М.МӨНХ-ЭРДЭНЭ: ХЭН ХӨДӨЛМӨРЛӨЖ ЧАДНА ТЭР Л АМЖИЛТАД ХҮРДЭГ НЬ МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ОНЦЛОГ

2020-11-30 193 0

Дэлхий дээрх хамгийн эртний түүхтэй эзэнт гүрнээс үлдсэн аугаа их соёл бол нүүдэлчдийн соёл иргэншил. Энэхүү түүх соёлын өвийг хэдэн зууны туршид хадгалан хамгаалж, тээж ирсэн тэрхүү хүмүүс малчин түмэн. Тэд Монгол Улсын өргөн уудам нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалаад зогсохгүй орчин цагийн Монгол Улсын эдийн засгийн хүндхэн ачааг дөрвөн цагийн эргэлтэд нуруундаа үүрч явдаг гэхээр бахархал бүхэн малчдынх мэт.

Бид номынхоо нэгэн чимэг болгож эрэл хайгуул хийсний эцэст Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн Монгол Улсын аварга малчин, аймгийн Алдарт уяач Моломын Мөнх-Эрдэнийг урьж оролцуулсныг уншигчдадаа хүргэж байна.
Хот суурингийн соёл, амьдралын хэв маяг өдрөөс өдөрт тэлж байгаа энэ цаг үед алс буйдад нүүдэлчин монголчууд өв соёлоо тээсэн хэвээр ажиллаж, амьдарсаар л байна. Гэсэн хэдий ч малчин хүний амьдралыг мэдэх хүн ховордоод байх шиг. Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

Суурин газрын соёл малчдын амьдралд ч нөлөөгөө их үзүүлж байна. Бидний багад байсан тэр хөдөө одоогийнхтой харьцуулашгүй. Гэхдээ дэлхий нийт хөгжлийнхөө дээд цэгт хүрч байгаа энэ цаг үед бид ч дагаад хувьсан өөрчлөгдөх ёстой гэдэгтэй санал нийлдэг учраас өөрчлөлтийг аль болох уян хатан хүлээж авахыг боддог.

Бидний багийн ахуй соёл, аж төрөх хэлбэр бүгд үлгэрийн юм шиг санагддаг. Бид ах дүү есүүлээ өссөн. Малчин хүний амьдралын хэв маяг түмэн завгүй өдөр хоногуудаар дүүрэн. Өвлийн цагт малаа мэнд оруулах, отор нүүдэл хийх, хаврын цагт төлөө авах, зун намрын цагт сааль сүүгээ бэлтгэх, малаа ноослох, нутаг бэлчээрээ эргэж, тойрох гээд цаг наргүй. Дээрээс нь цаг хатуурч ган, зуд болбол малаа онд мэнд оруулах, цагийн хатуугаас урьтаж эдийн засгийн эргэлтэд оруулах гээд тэр чигтээ ухаан зарсан ажил, хөдөлмөр. Энэ бүхний хажуугаар хүүхдүүдээ хүний дайтай өсгөж, хөлгийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэнэ гээд бодохоор малчин хүний амьдрал хэр баргийн хүний ой тойнд багтахгүй хүнд санагдах байх.

Нэгэнт бидний амьдралын хэв маяг, аж төрөх арга ухаан нь ийм болохоор хөдөөний хүүхдүүд хар багаасаа тусад орж, бие дааж сурдаг.

Би л гэхэд 6-7 наснаасаа морь унаж, ээж, аавдаа малыг нь дөхүүлж өгч тусад орсон. Номхон морь уначихаад хонио туудаг, шилбүүр барьчихаад хурга, ишгээ ялгалцаж, мал хурааж өгнө. Түлш түлээ, идээ цагаагаа бэлтгэхэд туслана. Яваандаа хурдны морь унах жишээтэй. Хөдөөний хүүхдүүдийн өөр нэг чухал чадвар бол хар багаасаа малыг өнгө зүсээр нь ялгаж, нэрлэж сурна. Хичнээн олон байлаа гээд малаа мэдэхгүй байна гэж үгүй. Хоттой хонио нэг хараад дутсан, эсвэл өөр айлын мал нийлчихсэн байгааг мэдчихдэг. Уул усныхаа нэр, өвс, ургамлын төрөл зүйлийг андахгүй. Байгаль дэлхийн араншинг таньж, хайрлаж хамгаалах мэдрэмжтэй болж өснө.

Хот суурингийн хүн хөдөө нутагт гараад ямар сайхан юм бэ гэж нэг удаа хараад төд удалгүй буцахаа боддог бол бид энэ газар нутгийнхаа ширхэг чулуу, атга шорооны үнэ цэнийг мэдэрдэг. Ер нь бидний бага нас хөдөлмөрийн үнэ цэнэ, байгаль дэлхийнхээ буян хишгийг биеэрээ мэдэрч өссөн дөө. Тийм ч учраас эцэг эхийн сургаал хүртэл хүнлэг байх, хөдөлмөрч байх, нутаг усандаа хайртай байхад чиглэгддэг байсан.
Өглөө эрт босч байгаарай, орой аажуу унтаж байгаарай. Өвөл, хаварт малаа уул, хадны өвөр, нөмөр бараадуулж маллаарай. Цастай, зудтайд нөөц бэлчээртэй байгаарай гэж ээж, аав минь захина. Цай, сүүнийхээ дээжийг уул хангайдаа өргөж, хэзээ, хаана явахаас үл хамаарч нутаг усаа бодож сүсэглэхийн чухлыг сануулна.

Бид олуулаа ч идэж уух, өмсөж зүүхээр гачигдалгүй өссөн. Малчин хүний нийтлэг дүр төрх л дөө. Олон ээжлийн хувцас өмсөхгүй. Элдэв амттан эрж хайхгүй. Одоогийн залуусын ихээр ярих болсон минамилист амьдралын хэв маяг бидний багад л байж. Өдөр дутамдаа болон баяр ёслолоор дээлээ л өмсчихнө. Ширхэг чихрийн амт хүртэл нандин. Хүмүүс шинэ жилийг мандарины үнэнээр санадаг гэдэг шиг бидний багад юм бүхэн үнэ цэнэтэй, үнэр нь хүртэл дурсамж тээсэн байдаг.

Би найман нас хүртлээ гэртээ байж байгаад 1983 онд Бөмбөгөр сумын найман жилийн дунд сургуульд сурсан юм. Сургуулийн дотуур байранд үеийнхээ хүүхдүүдтэй бужигналдаж, өвөл, зуны амралтаар гэртээ харих гэж яарна. Гэртээ очоод эргээд сургуулиа санана. Сайхан дурсамж шүү. Миний хувь тавилан ч гэх үү, хийсэн сонголт ч гэх үү би 1989 онд эчнээ малчнаар томилогдож байсан юм. Ингээд өнөөдрийг хүртэл малчин заяагаа шүтэж, малынхаа буянаар амьдарч явна даа.

Одоогийн малчин амьдрал бол арай өөр. Гар утастай, интернэттэй. Унаа тэрэгтэй. Бидний хүүхдүүд дэлхийн соёл, орчин цагийн амьдралын хэв маяг хийгээд уламжлалт мал аж ахуй, нүүдэлчин соёлын заагт аль алиныг нь тээн амьдарч байна. Тэдэнд хэн болж, юу хийж амьдрах вэ гэдэг сонголтууд дүүрэн байна. Хөдөө аж ахуйн салбарын хүндийг биеэрээ мэдэрч, байгаль дэлхийн ааш аягыг аргадаж яваа бидний хувьд үр хүүхдээ хэн болгох вэ гэсэн эргэцүүлэл орж ирдэг ч энэ улсын чинь нэн чухал салбар болсон мал аж ахуйг ирээдүйд өвлөх ёстой хүмүүс эд шүү дээ гэж бодоод аль болохоор малд хайртай, мал аж ахуйгаа өвлөөд явах хүн болгох юм сан гэж бодох юм.

Нийгмийн өмчийн төлөө хөдөлмөрөө зориулж байсан малчид маань хувийн өмчтэй болоод ирэхээр юм юм л бодогдож байсан биз?

Мал гэдэг нийтийнх байна уу, хувийнх байна уу гэдэг малчин хүнд нэг их чухал биш л дээ. Амьтантай харьцаж, амьтныг өсгөж үржүүлдэг учраас мал аж ахуй арга ухаан, хайр халамж гээд нарийн харилцаа, хандлдага дээр тогтдог. Миний аав, ээж хоёр мал маллаж байхдаа оногдсон үүрэгт даалгавараа цаг тухайд нь 100 хувиас дээш дүнтэйгээр давуулан биелүүлж төл мал болон том малыг онд мэнд бойжуулан тарга хүчээр давуулан биелүүлсэн амжилтаар сумын хөдөлмөрийн аварга болж байсан хүмүүс. Малаа хүнчилж, нэр хүртэл өгч дуудна. Малынхаа тухай ярихдаа ааш аягыг нь хүртэл андахгүй нэг бүрчлэн хэлнэ. Ийм нарийн ажил, амьдралын түүхтэй хүний үр сад учраас надад маш их хариуцлага ноогдож байсан санагддаг. Дуудах нэрийг эцэг эх өгдөг бол дуурсах алдрыг хүн өөрөө олж авдаг. Мөнх-Эрдэнэ гэдэг хувь хүн муу сайн явах яах вэ, түүний өмнө дуудагдах Молом гэдэг нэрийг муу авч явж болохгүй. Ийм бодол, малд дуртай зан чанарын нэгдэл малчин болох итгэлийг надад өгч байлаа.1989 оноос хойш хувийн мал аж ахуй эрхэлсэн байна. Хоёрхон жилийн дараа буюу 1991 онд сумын анхны залуу аварга малчин боллоо. Энэ шагнал улам их ажиллах урам зоргийг өгч залуу хүн байна даа, улсын аварга болно гэсэн алсын зорилгыг дотроо тээсэн юм. Мал дагавал ам тостдог гэж ярьдаг даа. Тэр цагаас хойш амьдрал хөвөрч 2007 онд “Сумын сайн малчин”-аар, 2008 онд Улсын “Мянгат малчны зөвлөгөөнд сумаасаа манлай малчнаар шалгарч оролцсон. 2008, 2012, 2013 онд сумын шилдэг татвар төлөгч, 2007 онд сумын сайн малчин цол тэмдэгээр, 2007 онд аймгийн Цөм сүргийн газраас Өлзийт голын улаан ямааны Цөм сүрэгтэн гэрчилгээ, 2010 онд сумын 9 шилдэгийн нэг болох “Оны шилдэг малчин” өргөмжлөл, 2008 онд Монголын залуучуудын тэргүүний залуу малчин, 2009 онд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хүндэт өргөмжлөл, 2010 онд аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, 2014 онд сумын 9 шилдэг Манлай малчин, 2015 онд Бөмбөгөрийн улаан ямааны цөм сүрэгтэн гэрчилгээ 2012 онд Аймгийн аймгийн “Засаг даргын жуух” бичгээр, 2013 онд “Аймгийн сайн малчин” цол тэмдэгээр, 2017 онд “Хүнс Хөдөө Аж ахуйн” тэргүүний ажилтан цол тэмдэгээр, 2018 онд Жил бүр уламлал болгон зохион байгуулдаг “Монголын Үндэсний Радео” телевизийн “Алтан хурганы эзэн” шагнал, 2017 онд Баянхонгор аймгийн Хурлын дээд шагнал “Соёрхол” одонгоор шагнагдсан. 2015 онд Монгол улсын МСУХ тэргүүн шагнал, “Уяачын Алдар”-аар 2016 онд Монголын МСУХ-ны дээд шагнал “Эрдэнийн Очир” цол тэмдэгээр, Аймгийн шинэ хот айл болзолыг хангаж “Шинэ хот айл”-аар, 2019 онд “Аймгийн шилдэг Татвар төлөгч”–өөр, 2019 онд Бөмбөгөр сумын “Шилдэг хөрөнгө оруулагч”-аар, 2019 онд “Монгол Улсын Аварга малчин” цол тэмдэгээр тус тус шагнагдсан.

Нийтдээ 30 жилийн хөдөлмөр маань Улсын аварга малчин болгсон. Ардчилал, зах зээлийн эхэнд өөртөө хэлж байсан үгэндээ хүрсэндээ баяртай байдаг. Улсын аварга малчин болохдоо “Удмынхаа нэрийг сэвтээсэнгүй дээ, аав аа” гээд өөртөө хэлж, нэг их сэтгэл уужирч билээ.

МАЛЫН ЧАНАР БА МАЛЧНЫ ЧАНАР ТАНИГДАХ ЦАГ ҮЕТЭЙ НҮҮР ТУЛЖ БАЙНА

Жил ирэх тусам малчдын хувьд шинэ сорилтыг тавих болсон байна. Төрөөс малын тоо толгойд бус чанарт анхаарахыг сануулж байна. Гэтэл малчид ашгаа бодоод ямаагаа түлхүү үржүүлсэн хэвээр. Таны хувьд энэ тал дээр юу гэж боддог вэ?

Малын чанар ба малчны чанар танигдах цаг үетэй нүүр тулж байна л даа. Мал нь чанартай, таваарлаг болж байж энэ аж ахуй өөрөө оршин тогтнох ёстой болж байна. Малчин хүн хүний мөстэй, хариуцлагатай болж байж цаг үе, байгаль дэлхийтэйгээ дасан зохицож амьдрах болж байна. Энэ хоёр сорилт нүүдэлчдийн уламжлал, бэлчээрийн мал аж ахуйн ирээдүйг тодорхойлох нь.

Миний хувьд адуун сүргээ хурдны чиглэлээр, ямаан сүргээ Бөмбөгөрийн улаан ямаагаар, хонин сүргээ Баянцагаан хэвшлийн хониор үржүүлж, үүлдэр угсааг сайжруулж байна. Тоо толгойгоор нэг хэсэг хөөцөлдсөн үе бий. Гэхдээ энэ нь ирээдүйгүй гэдгийг олж хараад одоо нэг малаас авах ашиг шим, эдийн засгийн үр өгөөжийг нь илүү анхаарч байна. Олон малтай л бол болно гэдэг прагматик ойлголтоос малчид салж, илүү шинжлэх ухаанчаар хандах болсон. Гэхдээ нэг өрх малынхаа тоо толгойг цөөлөөд байдаг бусад нь тооны араас хөөцөлдөөд байвал энд үр дүн гарахгүй. Тиймээс зэргэлдээ Галуут, Баян-Овоо, Заг, мөн Жаргалант сумдад улаан ямааны ухна ишгийг тогтмол нийлүүлж байна. Хоёр ямаанаас авах ноолуурыг нэг ямаанаас, хоёр хониноос авах махыг нэг хониноос авдаг болчихоор бэлчээрийн даац хэтрэлт хоёр дахин багасч байгаа хэрэг.

Бөмбөгөрийн улаан ямааны цөм сүрэгтэн 2000 онд ACDI VOCA фермерээс “Фермерт хөтөлбөр” төслийн хүрээнд АНУ-д ноолуурын ямааны үүлдэр сайжруулах туршлага судлагчаар явсан нь ямаан сүргээ шилмэл болгоход ихээхэн нөлөөлсөн юм.
Мал аж ахуйд тулгарч байгаа дараагийн нэг асуудал бол малын эрүүл мэнд. Үүлдэр угсааг нь хэчнээн сайжрууллаа ч тухайн мал шимэгчтэй, халдварт өвчинтэй бол ямар ч үнэ цэнэгүй. Монгол Улсад малын гоц халдварт өвчин жилийн жилд гарч байна. Энэ нь Олон Улсад манай малыг үнэгүйдүүлэх, цаашлаад гаднын зах зээлд гаргах боломжгүй болгож байна. Малчдын онцгой анхаарах асуудал тэгэхээр малын эрүүл мэнд.

Миний хувьд сумынхаа “Баян бумбат хаан” ХХК-тай байнгын мал эмнэлэгийн гэрээтэй ажиллаж бүх малаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж эрүүл сүрэгтэн гэдэг ойлголтыг малчдын дунд бий болгосон. Мал бэлчээрлэдэг бэлчээр маань даанч сайхан. Өндөр уулс хад, цохио аарагтай, уулсын хоорондох нарийхан хөндийнүүд, ам жалга, уулын болон хээрийн бэлчээртэй булаг шанд, гол горхи урсдаг үет болон соргог сонгинолог ургамал ургана. Уулынхаа оройд хосоороо ургадаг вансэмбэрүү, уулынхаа бэл бэлчирт таана, хөмөл, шувуун хөл, мангир, тарваган шийр, хонгор зул, ботууль, хазаар өвс, ерхөг, дааган сүүл, агь, тэсэг, шаваг, бор, улаан бударгана, баглуур нарийн шорвоглог амтлаг ургамал элбэгтэй.

Ийм ургамал идэж тарга хүчээ авдаг малын чанар арвин, хүнсний эрүүл аюулгүй байдлыг дээд зэргээр хангана шүү дээ. Мал сүрэг эрүүл болоод ирэхээр зүй бус хорогдол гардаггүй. Мал цагийн хатууд тэсвэртэй, мах, арьс шир эрэлттэй болж ирдэг. Манайх сүүлийн 4 жилд малын зүй бусын хорогдол гаргаагүй.

Мал аж ахуйг хувийн бизнес гэж харвал малчин хүнээс нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийсэн бэ гэдгийг асуумаар санагддаг. Мал өөрөө яваад өвсөө идчихдэг, өсөж үрждэг баялаг. Нутаг бэлчээр үнэгүй гэх зэргээр төв, суурингийн иргэд шүүмжлэх явдал байдаг. Та юу гэж боддог вэ?

Монгол хүн төмс, хүнсний ногоогүй бол амьдраад л байна. Харин махгүй бол хэцүүднэ. Энэ утгаар нь харвал малчдын хөдөлмөрийг яав ч үнэгүйдүүлж, хөнгөн хуумгай дүгнэж болохгүй. Зуны халуун, өвлийн хүйтэн, цагийн зүтгүүд бид алгаа тосоод зүгээр суудаггүй. Эрсдэлээ ч үүрнэ, эрхээ ч эдэлнэ. Зуд турхан болоход малчид ясаа цайтал уулын мухар, усны адагт явган нүцгэн хөдөлмөрлөж байдаг. Харин хот суурингийнхан махны үнэ нэмэгдлээ, төр юу хийж байна, малчид даварч байна гээд хошуу амаа бэлүүдэж байх жишээтэй. 2009 оны өвөл хаваржилт хүндэрхэд хэрийн хүн хүрээд байдаггүй алс мухар луу яаж ийгээд хүрцгээсэн. Отор нүүдэл хийцгээсэн. Хэрвээ нэг удаагийн зудад хэдэн малаа тавиад туучихвал махгүй нийслэлчүүд яах билээ, малгүй малчид хаачих билээ. Энэ утгаараа малчид төр, түмнийхээ өмнө ямар нэг нөхцөлгүйгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хамаг чадлаараа зүтгэдэг юм шүү.

Малыг гаршуулахад малчдаас зардал гардаггүй гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Цас зуд хүйтэн болон цасан шуурга зэрэг мал бэлчээрлэх боломжгүй үед малаа тэжээх өвс хивгийг биет байдлаар нөөцөлдөг. 2016 онд гэхэд 20 тонн байгалийн хадлан, 80 тонн бэлтгэсэн өвс худалдан авч 5 тонн гар тэжээл бэлтгэж, 2 тонн хужир шүү, татаж авсан байх жишээтэй.

Мах, малын түүхий эдийн үнийг яг үнэндээ малчид тогтоож чаддаггүй. Энэ эргэлтийн дунд ченж гэх ойлголт бий болчихсон. Тэд л үнэ ханшийг өсгөж, эсвэл унагааж байна. Бидний хувьд дөрвөн цагийн эргэлтэд хатууг нь үүрээд өсгөсөн хэдэн малаа болж өгвөл үнэд хүргэхийг боддог бол ченжүүд унагаах арга замыг эрэлхийлнэ. Гэтэл хэрэглэгчид хямд хүнс хэрэглэж байна уу гэвэл бас үгүй. Ченжүүд биднээс байж болох доод үнээр аваад зарж болох дээд үнийг тогтоох жишээтэй. Энд төрийн хатуу хяналт, эсвэл малчны хотноос хэрэглэгчид хүрэх эргэлтэд эрүүл, шударга орчин бүрдүүлэх явдал чухал санагддаг.
Мэдээж хэрэг дэлхий нийтийн дулаарал, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа нь малчдын хувьд том шалгуур болж байна. Мал аж ахуйг цаашид хэрхэн амжилттай авч явах вэ, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг бидний хувьд маш том сэдэв болж байна. Манай аймаг гэхэд энэ чиглэлд өөрсдийн хувилбарыг гаргаж, тодорхой тоо толгой зааж, түүнээс илүү гарсан малынхаа тоогоор татвар төлдөг байх журмыг боловсруулсан. Энэ татварыг дундын санд хуримтлуулж төвлөрсөн мөнгөөрөө эргээд нутаг бэлчээрээ сэргээх, хамгаалахад зарцуулна. Энэ ажил эхэлчихсэн сумдад хэрэгжиж байна. Малчид дуу нэгтэй дэмжиж байгаа.

Таны хэлсэнчлэн ган зуд, өвчин эмгэг, малын хулгай зэрэг эрсдлүүд үргэлжилсээр байна. Эрсдэлээс малчин хүн хэрхэн хамгаалагдах ёстой вэ?

Боломжийг олж харвал бүх зүйлийг хийх, эсрэгээрээ хийж бүтээснээ хамгаалах боломж нээлттэй байгаа нь энэ цагийн нэг сайхан тал. Жишээ нь даатгал байна. Манайх жил бүр Парктикал, Монгол даатгалд гэрээ хийж мал сүргээ малын индексжүүлсэн даатгалд хамруулж даатгуулдаг. Малдаа жил бүр мэргэжлийн мал зүйчээр ангилалт хийлгэж малаа мал бүртгэлийн системд бүртгэлжүүлдэг. Мал бүртгэлийн системд тэдэн хээлтэгч мал бүртгэлтэй байна гэх зэргээр бүгд тоо ёсоороо ороод явчихна. Ингэхээр нэг талаасаа бидний хөдөлмөр хөнгөвчлөгдөөд зогсохгүй нөгөө талдаа эрсдлээс бүрэн хамгаалагдаж байна. 2007, 2015, 2016, 2017 оны Бөмбөгөрийн улаан ямааны цөм сүрэгтэн учир энэхүү бүртгэлийн системийн ачаар хангайн сумын хээлтүүлэгч бойжуулж бэлтгэх захиалга хүсэлтийг биелүүлж нийлүүлдэг.

Эрсдэл бий болгож байгаа дараагийн нэг хүчин зүйл бол мал сүргийн бүтэц. Аль нэг төрлийн малын тоо толгой хэтэрвэл бэлчээр хурдан дотройтох, цаашид хүндрэл дагуулна. Тиймээс таван хошуу малаа төрөл тус бүрд нь тэнцвэртэй үржүүлж байна. Байгалийн гамшиг тохиолдсон үед өвс тэжээл худалдан авах зориулалтаар харилцдаг банкиндаа тодорхой хэмжээний хадгаламжтай хуримтлал бий болгосон. Мэдээж хэрэг хамгийн чухал зүйл бол өмнө хэлсэнчлэн дэм дэмэндээ нэгнээ дэмжээд явж байхад эргээд цагийн хатуу, ажлын ихэд туслая гээд ирдэг нутгийн түмэн маань байна.

МОНГОЛ ХҮНИЙГ МОРИНООС НЬ БУУЛГАХ ЁСГҮЙ

Та адуунд нэлээд “хорхоотой” нэгэн. Мал сүргийн бүтэц ярьсных адуун сүрэгтээ хэрхэн анхаардаг талаар тодруулмаар байна

Монгол хүн монгол морьтойгоо дэлхийн дайтад давхиж явсан түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайнд хүртэл монгол морь хүч чадал, тэсвэр тэвчээрээрээ гайхагдаж, ялалтад түрлэг нэмж байлаа шүү дээ. Ингээд бодохоор монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүнийг ч мориноос нь буулгах ёсгүй.

Сүүлийн жилүүдэд манай малчид адуу малаа уналаг, ачлагад ашиглахаа больж, хятад мотоцикль сандайлах боллоо. Хөдөөд туурайн төвөргөөн бус моторын дуу хадах болсонд хувьдаа харамсч явдаг юм. Монгол хүн адуутай харьцах өөрийн арга, түүнийг дагасан бүхэл бүтэн соёлыг бий болгосон. Энд хүүхэд хүмүүжлээс эхлээд амьтныг хайрлах бүхэл бүтэн арга ухаан явж байдаг. Нөгөө талаар дэлхийд морин спортыг дагасан асар их мөнгө эргэлдэж байна. Монголд энэ бизнес, спорт уламжлалт байдлаараа мөн хөгжиж байгаа. Энэ бүхнийг харахад адуунаасаа бид холдож болохгүй. Харин ч цаг үетэй нь нийцүүлж, улам бүр хөгжүүлэх ёстой.

Морь унаж эдлэхийг дагаж гарсан соёл бүхэл бүтэн шинжлэх ухаан. Морь унаж, эдлэх нь хүмүүжил, тэсвэр тэвчээр, эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйлийг тухайн хүндээ өгнө. Сайхан адуутай эр хүн нутаг усандаа нэртэй, түүгээрээ өөрөө бахархана. Энэ бахархал нь монгол хүн байхын нэг үнэт зүйл.

Ингээд бодохоор адуу гэдэг хийморлог амьтныг дагаад монголын гэх үнэт зүйлүүд бүгд явж байна. Тэгэхээр бид өдөр тутамдаа унаж, эдлээд байдаггүй юм гэхэд аялал жуулчлалын нэг чухал хүчин зүйл болгоод хөгжүүлэх боломж хүртэл байна шүү дээ.

Би сумынхаа “Дааган дэл” МСУХ-ны даргаар 2016 оноос хойш ажиллаж байна.

Адуугаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын, Хэнтий аймгийн гал шар удмын адуугаар үүлдэрлэг байдлыг сайжруулж байна. Одоо манай адуун сүрэг аймгийн шигшмэл сүрэг болсон. Олон шандаст хүлгүүд хүлгүүд маань сумын болон аймгийн томоохон уралдаанд түрүү айраг авч байлаа. 2008 онд сумын “Алдарт уяач” 2012 онд аймгийн “Алдарт уяач” цол тэмдэгээр шагнагдаж байсан.

Аварга гэдэг цолыг дагаж хариуцлага нэмэгдэж таараа. Залуу малчдыг бэлтгэхэд хэр анхаардаг вэ?

Мянгат болонгуутаа болчихлоо гэж малчин хүн хэзээ ч бодохгүй. Эртнээс нааш малчдын хөдөлмөр хорших, хамтрах дээр тулгуурлаж явж ирсэн уламжлалтай. Айл саахалтаараа бууж, нэг нь хонио хариулж байхад нөгөөх нь ар гэрийнхээ аж ахуйд санаа тавих зэргээр мөнхийн хамтын хөдөлмөр, үүнийгээ дагаад нэгнээ гэдэг, туслаж дэмждэг амьдралын хэв шинж бүрдсэн. Бид шинэ шөл уухдаа хүртэл бусадтайгаа хуваалцдаг заншилтай шүү дээ. Тэгвэл амжилт ололтоо ч бас бусадтайгаа хуваалцдаг монгол заншил манай хөдөөд хэвээрээ л байгаа. Нийгэм, цаг үеэ дагаад бидний хөдөлмөрийн хоршил илүү ажил хэрэгч, харилцан ашигтай компанийн хэлбэр рүү орж байна.
Би гэхэд гарын хэдэн сайхан залуу шавь малчинтай. Эдгээр малчиддаа мал маллах арга ухаан, морь уях арга техникийг зааж зөвлөж үлгэр дуурайлал болохыг хичээнэ. Залуу малчдынхаа хөлс хөдөлмөрийг нь үнэлж малжуулж эдийн засагт нь тус нэмэр болохыг бодно. Үе залгамжилсан 30-аад жилийн туршлага байгаагийн хувьд үлгэр дууриал үзүүлэхийг хичээнэ. Тухайлбал, мал маллахдаа бэлчээрийн соргогийг сонгон зусаж намаржих, бэлчээрийн ямар нэг маргаангүй малын тоо хуваарьтай зохистой ашиглахыг зааж сургана. Өвөлжөө, хаваржаагаа орчин цагийн хэрэгцээнд нийцүүлэн чулуун хороотой, саравчтай, өвсний хашаатай, хаваржаандаа саравчтай хашаатай, 00-ийн асуудлыг шийдсэн орон сууцтай, өвс тэжээлийн агуулахтай, морины зүчээтэй, худагтай, зуны бэлчээрийн усан хангамжийг шийдэхдээ хүртэл залуустаа харуулж, манлайлахыг эрмэлзэж байна.

Малчин хүн малынхаа боол болчихсон цаг үе бас байсан шүү. Өөрсдийнхөө эрүүл мэнд, гоо сайхан, залуу насаа тэр чигт нь орхиод зөвхөн мал гээд яваад байдаг. Малчдын нас богино, эрүүл мэнд тааруу, мэдлэг, мэдээлэлгүй, төрийн үйлчилгээнээс хоцорчихдог байдлыг халах нь өнөөгийн бидний хийх ёстой, дуу хоолойгоо хүргэх ёстой нэг чухал сэдэв.

Малаас авах ашиг шим их атал сүү, цагаан идээгээ ч авч чадахгүй хэмжээнд очтолоо малчдын хүний нөөц алдагдсан. Тэгвэл одоо бид залуу малчдаа сургангаа ажиллуулж, малаас авах ашиг шимийг хуваах зарчмаар явж байна. Малчнаа өрх тусгаарлахад нь мал тасалж өгнө. Ингээд манай малчин өөрийн гэсэн аж ахуйтай болоод зогсохгүй нэмэлт орлогоо ч бүрдүүлэх боломжтой болдог.

Нэг чухал асуудал бол бэлчээр нутагтаа хэрхэн хандах вэ гэдэг монгол малчны нэн шинэ сэтгэлгээг хүмүүст суулгах явдал. Өөрөө юу ч хийгээгүй байж өрөөлөөс их зүйл шаардах хэцүү. Миний малын тоо толгой өсч би бусдаас илүү амьдарч байгаа бол тэр хэрээрээ илүү их зүйлийг эргээд байгаль дэлхий, нутаг бэлчээртээ хийх ёстой гэж боддог. Тухайлбал, би

өөрийн нутаг дэвсгэрт байгаа Зэгст булан хэмээх газар 10 га газрыг хашсан. Ингэхдээ оторт ашиглах зориулалтаар, мөн хэтийн зорилгодоо малын хадлан тэжээл тариалах зорилготой нөөцөлсөн. Эндээс манай малчид бэлчээрээ хамгаалах, ирээдүйд үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх арга ухаанд суралцаж байх жишээтэй

Суурин соёлын нөлөөгөөр залуучууд хот, сууринд амьдрахыг чухалчилж байна. Тэднийг хөдөөд нь үлдээж, малчин бол нэр төртэй, сайхан мэргэжил юм шүү гэдгийг ойлгуулж, тийм ухамсар бодолтой шинэ залуу үеийг гаргаж ирмээр санагддаг. Уг нь манай төр засаг энэ ажилд бодлого гаргаж хийж чадвал хамгийн чухал ажил энэ. Хөдөө аж ахуйн их сургууль гэхэд нийслэлд биш хөдөөд байрладаг болмоор байна. Малчдын хүүхдүүд практиктай ойр мэргэжлийн боловсролоо эзэмшээд эргээд мал аж ахуйгаа өөд татмаар байна шүү дээ.

Нийслэлд ажилгүй гэгдэж байгаа залуучууд бүгд хүч хөдөлмөрөө хөдөө аж ахуйдаа зориулаад ирвэл монгол улсад ажилгүй хүн гэж байхгүй болно. Энэ санаачилгад нэмэр болох үүднээс жилд хоёроос доошгүй амжиргааны түвшин доогуур малчин өрхийн хүүхдийн сургалтын төлбөрийг төлж байна. Энэ төлбөр нь ирээдүйд мал аж ахуйн салбартай амьдралаа холбоно гэсэн оюутан залууст оруулж байгаа хөрөнгө оруулалт юм даа. Ер нь залуучууддаа би хэлдэг юм, ирээдүйд улс, аймгийн сайн малчин болох боломж бүгдэд нээлттэй. Гагцхүү хэн хөдөлмөрлөж чадна тэр л амжилтад хүрдэг нь мал аж ахуйн салбарын онцлог шүү гэж.

Ингэхэд таны хүүхдүүд мал аж ахуйтайгаа хэр ойр байдаг вэ?

Хүн ирээдүйд хэн болж юу хийхээ өөрөө сонгох эрхтэй. Гэхдээ өнөөдрийн амьдралд хүргэсэн уламжлалт аж ахуй, соёлоо гээх ёсгүй гэж би хүүхдүүддээ сургадаг. Хүн их, дээд сургууль төгсөөд боловсрол, мэргэжилтэй болж болно. Тэглээ гээд заавал хүн хүч нь илүүдсэн, ажлын байр хомс салбарт явах шаардлагагүй. Хөдөөд боловсролтой малчин ус, агаар мэт хэрэгтэй байна шүү дээ. Мал аж ахуй дээр боловсрол мэдлэггүй хүн ажиллах ёстой гэж. Ийм хуучинсаг бодлыг ч залуучууд толгойноосоо авч хаях хэрэгтэй.

Миний хань Ганбилэг л гэхэд 2009 онд Баянхонгор аймгийн ХҮДС-ийг Бизнесийн удирдлагын менежмент мэргэжлээр, мөн 2019 онд Удирдлыгын академи, Төрийн удирдлагын сургуулийг, Төрийн захиргааны менежмент мэргэжлээр тус тус төгссөн дээд боловсролтой малчин хүн. Сурсан мэдсэнээ мал аж ахуйдаа ашиглаад, амжилттай явж, сайхан л амьдарч байна. Сүү цагаан идээг боловсруулахдаа нутгийн брэндийг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр амжилттай явж байна.

Тухайлбал, Өлзийт голын Улаан ямааны ааруулыг боловсруулж, вакумжуулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан сав баглаатайгаар зах зээлд гаргаж байна. Өвлийн улиралд үр хүүхдүүдээ сургууль соёлоор суралцуулж хот, хөдөөг холбоод болж л байна. Том хүү Пүрэвсүх маань аавынхаа мал аж ахуйг залгамжилж есдүгээр ангиа төгсөөд мал маллах сонголтыг хийсэн. Одоо хурдан моридоо уяж сойн, мал маллах арга ухааныг сурч, сум, аймгийн болон бүсийн уралдаанд 20 гаруй айраг, түрүү авсан сумын алдарч уяач болчихсон хүнээс дутахгүй явж байна.

Ярилцсанд баярлалаа.

Б.Чинбат

Холбоотой мэдээ