Өндрөөс унаж амиа алдсан сувилагч Э “Шингэн зүйл ууж, бие засаж болохгүй байна” гэж байжээ

2021-05-21 1975 0
Shares

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас сувилагч эмэгтэй унаж, харамсалтайгаар ам.иа алдсан хэрэг дөрөвдүгээр сарын 29-нд гарсан билээ.Түүний хүү, охин хоёр ээжийгээ удахгүй ирнэ гэдэгт итгэж, хүлээсээр байгаа гэдгийг сонсох хамгийн уйтай. 12 настай хүү нь болсон явдлыг ойлгож байгаа ч найман настай балчир охин нь ээжийнхээ хувцсыг өмсөж, хоног тоолон хүлээсээр байгаа гэнэ.

-Талийгаач улаан бүсэд хоёр дахь удаагаа тусгаарлагдаж, ажиллаж байсан юм уу?

-Миний охин тухайн үед ээлжийн амралтаа авчихсан байсан юм. УНТЭ-т коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж эхлээд эмч, сувилагчаа ээлж болгож хуваасан юм билээ. Талийгаач минь улаан бүсэд эмнэлгийнхээ хоёрдугаар ээлжид буюу анх удаа тусгаарлагдан ажиллаж байсан. Тухайн өдөр 20:00-03:00 цаг хүртэл ээлжээр ажиллах байсан юм билээ. Хүн ардын эрүүл мэндийн төлөө ажилладаг хүн учраас тусгаарлагдаж ажиллахдаа дуртай нь аргагүй явсан. Би ч ”Тэгэлгүй яах вэ. Олон түмэнд чадах бүхнээрээ тусал. Чи мэргэжлийн хүн” гэж хэлээд явуулсан. Гэтэл гурван хоногийн дараа л ийм харамсалтай хэрэг болчихлоо. Хэрэг гардаг шөнө цагдаагийн байгууллагаас бидэнд мэдэгдэж, очсон. Хэргийн талаар үнэхээр юу ч мэдэхгүй байна. Гэнэт л ийм зүйл болчихлоо. Уг нь амралтаа аваад, хөдөө явахаар төлөвлөөд байсан юм. Тэгээд хөл хорио тогтоосны улмаас явж чадаагүй.

-Та охинтойгоо хамт байсан эмч, сувилагч нартай уулзсан уу?

-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас охины минь хэргийг шалгаж байгаа. Мөрдөн шалгаж байгаа байцаагч нь гэрчүүдээс мэдүүлэг авсан гэсэн. Тэгээд 7-14 хоног тусгаарлагдаж, ажилдаа орсон байна лээ. Улаан бүс рүү нэвтэрсэн учраас тусгаарлагдсан гэсэн. Хамт байсан сувилагч, эмч нартай нь уулзаагүй. Уулзаад ч бид яах билээ дээ. Цагдаагийн байгууллагаас шалгаад, хэргийг бидэнд танилцуулах байх.

-Талийгаач юунаас болж ийм үйлдэл хийсэн гэж та бүхэн бодож байгаа вэ?

-Цочролд орсон байх гэж бодож байгаа. Хэрэг гардаг өдөр гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярихдаа сэтгэл санаа нь хэвийн байсан. Харин “Тусгаарлалтын хувцас нь маш хэцүү байна. Шингэн зүйл ууж, бие засаж болохгүй байна” гэж ярьж байсан. Мөн ”Энд эмчлүүлж байгаа хүнд өвчтөнүүдийн аманд нь юм хийгээд өгмөөр өрөвдөлтэй харагдаж байна. Зарим хүн ”Хөл, гар барьж өгөөч” гуйгаад байх юм” гэж ярьсан. Би ”Хөлс нь их гарч байвал миний охин тураад гэртээ ирэх нь дээ” гэж хэлээд утсаа салгасан. Манай хүүхдүүд хэлэхдээ цагдаагийн байгууллагаас ”Талийгаач руу өвчтөн өөдөөс нь юм шидсэн”’ гэж ярьсан гэсэн. Чухам үнэн эсэхийг мэдэхгүй.

-Хоёр хүүхэд нь ямар байдалтай байна вэ?

-Яах вэ бид гурав байж л байна. Том хүү нь бүх зүйлийг ойлгож, мэдэж байгаа. Харин охин нь ээжийнхээ хувцсыг өмсөөд, үгүйлээд байх шиг байна. Ямар ч гэсэн хоёр хүүхдийг нь сайн хүн болгож өсгөх юм сан гэж бодож сууна.

-Талийгаачийг их хэмжээний өртэй байсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн болов уу?

-Тийм зүйл байхгүй. Цалингийн зээл ч үгүй байсан. Миний охин чинь сайн ажиллаж байсан юм билээ. Энэ бүгдийг өнгөрснийх нь дараа хамт олноос нь мэдсэн. Ажиллаж байсан эмнэлэг бүрээс нь эмгэнэл илэрхийлсэн. Насаараа л мэргэжилдээ үнэнч ажилласан даа. Улаан бүсэд ажиллавал авах цалин хэмжээ нь ч боломжийн гэсэн утгатай юм ярьж байсан.

-Талийгаачийн бие нь өвддөг байсан уу?

-Үгүй ээ. Бөөр нь л заримдаа өвддөг байсан.

-Таны охин ямар хүн байсан бэ?

-Хүн өөрийнхөө үр хүүхдийг муу муухай байсан гэж хэнд ч хэлэхгүй. Миний охин аядуу зөөлөн л хүн байсан даа.

-Охиныхоо гар утсыг авсан уу. Хамгийн сүүлд хэнтэй ярьсан бол?

-Байцаагчид гар утас нь байгаа. Ээлжинд гарахынхаа өмнө эгч, дүү нартайгаа ярьсан байна лээ.

ergelt.mn

Shares

Холбоотой мэдээ