Барьцаа хөрөнгөтэй гэдгээр нь орон сууцтай иргэдэд ипотекийн зээл олгосоор ирснийг таслан зогсоох цаг нь болсон

2021-05-23 472 2

Монгол улсын засгийн газраас хотын түгжрэл, утааны асуудлыг шийдэх хамгийн зөв зам бол гэр хорооллын иргэдийг орон сууцанд оруулах. Тиймээс эхний ээлжинд зөвхөн гэр хорооллоос байранд орох иргэдэд ипотекийн зээл олгоно гэдэг зарчмыг хатуу баримталж ажиллахаар боллоо.

Урьд нь ипотекийн зээлийн шалгуур өндөр, ихэвчлэн орон сууцтай, барьцаа хөрөнгөтэй иргэд давхар хамрагдаж гол сегмент буюу гэр хорооллынхон бахь байдгаараа нүүрсээ, сайжруулсан түлшээ түлээд хотын утаа хэвээр байсаар ирлээ. Энэ асуудлыг хамгийн үр дүнтэй шийдэх гарц нь гэр хорооллыг багасгах юм. Оюун-Эрдэнийн засгийн газар дорвитойхон шийдвэр гаргасанд гэр хорооллын олон зуун мянган иргэд талархалтай хүлээж аваад байна. Гол нь ипотекийн зээл олгодог банкууд өмнөх шигээ ажиллавал энэ ажил хэрэгжихгүй нь тодорхой. Тиймээс Засгийн газрын зүгээс зээл олголтод хатуу хяналт тавьж яг гэр хорооллын иргэдээ орон сууцжуулаад эхэлбэл ирэх жилээс утаагүй Улаанбаатар болох сайхан ирээдүй биднийг хүлээж байна. Нийслэл Улаанбаатарт ашиглалтанд ороод эзнээ хүлээсэн хэдэн арван мянган байр байгаа бөгөөд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг төлөх чадвартай гэр хорооллын иргэд тун цөөн, тэдний орлого бага байдагтай шууд хамааралтай байдаг.

Иймээс зээлийн батлан даалтын сангаас 15 хувийг нь даагаад иргэд авах орон сууцныхаа 15 хувийг л төлчихвөл орон сууцандаа орж болох гарцыг Засгийн газар шийдэхээр болоод байгаа. Мөн зээл олголт дээр зээл гаргаж буй банкны ажилтнууд хахууль аваад барьцаа хөрөнгөтэй гэдгээр нь орон сууцтай иргэдийг сонгоод сурчихсан гаж тогтолцоог халах цаг нь нэгэнт болжээ.

 

Тэгвэл дундаж орлоготой гэр хорооллын өрх урьдчилгаа 15 хувийг төлөх бүрэн боломжтойг судалгаа харуулаад байгаа аж. Иймээс гэр хорооллын иргэдээ бодсон энэ шийдвэр ажил хэрэг болоход нь Оюун-Эрдэнийн засгийн газарт ташуур өгч амжилт хүсье.

Холбоотой мэдээ