Х.ӨЛЗИЙНЯМ: АНХНЫ ТАЙЛАН ТОГЛОЛТОО ӨӨРИЙНХӨӨ ЭРХЭМ БҮХЭНД ЗОРИУЛСАН

2020-11-30 370 0

Хонгор нутаг эртнээс нааш соёл, урлагийн алдартан цуутан олонтой. Өв, соёлын арвин их уламжлалтай. Тэрхүү баялаг түүх аймгийн ХДТ хэмээх их айлаас ундарч, олон арван авъяаслаг уран бүтээлчид төрөн гарч, урлагт хайртай түмэндээ дуу хуураа түгээсээр байгаа билээ. Бид энэ удаа аймгийн ХДТ-ын дуучин, МУСТА Х.Өлзийнямтай анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхийн өмнө уулзаж, ярилцлаа. Түүний “Эрхэмлэе” тайлан тоглолт энэ сарын 27-ны 19:00 цагаас аймгийн ХДТ-д болно. Мөн 28-наас эхлэн аймгийн бүх сумдад болох аж.

Арын хаалгагүй, авьяас чадвараараа танигдаж, амжилтад хүрдэг салбар бол урлаг. Урлагийн хүн болох замаа хэзээ анх сонгосон бэ?

Аавын талынхан бүгд дуучин хүмүүс гэж хэлж болно. Аав, ээж хоёр СТА. Аав Баацагаан сумын соёлын төвд 20 гаруй жил, ээж номын санд мөн л 20 гаруй жил ажилласан. Аавын эгч, дүү бас соёлын байгууллагад олон жил ажилласан СТА хүмүүс бий. Аавын эгч Мөнхцэцэг, дүү Баянбилэг гээд бүгд соёлын төвийн эрхлэгчээр ажилласан, сайхан дуулдаг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн нөлөө, гэр бүлийн орчин гээд бүх л зүйл намайг багаас урлагт чиглүүлсэн гэхэд болно.

Би цэцэрлэгт байхаасаа эхэлж дуулсан. Ч.Лхамсүрэн гуайн “Маамуу нааш ир” тэмцээнээс эхлээд уралдаан тэмцээнд их ордог. Орсон тэмцээндээ түрүүлдэг байлаа. Тэр утгаараа би ч СУИС-д орно гээд шийдчихсэн. Гэтэл гэр бүлээрээ соёл, урлагийн салбарт ажиллаж, амьдралаа холбосон болохоор аав, ээж хоёр намайг эмч, эсвэл багш болгоно гэж ярьдаг байлаа.

Намайг конкурс өгдөг жил СУИС-ийн ганцхан хуваарь ирсэн. Тэрийгээ ч авсан. Гэтэл аав, ээж хоёр өөр сургуульд орох ёстой гэж үзээд ахиад амлагаанд ор гэдэг юм байна. Тухайн үед би орсон, гэхдээ хувийн сургуульд л орох байна гэж худлаа хэлээд өөр сургуулийн амлагаанд ч ороогүй. Эргэлт буцалтгүй СУИС-д орохоор шийдсэн. Ингээд 2008 онд СУИС-ийн уртын дуулаачийн ангид элсэн орж, таван жил суралцсан.
СУИС-д хэн гэдэг багш дээр суралцаж байв. Оюутан үеийн дурсамжаасаа хуваалцаач?

Миний мэргэжлийн багш МУГЖ Цогтсайхан гэж монголын сайхан бүсгүй байлаа. Би хэдийгээр уртын дуулаачийн ангид тэнцэж орсон боловч чухам уртын дуу гэж юу билээ, яаж дуулах ёстой вэ гээд сайн ойлголтгүй л нэгдүгээр курстээ орж байлаа. Тийм ч учраас эхнээс нь цэгцтэй, зөв сурах, өөрийн гэсэн хэв маяг, донжийг бий болгох, уламжлалт дуулалтын арга, техник эзэмших, нутаг нутгийн ая дан, хөг айзмын онцлог, ялгааг гаргах гээд Цогоо багшийнхаа заасан бүхнийг өөрийн болгоход таван жилийг зарцуулсан даа.
Та бүхний төгсөж байсан цаг үед залуу уран бүтээлчид орон нутагтаа ирэх нь тийм ч элбэг байгаагүй. Аймагтаа ирнэ гэдэг шийдвэрийг яагаад гаргах болов?

Намайг гуравдугаар курст байхад Үндэсний урлагийн их театрт дуучин авах шалгаруулалтад Цогоо багшийн зөвлөснөөр оролцсон юм. Шалгаруулалтад маш өндөр оноо авсан. Гэтэл гуравдугаар курсын оюутан байсан учраас тухайн жилдээ ажиллах боломжгүй байлаа. Гэхдээ ийм чадвартай дуучин байна шүү гэдгээ таниулж чадсан болов уу. Төгсөх жил ажиллах санал ирсэн. Тухайн үед нутаг руугаа явах, аав, ээж дээрээ очих нь л сайхан санагдаад зөрүүдэлсээр байгаад аймагтаа ирчихсэн.

Орон нутагтаа ирж ажилласан нь зөв байжээ гэж боддог уу, эсвэл буруу юм шиг санагддаг уу?

Буруу шийдвэр байгаагүй. Манай ХДТ-ын үе үеийн уран бүтээлчид халуун ам бүлдээ намайг тосоод л авсан. Тэднээсээ суралцах, хамт олон дунд төлөвших гээд амьдралын маш сайхан түүхийг бүтээж байна шүү дээ. Нөгөө талаар орон нутгийн театрт ажиллах өөрөө маш олон давуу талтай. Уран бүтээлчийнхээ хувьд бүх талаар өөрийгөө сорьж, хөгжүүлж байна. Дан ганц уртын дуу дуулах биш, дуулаачийн бүхий л төрлөөр дуулж байна. Дуурийн дуулаачаар дууллаа. Сүүлд “Эрдэнэ тээлийн уянга” дуурийн гол дүр Дантегийн дүрд тоглосон. Уран бүтээл өөрийн төрөх, түүнийг олон нийт хүлээж авах, дуучны хувьд мэдэрч дуулах тус тусын цаг хугацаатай байдаг юм шиг санагддаг.
Хувийн уран бүтээлээ ч энэ хугацаанд орхилгүй, хэд хэдэн дууг дуулж, эхнээс нь дүрсжүүллээ. Баацагаан сумын Бөөн цагаан нуурын тухай “Цагаан нуурын уянга”, эмээгийн маань төрсөн ахын зохиосон шүлгэнд СТА Батжаргал багшаараа ая зохиолгож, ханьдаа зориулж “Эрхэмлэе”, ээжийн тухай “Дэлхий энтэй жаргал”, хайрын тухай “Чамаар дутах хайр” гээд олон сайхан дуу гаргалаа.

Таны анхны бие даасан тоглолт болоход цөөн хоног үлдлээ. Тоглолтын нэрээ хэрхэн сонгосон бэ?

Урлагийн амьдралыг сонгосон хүний хувьд дуулсан дуу бүхэн миний хувьд эрхэм. Дуулж л явбал аз жаргалтай болдог. Дуугаар өөрийнхөө дотоод сэтгэл, мөн чанарыг илэрхийлдэг. Дуучны амьдралдаа талархаж, энэ амьдралд надтай учирсан аав ээж, хань ижил, найз нөхөд, хамт олон гээд хүн бүхэнд талархалтай хандаж, сайн сайхныг хүсч явдаг. Тийм ч учраас өөрийнхөө эрхэм бүхнийг сэтгэлдээ бодож анхны тоглолтоо “Эрхэмлэе” гэж дууныхаа нэрээр нэрлэсэн. Ер нь анхны тоглолтоо өөрийнхөө эрхэм бүхэнд зориулах нь зүйн хэрэг шүү дээ. Энд хонгор сайхан нутаг, энэ нутгийн хүн зон, бидний түүх, өнөөдрийн хөгжил цэцэглэлт, маргаашийн гэрэлтэй ирээдүй гээд бүх зүйл багтаж байгаа юм.

Холбоотой мэдээ