Хүүк ах шигээ бай Оюун-Эрдэнэ ээ: ЗГ-ын авчирч, иргэддээ тарьсан вакцинаас болж амиа алдсан иргэдийнхээ өмнө хариуцлагаа хүлээ

2021-05-13 473 0

МАН энэ дөрвөн жилийн хугацаанд төрийн эрхийг барихдаа хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай байхаа мэдэгдэж, намын дарга У.Хүрэлсүх шинэ жишиг тогтоосон. Амаржсан эхийг өвлийн хүйтэнд халаад, углааштай гаргасан ХӨСҮТ, амаржих газрын эмч, сувилагч нарын өмнөөс хариуцлага хүлээж, Засгийн газраа бүрэлдэхүүнээр нь огцруулж, дараагийн Засгийн газраа эмхлэн байгуулсан билээ. Ингээд шинэ Засгийн газар бүрэлдээд ердөө 104 хонож байна.


МАН, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн эхлүүлсэн хариуцлагаа эр зоригтойгоор хүлээх шинэ жишиг үнэхээр энэ намынханд үе дамжин хэрэгжих ёстой гэж үзвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт огцрох мянган шалтгаан бүрдчихлээ. Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш олон ч удаа хэлсэн амнаасаа буцаж, хийсэн ажил нь үр дүнд хүрсэнгүй. Үүний нэг томоохон жишээ нь, цар тахлын эрсдэлийг хурдан хугацаанд даван туулж, иргэдээ вакцинжуулна гэх амлалт байв. Гэтэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдгийг үлгэрээр оров бололтой. Засгийн газрын байгаа оноогүй, хариуцлагагүй шийдвэрээс болж, иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь харамсалтай.

Дөрөвхөн хоногийн өмнө нялх үрээ хөхүүлээд инээмсэглээд сууж байсан цэл залуухан, эрүүл саруул биетэй дөрвөн хүүхдийн ээж өнөөдөр хүүхдүүддээ хэзээ ч дахин ирэхээргүй нарт хорвоогоос буцчихлаа. Тодруулбал, тавдугаар сарын 9-нд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн эмэгтэй нэг хоногийн дараа буюу тавдугаар сарын 10-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар талийгаачийн охин Ш.Нандиндулам өөрийн цахим хаягтаа бичиж нийтэлснээр олонд ил болсон билээ. Тэрбээр “Миний ээж тавдугаар сарын 9-нд БНХАУ-ын вакцины нэгдүгээр тунг тариулсан. Гэтэл тавдугаар сарын 10-ны 21:40 цагийн үед бурхан болчихлоо. Ээж минь 44 настай бөгөөд амаржаад удаагүй байсан. Миний нялх дүү төрөөд дөнгөж 40 хонож байна. Ээжид минь вакцин хийсэн эмч “Төрөөд нэг сар болсон бол вакцин хийж болно” гэж хэлсэн юм билээ. Гэтэл миний ээж ганцхан хоногийн дараа өлгийтэй үрээ орхиод үүрд биднээс явчихлаа. Бид маш их гомдолтой байна. Олон хүүхэд өнчрөөд үлдэж байхад сайд дарга нар энэ хэргийг нууж байна” хэмээн бичсэн юм.
Талийгаач эмэгтэй нөхөр, дөрвөн хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэгт амьдардаг, ямар нэг суурь өвчингүй вакцин хийлгэхээс өмнө бие нь өвдөж байгаагүй гэдгийг ч охин мэдээлсэн юм.

Вакцин хийж эхэлснээс хойш зуурдаар амиа алдсан хэрэг зөвхөн үүгээр ч тогтохгүй олон бий. Тодруулбал, Увс аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид дөрөвдүгээр сарын 7-нд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунг вакцин тариулсны дараа хэд хэдэн алба хаагчид хариу урвал илэрсэн. Тэд өндөр хэмтэй халуурч, хоёр алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар талийгаачийн ар гэрээс “33 настай, эрүүл чийрэг биетэй, цагдаагийн байгууллагад 10 гаруй жил ажилласан хүн БНХАУ-д үйлдвэрлэсэн Виросел вакцин хийлгэснийхээ дараа биед нь хариу урвал илэрсэн. Улмаар Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирээд удалгүй нас барсан. Талийгаачийн минь бие дээр “Ковидтой цогцос” гэж бичээд, уутанд баглаад шүүх шинжилгээний хүрээлэн рүү хүргүүлсэн байна лээ. Бид ХӨСҮТ рүү уушгины дээжийг нь явуулж, задлан шинжилгээнд оруулж, цогцсыг нь авсан. Талийгаачийг амьд байхад хэд хэдэн удаа ковидын шинжилгээ авахад халдвар илрээгүй” хэмээн мэдээлсэн билээ.
Түүнчлэн эмнэлгийн байгууллагын сувилагч эмэгтэй БНХАУ-ын вакцин хийлгээд хөл нь мэдээгүй болсон талаар цахим орчинд мэдээлэл хийж байсан. Энэ мэт вакцины сөрөг урвалын нөлөөгөөр иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байхад Засгийн газрын гишүүдээс нэг нь ч тайлбар хийсэнгүй.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх “Вакцинжуулалт бол сайн дурын үндсэн дээр хийгдэх ажил” хэмээн өөрийн амаар мэдэгдчихсэн хэр нь вакцин хийлгээгүй иргэдээ гадуурхаж эхэлсэн. Төрийн байгууллага, үйлчилгээний газруудаар явах эрхээ хязгаарлуулж, халамж дэмжлэгээсээ хасуулах дээрээ тулсан иргэд ийн албан шахалтаар вакцинд хамрагдаж, амиа алдсаар буй.


Хэрэв зээ хэлсэндээ хүрдэг, хийсэн алдаандаа хариуцлагатай ханддаг бол Ерөнхий сайд та чаддаг, мэддэг хүмүүст нь хүлээлгэж өгмөөр байна. Амаржсан эхийг углааш, халаадтай зөөвөрлөснийх нь төлөө өмнөх Ерөнхий сайд хариуцлага хүлээж, эрх мэдлээ хүлээлгэж шиг эрүүл саруул биетэй, цэл залуухан иргэд нь вакцин хийлгэснийхээ дараа амиа алдаж байгаа үйлдэлд хариуцлага хүлээе, Ерөнхий сайд аа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та “Өмнөх Засгийн газрынхаа залгамж халаа болж, хийсэн ажлыг нь үргэлжлүүлнэ. Хариуцлагатай байхаа мэдэгдэж байна. Чихэр шиг амттай үг хэлэхгүй , давс мэт шорвог хэдий ч Монгол Улсын ирээдүйн төлөө дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллана” хэмээн чуулганы индэр дээрээс хэлсэн үгнийхээ эзэн болж, таны Засгийн газрын авчирч, иргэддээ тарьсан вакцины нөлөөгөөр амиа алдсан иргэдийнхээ төлөө хариуцлагаа хүлээнэ үү.

Холбоотой мэдээ