МАН-ын даргаа сонгох ацан шалаа хэрхэн шийдэгдэх вэ…

2021-06-19 249 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялалт байгуулсан учир зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 6-р сарын 25-ны өдөр тангаргаа өргөнө. Түүний хувьд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр намын гишүүнчлэлээсээ албан ёсоор түдгэлзэх ёстой.

У.Хүрэлсүх 2017 онд Д.Хаянхярваатай өрсөлдөн Монгол ардын намын даргаар сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байгаа билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой зэрэгцэн МАН-ын дараагийн дарга хэн байх вэ гэсэн таамаг өрнөж эхэллээ.

Шинэ даргаа сонгох МАН-ын Их хурлыг У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийн өмнө, эсвэл дараа өдөр нь хийхээр төлөвлөсөн гэнэ.

МАН-ын дараагийн даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгох тохироо хэдийнэ хийгдсэн тухай чих дэлсэх болов. У.Хүрэлсүх хэдийгээр танхимаараа огцорсон мэт харагдавч хөшигний цаанаас Засгийн газраа удирдаж ирснийг учир мэдэх хүмүүс гадарладаг.

МАН-ын даргад нэр дэвших хэд хэдэн хүний нэр сонсогдож эхэллээ. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, хотын мээр Д.Сумьяабазар нар юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард Засгийн газрын 100 хоногийн тайланг танилцуулах үеэр намын даргын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ аль хэдийнэ намын даргад сонгогдохдоо итгэл дүүрэн байгаа мэт ялыг нь эдэлж байгаа юм чинь ямбыг нь эдэлнэ гээд хэлчихсэн. Тэрээр ‘Одоогийн Засгийн газрыг огцруулахад бидэнд баярлаад байх зүйл байхгүй. Бүрэлдээд удаагүй байсан өмнөх Засгийн газрууд огцорсноор том төслүүд байхгүй болж, урт хугацааны хөтөлбөрүүд зогссон, олон ажлууд эхлүүлсэн ч дуусгаагүй нөхцөл байдал үүссэн. Улс төрийн болон захиргааны эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх ёстой. Цаашид энэ асуудлыг хуульчлах ёстой гэж бодож байна” гэсэн юм.

Г.Занданшатар. Тэрээр У.Хүрэлсүхтэй дөрөө харшуулан улс төрд зүтгэж яваа бөгөөд өдгөө УИХ-ын даргын сэнтийд заларч буй. МАН-ын даргаар сонгогдохгүй байлаа гээд түүнд нэг их гарз үгүй.

Д.Сумьяабазар. УИХ-ын гишүүнээс татгалзаад Улаанбаатар хотын дарга болсон тэрээр газрын наймааг цэгцэлж буй нь сайшаалтай ч гаргасан шийдвэрүүдээсээ эргэж буцдаг туйлбаргүй нөхөр. Хаалтаа нээгээд хаагаад гээд онигоонд орсон тэрээр улстөрд биш бүтээн байгуулалтын ажилд оролцдог сүрхий хүн болох гээд данх хоч авчих вий дээ гэж эмээхээс намын даргын суудал түүнд арай л хэтийдсэн хол сэнтий мэт.

Д.Амарбаясгалан. МАН-ын генсек тэрээр УИХ-ын хоёр удаагийн, энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль гээд ялалтын тугийг намируулахад гол үүрэг гүйцэтгэсэн, төрөлхийн удирдан зохион байгуулах авьяастай хүн. Харин түүнд У.Хүрэлсүх намын даргын суудлаар бэлэг барих уу эсвэл Тамгын газрын даргаа болгож дэргэдээ авах уу гэдэг асуудал яригдаад буй.

Эдгээр эрхмүүдийн хэн нь ч сонгогдсон бай Н.Энхбаяр гэдэг толгойны өвчинтэй нүүр тулна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН хоёр нэгдэж хамтран сонгуульдав. Хоёр намын нэгдэх процесс генсек Д.Амарбаясгалангийн оролцоотойгоор тун ч шуурхай өрнөж, Н.Энхбаяр дөрвөн сайдын суудал, яамдад дэд сайд, намын түвшинд 220 албан тушаалтантай болох, хүү Э.Батшугарыг эсвэл өөрөө нөхөн сонгуульд оролцуулах зэрэг тохироотой хадаг барилцсан гэдэг.

Тэдний хэн нь ч намын дарга болсон Н.Энхбаярын хүслийг биелүүлж, Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулах уу эсвэл гэдэг сонголттой тулгарна. МАН Засгийн газраа хөдөлгөх сонирхол бага ч намын дарга хэн болохоос хувь заяа нь тодорхойлогдоно. Эс бөгөөс МАН Н.Энхбаярт хуншгүй зан гаргах гарцыг сонгож ч болно.

Ц.Маргад

 

Холбоотой мэдээ