Түүхэн тэгш ой тохиож байгаа тул улсын төсвийг баруун солгойгүй цацна

2021-06-10 126 1

Энэ жил цар тахалтай хэдий ч Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ. Үндэсний их баяр наадмын концертыг гурван найруулагч хамтран найруулахаар болсон бөгөөд  наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллаж байгаа бол ерөнхий продюссераар Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, зөвлөх найруулагчаар ‘Hero’ энтертайнмент студийн захирал Б.Баатар ажиллаж байгаа юм.

Түүхэн тэгш ой тохиож буй учраас энэ удаа Үндэсний их баяр наадмын тоглолтод их л онцгой ач холбогдол өгч буй нь энэ юм гэнэ.

Наадмын нийт төсөв 10 тэрбум

Түүхт ойн барилдаанд 1024 бөх зодоглоно. Ингэхдээ 100 жилийн ойд зориулан улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг суулгасан нь өнгөрсөн жилийнхээс 7 тэрбум төгрөгөөр давжээ. Тухайлбал, энэ жил:

  • -Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая төгрөг,
  • -Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг,
  • -Бүх ард түмний урлагийн наадам 500 сая төгрөг,
  • -Утга зохиолын шилдэг бүрээл туурвихад 100 сая төгрөг,
  • -“Зуун жил- Зуун бүтээн байгуулалт” телевизийн контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая төгрөг,
  • -Тайзны бүрэн хэмжээний “Монгол угсаатны билиг” тоглолт туурвихад 270 сая төгрөг,
  • -“Хаадын хаан” жүжигт 200 сая төгрөг, “Эрхэт Монгол” концерт 80 сая, Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбар нь 50 сая төгрөг гэх мэтээр 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Харин одоо ноднингийн наадмын нээлтийг эргэн нэг санацгаая! Орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалтай үед үзэгчгүй наадам хийж төсвийн мөнгийг дэмий шахуу үрэн таран хийсэн нь олны шүүмжлэлийн бай болсон. Наадмыг “XIII зуун” гэдэг жуулчны бааз, цогцолборт 2019 оны наадамтай адил гурван тэрбум төгрөг заржээ.

Үүнийг наадмын зохион байгуулагчид “Монгол наадам” гэдэг контент бий болгох гэж байгаа юм. Энэ нь Монгол орныг гадаадад сурталчилснаар жуулчдыг татах их хүч болно гэж тайлбарлаж байв.

Наадмын нээлт сайхан боллоо гэсэн нэг хэсэг байхад нэг л их нүсэр концерт л байлаа гэцгээсэн нь ч байлаа. Гэхдээ л яах аргагүй олон ястны дуу хуурын дээж, монгол ёс заншлын хураангуйг багтаасныг үгүйсгэх аргагүй юм.

Үзэгчгүй наадмын цагдаа нарт хүртэл дээр үеийн “Арван тавны цагдаа”-гийн цэнхэр дээл, хүрэн хантааз өмсгөсөн нь тун ч инээдтэй байв. Бөхчүүд нь хоорондоо зодолдоно гээгүй л юм бол цагдаагийн хэрэг тэнд ерөөс байсангүй. Уг нь Монгол наадам чинь дэлхийд цор ганц байдаг болохоор гайхамшиг бүхнийг багтаадаг “Гиннесийн ном”-д хүртэл бичигдсэн юм шүү дээ.

Ц.Маргад

Холбоотой мэдээ