Биофизикч Наранбаатар: Бидний хамгийн өргөн хэрэглэж байгаа вакцин өндөр үйлчилгээтэй вакцин ерөөсөө биш. Хэлээд бараагүй

2021-06-04 761 0
Shares

Вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа ч халдвар буурахгүй эсрэгээрээ сүүлийн өдрүүдэд 1000 давсан тохиолдлууд илрээд байна. Юуны учир халдвар буурахгүй байгаа талаар Оном сангийн ТУЗ-ийн дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатартай ярилцлаа.

-Вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа ч халдварын тохиолдол өсөөд байгаа нь юутай холбоотой гэж та харж байгаа вэ?

-Манай Оном сангийн эрдэмтдийн баг үүний судалгааг хийгээд анх хоёрдугаар сарын 28-нд танилцуулсан. Энэ бүхэн манай фейсбүүк хуудсанд хадгалаад үлдсэн байгаа. Та бүхэн нөхөөд үзэж болно. Үүнийг танилцуулахдаа бид халдварын тархалтыг хумихад энэ вакцин үр нөлөө үзүүлж сүйд болохгүй, муухан харагдаж байна гэж. Яагаад бид ийм дүгнэлтийг хийж байсан гэхээр тэр үед Арабын нэгдсэн Эмират зэрэг улсад хийгдсэн тоо баримт дата хараад халдварын тархалтыг хумихад Сино.фармын вакцин үр нөлөө муутай байх нь тодорхой байсан. Тийм ч учраа бид УОК-т удирдлагуудад юуг хэлж байсан бэ гэхээр 300 мянган тун вакцин бидэнд хандиваар өглөө. Үүнийгээ хэрэглэчих. Гэхдээ дахиж битгий нэмж худалдаж аваарай. Өөр чанартай сайн вакцин олон хэрэгцээ, шаардлага бидэнд байна гэдгийг хэлсэн.

Ард иргэдийн хувьд үүнийг юу гэж ойлгох ёстой вэ гэвэл синофармын вакциныг Файзер, Модерна, АстраЗеника вакцинтай харьцуулахад халдвар тараах магадлалыг бууруулахад дорвитой үр нөлөө үзүүлэхгүй. Учир нь амьсгалын дээд замд үүсэж байгаа эсрэг биетийн хэмжээ өндөр биш. Энэ вакцин өвчлөлөөс сэргийлэх тал дээр тодорхой насны бүлгийн хүмүүст гайгүй үйлчилж байгаа. Манай эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар 60-аас дээш насныханд үйлчлэл муухан байна. Мөн 50 наснаас дээш насныханд энэхүү вакцины үйлчлэл муудаж байгаа. Түүнчлэн эхний тоо баримтаар 30-аас доош насныханд үйлчилгээ муутай. 30-50 насны хооронд үйлчилгээ гайгүй байгаа. Гэхдээ энэ вакцины бүрэн тунг хийлгэсэн ч хүмүүс халдвар хамгааллын горимыг болох гурван зүйлийг маш сайн баримтлах хэрэгтэй.

Нэгдүгээрт, агаар сэлгэлт. Дотоод орчинд цонхоо онгойлгон агаар сэлгэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Харамсалтай нь дулаарч, зун болж өгөхгүй хүйтэн байгаа нь үүнд асуудал болоод байна. Хоёрдугаарт, маскаа маш зөв сайн зүүх хэрэгтэй. Гуравдугаарт олон хүнтэй газар битгий яв. Тэр тусмаа дотоод орчинд олон хүнтэй газар бүү зорч. Үүнд бидний шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол манай дарга нар энэ сонгуулийн үеэр ялангуяа МАН-аас дэвшиж байгаа ерөнхий сайд асан У.Хүрэлсүх олон хүнийг цуглуулж хөдөө орон нутгаар явж хөгшчүүлийг эрсдэлд оруулж байна. Тэр тусмаа МАН-ын зохион байгуулж байгаа уулзалтад настай хүмүүс их очиж байна. Энэ хүмүүсийгээ бид эрсдэлд оруулах, олон хүний амь хохирох зүйл хийгээд яваад байгаад нь маш их харамсаж байгаа. Эдгээр уулзалтуудыг гадаа зохион байгуулж, халдвар хамгааллын горимыг маш сайн баримтлах хэрэгтэй гэж харж байна.

-Вакцины бүрэн тунгаа хийлгээд 14-21 хоногт халдвар авсан иргэд байна. Вакцин хийлгэсэн иргэн бүр эсрэг биет тодорхойлуулах шаардлагатай юу?

-Эсрэг биетийг бүх хүн тодорхойлуулах нь эдийн засгийн хувьд сайн зүйл биш. Гэхдээ манай эрдэмтдийн зүгээс вакцины үйлчлэл нь сайн биш учраас бид Модерна, Файзер хийлгэсэн тохиолдолд эсрэг биетийг үзэх шаардлага байхгүй, маш өндөр хувьтай тогтож байгаа. Тийм ч утгаараа АНУ-ын Өвчний хяналтын төв заавал эсрэг биетийн шинжилгээ хийх шаардлагагүй гэж тавьсан. Харин Монгол Улсад нөхцөл байдал өөр болж байгаа. Бидний хамгийн өргөн хэрэглэж байгаа вакцин өндөр үйлчилгээтэй вакцин ерөөсөө биш. Үүнийг БНХАУ-ын эрдэмтэд өөрсдөө ч мэдэж байгаа. Үүний тодорхой жишээ бол синофармын вакцины нэг, хоёрдугаар шатны судалгаа хийгдээд Английн Lancet сэтгүүлд хэвлэгдсэн. Тэд нэгдүгээр шатны судалгаанд 60-аас дээш насныхныг оролцуулж хийсэн. Хоёрдугаар шатны судалгааг хийхдээ 60-аас дээш насны хүмүүсийн нэгийг ч хамруулаагүй. Яагаад гэхээр 60-аас дээш насныханд үйлчилгээ муутай байсан. Тиймээс тодорхой мэдэж байгаа. Үүнийг БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Гао Фү эрдэмтэн гарч ирээд тодорхой хэлсэн. Манайд 300 мянган тунг хандиваар өгөхдөө БНХАУ-ын Элчин сайд Энэ 18-60 насныханд зориулсан вакцин шүү гэж хэлсэн. ДЭМБ 60-аас дээш насныханд синофармын вакцин үйлчилгээ муутай, тэр тоо баримт нь бага байна гэхдээ одоохондоо баталья гэсэн. Гэхдээ вакцины хүрэлцээ муу байгаа учраас үүнийг бүртгэсэн. ДЭМБ үүнд алдаа гаргасан.

Одоо юу хийх хэрэгтэй вэ гэхээр 60-аас дээш насны суурь өвчтэй хүмүүстээ хамгийн сайн чанарын вакцинуудыг олж ирж хийх арга хэмжээг авах хэрэгтэй. Түүнчлэн 30-50 насныхны вакцин хийлгэсэн иргэдийн тодорхой хувьд нь дархлаа тогтохгүй байгаа. Тэр хүмүүст гуравдугаар тун ямар вакцин хийх вэ гэдгийг судлаад судалгаагаар тогтоох ёстой. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд Арабын нэгдсэн Эмират зэрэг улсын эрдэмтэдтэй холбож өгч бид ярилцсан. Тэд юу хийж байна гэхээр хоёр тунгаар дархлаа тогтохгүй иргэд байна. 60-аас дээш насныханд дархлаа тогтоц муу байгаа нь судалгаагаар гарч тодорхой болсон. Тиймээс одоо дархлаа тогтохгүй байгаа иргэдэд ямар вакцин хэдэн тунгаар хийх үү гэдэг бүрд судалж байна. Тиймээс бидний хэлж байгаа зүйл бол бид зохион байгуулж байгаа зүйлээ нарийн тоо баримт судалгаатай хийхгүй байгаа учраас бүх зүйл харанхуй байдлаар яваад тэр нь эргээд бидэнд асуудал дагуулж байна.

Вакцины сонголтын асуудал дээр бид хэлээд бараагүй

Угтаа сайн сонголттой Модерна компанийн 4 сая тун вакциныг авах боломжийг нээж өгсөн. Хуучин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боломжийг нээж өгөөд байхад тэр компанитай яриа хэлэлцээр ч хийгээгүй. Яах вэ зуныг давдаг юм байжээ. Одоо зургаадугаар сарын дундаас халдварын тохиолдол маш хурдтай буурна гэж ярьж байна. Уучлаарай, тийм зүйл байхгүй. Халдварын тохиолдол өсдөгөөрөө өснө. Харин ч улам өснө. Үүнийг бид хэлж байсан. Ковидгүй зун гэж та нар битгий үлгэр яриад бай. Улс төрчид гарч ирээд гоё үг хэлэхээр гоё болдоггүй. Шинжлэх ухаан үнэн бодит байдал байж л байдаг.

өрөг.мн

Shares

Холбоотой мэдээ