Түүнд уянгалаг дуу хоолой, гоо үзэсгэлэн, эрдэм боловсрол бүгд бий…

2021-06-04 224 0

Энэ удаад бидний онцлох хүн бол залуу артист Амраа. Уран бүтээлчдийн хамгийн их ач холбогдол өгдөг гоёмсог сүржин нэр ч түүнд таалагдаагүй бололтой, зүгээр л Амраа нэрээ сонгосон нь  бүсгүйн даруу зангийн илрэл гэлтэй.

Эгээ л загвар өмсөгч шиг бие галбиртай Амрааг Take me there дууг дуулж олны хараанд өртсөн болоод ч тэр үү Минтийн артист гэж үзэгч сонсогчид андуурдаг. Түүний Man on the Moon-тэй хамтарсан “Free your mind”, “Never” дуу нь хэдэн сарын турш Монголын чартуудыг тэргүүлж, өөрийн дуу хоолой, өнгө төрхийг таниулсан билээ.

Амраа дунд сургуульд байхаасаа англи хэлд шамдан суралцсан бөгөөд тухайн үед АНУ-ын Элчин сайдын яамнаас зарласан Access Microscholarship хөтөлбөрт тэнцээд, хоёр жилийн тэтгэлэг авсан нь англи хэлэнд улам шунан дурлахад хүргэсэн гэдэг.

Дууны үгээ өөрөө тэр тусмаа англи хэлээр зохиодог угаас бичих туурвих авьяастайг нь блогоос нь бэлхнээ харж болно.

СЭЗДС-ийг санхүүгийн шинжээч мэргэжлээр төгссөн Амраа Голомт банкинд байгууллага хариуцсан менежерээр хоёр жил хагас, дараа нь олон улсын аудитын төсөл дээр хагас жил ажиллажээ. Японд бизнесийн удирдлагаар магистерийн зэрэг хамгаалсан тэрээр мэргэжилдээ дуртай. Дуу хөгжим, мэргэжил хоёрынхоо алинд нь өөрийгөө зориулахаа шийдэж ядан тээнэгэлзэж явсан тэрээр эцэстээ урлагийн замыг сонгожээ. Энэ тухайгаа Амраа “Одоо л энэ бүхнийг хийж үзэхгүй бол нас ахисны дараа үнэхээр харамсах юм шиг санагдсан. Тиймээс л зоригтой алхам хийж, өөртөө итгэхээр шийдсэн” хэмээн өгүүлсэн юм.

Амраагийн талаарх хамгийн сүүлийн үеийн таатай мэдээлэл гэвэл тэрээр Тайвань төдийгүй Азидаа хамгийн том хөгжмийн лэйблд тооцогдох Rock Records-той таван жилийн турш хамтран ажиллах гэрээ байгуулсан уран бүтээлч болсон нь манай рок попынхны мөрөөдөл одооноос биеллээ олж эхэлж буйг гэрчилнэ.

Ц.Маргад

Холбоотой мэдээ