Хүүхдийн мөнгийг нэмэгдэлтэй хэвээр олгохыг судалгааны үндсэн дээр шийднэ

2021-06-16 369 0
Shares

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрбээр ‘Монгол Улсын төсвийн орлого 5-р сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх, өсөлтийг хангах, дэмжих бодлого үр дүнгээ өгч байгаагийн илрэл. Мөн Монгол Улсын экспортын гол түүхий эдийн үнэ төсвийн төсөөлөлд тусгаснаас илүү байгаа учраас сайнаар нөлөөлж байна. Засгийн газраас урт хугацаанд сунжирсан хатуу хөл хорио тогтоогоогүйн үр дүн мөн эдийн засагт сайнаар нөлөөлж байна. Тухайлбал, ebarimt нэгдсэн системд бүртгэлтэй байдаг ААН-үүдийн борлуулалтын дүн 5-р сарын 31-ний байдлаар 32 их наяд төгрөг байгаа нь 2020 оны мөн үеийнхээс 25 хувь илүү байна. Энэ мэт эдийн засгийн бүхий л салбарт нааштай үзүүлэлт гарч байгаа.

Төсвийн тодотголыг хуулийн дагуу л хийнэ. Хуульд тодотгол хийх таван нөхцөл байдаг. Одоогоор төсвийн тодотгол хийх эдийн засгийн зайлшгүй шаардлага, нөхцөл бүрдээгүй байна.

Долдугаар сарын 1-нд үйлчлэл нь дуусаж байгаа 6-8 төрлийн эдийн засгийн арга хэмжээ бий. Тодруулбал, дулаан, цахилгаан, усны төлбөр тэглэсэн, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн, олон төрлийн татварын хөнгөлөлт, торгууль алдангийн чөлөөлөлт, зээл хойшлуулсан арга хэмжээнүүдийн үйлчлэл дуусаж байгаа.

Үүнийг цааш нь маш сайн судалгааны үндэслэлтэйгээр алийг нь яаж үргэлжлүүлэх вэ, алийг нь зогсоох вэ гэдгээс шалтгаалж төсвийн тодотгол хийгдэх үгүй нь шийдэгдэнэ.

Сүүлийн хагас жилийн эдийн засаг, төсвийн нөхцөл байдлаа зөв тооцоолох ёстой. Төсөв дааж авах боломжийн хэрээр шийдвэрийг гаргана. Урьдчилсан байдлаар дулаан, цахилгаан, усны төлбөр тэглэсэн шийдвэрийн үйлчлэлийг долдугаар сарын 1-нд дуусгах, харин хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн амжиргааг дэмжиж байгаа учраас цаашид төсөв ямар хэмжээнд энэ ачааллыг даах вэ гэдэгтэй уялдуулж шийдвэрээ гаргана. Гаргасан шийдвэрээ УИХ-д танилцуулж эцсийн шийдийг УИХ хэлэлцэж гаргана.

Ер нь цаашдаа олон давхардсан байгаа оноогүй халамжаас татгалзах бодлого барьж байгаа ч цар тахлын үед энэ бодлогын шилжилтийг огцом хийх боломжгүй байна’ хэмээн хариуллаа.

Shares

Холбоотой мэдээ