэг, суралцагчийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулах зорилготой юм.

Тодруулбал, Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус сургалтын төлбөр, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг олгох юм.

Ямар оюутнууд уг тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой вэ?

Тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг нь дотроо хэд хэдэн төрөлтэй байгаа.

Үндэсний тэтгэлэг гэж бий. Уг тэтгэлэгт хамрагдахын тулд хамгийн эхэнд тухайн суралцагч сурах сургуулиа зөв сонгох нь чухал. Тухайлбал, суралцагчид тэтгэлэг олгох дээд боловсролын сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар аттестатчилагдсан байх, нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх, төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх, оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх, удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх, сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байхыг Боловсролын зээлийн сангаас шаарддаг. Тэгэхээр тухайн оюутан өөрийн суралцахаар сонгосон сургуулийнхаа дээрх шаардлага хангасан эсэхийг мэдэх хэрэгтэй.

Мэдээжийн хэрэг тухайн тэтгэлэг хүссэн диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид элсэлтийн журмын шаардлагыг ханган элссэн өдрийн ангийн суралцагч байх, хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх, хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 3.0-аас доошгүй үнэлэгдсэн байх шаардлагыг хангаж байж тэтгэлэгт хамрагдана.

Харин магистр, докторын хөтөлбөрт суралцагчдад үндэсний тэтгэлгийг олгохдоо магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн нь 3.2-оос доошгүй байх, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн нь 3.5-аас доошгүй байх, хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байхыг шаарддаг.

Үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байхаар холбогдох журамд заасан байгаа.

Мөн урамшууллын тэтгэлэг гэж бий.

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгохоор болсон. Шаардлага хангасан суралцагчид урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс хувиар тооцон нэмж олгоно. Тухайн улирлын урамшууллын тэтгэлгийг өмнөх улирлын голч дүнг харгалзан олгоно.

Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноотой шинээр элсэгчид, 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн, 3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчид 75 хувийн, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн шинээр элсэгчид эхний хичээлийн жилд 100 хувийн урамшууллын тэтгэлгийг диплом, бакалаврын хөтөлбөрт суралцагчдад олгох юм.

Харин магистр, докторын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгохдоо 3.8-аас дээш голч дүнтэй суралцсан өдрийн ангийн магистрант, докторантад 75 хувиар, хөндлөнгийн хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгээс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн магистрант, докторантад 100 хувиар тооцож олгоно. Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

Ар гэрийн асуудалтай боловч сурах эрмэлзэлтэй, голч дүн өндөр хүүхдүүд олон бий. Тэдэнд зориулсан төлбөрийн зээлийн асуудал бий юу?

Мэдээж байгаа. Энэ төрлийн оюутнууд сургалтын төлбөр болон амьжиргааны зардалд хамрагдах боломжтой.

Энд бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнийг хамруулахаар заасан байдаг.
Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь, нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн сургалтын төлбөрийг олгох юм.

Харин дараах суралцагчид амьжиргааны зардал олгоно.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн, багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардлыг олгох юм. Сургалтын төлбөр, амьжиргааны зардлын хэмжээг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтоохоор байна.

Тэргүүлэх ач холбогдолтой ажил, мэргэжлийн тухай таны ярианд дурдагдлаа. Ямар мэргэжлийг тэргүүлэх ангилалд хамруулан ойлгох вэ?

Уг мэргэжлийг илүү ойлгомжтой болгох үүднээс хүснэгтээр хүргүүлсэн нь дээр болов уу. Монгол Улсын Засгийн газраас дараах мэргэжлүүдийг тэргүүлэх чиглэл болгож, баталсан байдаг.
Дээрх шаардлагыг хангасан суралцагч ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч), боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг, суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт, суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ