Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 15 болгох саналыг дэмжиж байгаа түгээ

2021-05-21 457 0
Shares

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувийг 15 хувь болгох тухай судалж байгаа талаар БXБСайд Б.Мөнхбаатар мэдээлсэн. Тодруулбал, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн 15 хувийг Зээлийн батлан даалтын сан хариуцаж, үлдсэн 15 хувийг иргэн өөрөө төлөх юм. Хэрэв уг санал, шийдвэр хэрэгжвэл иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж нэмэгдэнэ. Гэвч уг зээлийг дагаад эрэлт нэмэгдсэнээр орон сууцны үнэ өсдөг. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн өсөлтийн хамгийн гол шалтгаан бол ипотекийн зээл байдаг.

Эдийн засагч Л.ОЮУН: Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 15 хувь болгох бүрэн боломжтой

-Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 15 хувь болгохоор судалж байгаа талаар өчигдөр Барилга хот байгуулалтын сайд мэдээлсэн. Энэ тухайд эдийн засагч хүний хувьд ямар байрь суурьтай байна вэ?

-Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 15 хувь болгох бүрэн боломжтой. Энэ бол чухал асуудал. Харин зарим нэг зүйл дээр анхаарах юм бий. Тодруулбал, Засгийн газар хөрс болон агаарын бохирдлыг арилгах, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, яндангийн тоог цөөлөх зэрэг томоохон асуудлыг шийдвэрлэх үүрэг, зорилготой явсаар өдийг хүрсэн. Тэгэхээр ипотекийн зээлийн энэ шийдвэрийн хэрэгжилтийг дээрх асуудлуудтай уялдуулж байж нүдээ олсон шийдвэр болно. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн орон сууцтай хүн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 15 хувь болмогц дахин орон сууц авах магадлал өндөр. Хэдийн тухайн хүний эрх ч гэлээ энэ хөнгөлөлт хүрэх ёстой хүндээ очих нь зөв.

-Ипотекийн зээлийн нэг сул тал нь орон сууцны үнийг хөөрөгддөг. Тэгэхээр урьдчилгаа төлбөр 15 хувь болсноор орон сууцны үнэ өсвөл уг шийдвэр бодит хөнгөлөлт болж чадах уу?

-Орон сууцны компаниудын ёс зүй энэ хөнгөлөлт дээр харагдана. Улс орныхоо томоохон асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцох уу, эсвэл ашгаа бодох уу гэдэг асуудал яригдана. Тиймээс энэ асуудалд томоохон компаниуд ёс зүйтэй хандах хэрэгтэй. Орон сууцаа борлуулах гэж байгаа хүмүүс “Өө ашгүй, ипотекийн зээлээр олгох орон сууцны санхүүжилт нь бэлэн байгаа юм байна” гээд үнээ нэмээд байвал улс орондоо “чөдөр, тушаа” болно шүү дээ.

-Орон сууцны үнэ хөөрөгдөх тухай асуудалд төр засгаас хэрхэн анхаарах ёстой вэ?

-Барилгын компаниудтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурах гэх мэтээр үнэ хөөрөгдөх асуудлаас урьдчилан сэргийлж болно. Мөн орон сууцны урьдчилгаа төлөх чадваргүй залуу гэр бүл болон гэр хорооллын иргэд энэ хөтөлбөрт хамрагдвал ийм хөнгөлөлт үзүүлнэ гэх мэтээр иргэдийг тэгш хамруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол агаар, хөрсний бохирдол нэмэгдэх зэрэг томоохон асуудал шийдэгдэхгүй байсаар л байна. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 15 болгох асуудлыг тодорхой зорилготойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй.

Shares

Холбоотой мэдээ