Ерөнхийлөгч цахимаар тангараг өргөхгүй

2021-06-20 220 0

Ард түмэн нь цар тахалд нэрвэгдэж амь наана там цаана байхад олон мянган иргэдийн амиар дэнчин тавин байж сонгуульдаж ялсан. Гэхдээ энэ сонгууль дэндүү аниргүй, хүлцэнгүй болж өнгөрсөн. Бохир арга хэрэглэж бэлэн мөнгө тараасан асуудлыг АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ мэдэгдсэн ч тоож авч хэлэлцэж байгаа нь үгүй мэт бас л аниргүй.

Энэ удаагийн буюу найм дахь удаагийн сонгууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд явагдаж зургаан жилийн хугацаатай томилогдож буй анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болов.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой зэрэгцэн МАН-ын даргыг сонгох тус намын Их хурал болно. 4-5 хүний нэр дуулдаж буй ч хэн нь ч сонгогдсон түүний фракцийнхан учир У.Хүрэлсүхийн саварт базууллаа л гэсэн үг. Монгол улс нэг хүний хэмжээлшгүй эрх мэдэлд ийн шилжиж байсан гашуун түүх ерөөс байхгүй.

Гэлээ ч энэ бүхэнд тэрээр сэтгэл ханасангүй. Аль эрт өнгөрч баларсан цэргийн парадыг сэргээн зохион байгуулж, өөрсдийн баталсан хуулиа уландаа гишгэлээ. Цар тахал гээч нь парадад жагсахаар бэлтгэлдээ гарсан 3200 цэргийн албан хаагчдад тусахгүй юм шиг аашилж байна.

Зэвсэгт хүчний жанжин штабаас хэвлэлийнхэнд тайлбар өгөхдөө тэдгээр цэргийн алба хаагч нар бол Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох жагсаалд оролцох бэлтгэл хийж байгаа. Эдгээр албан хаагчдаас тодорхой хэсэг нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын жагсаалд оролцох болов уу гэж таамаглаж байна гэсэн юм.

Харин тангараг өргөх ёслолын сүрт жагсаал хийх гэсэн түүний хүсэл иргэдийн дургүйцэлтэй тулгарч түүнийг тангаргаа цахимаар өргө хэмээн шаардаж буй. Ингээд У.Хүрэлсүх намын даргын хувиар Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан хийх гэж байсан ёслолын жагсаалыг цуцлах шийдвэрийг 6-р сарын 18-ны өдөр гаргажээ. Гэлээ ч Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын жагсаалын талаар ам нээсэнгүйг бодоход иргэдийн эсэргүүцлийг юман чинээ тоохгүй байгаагийн илрэл болов уу.

Муу нэрийг хусавч арилахгүй буюу У.Хүрэлсүхийн үнэн төрх

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа буюу одоогоос 13 жилийн өмнө  “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт нэр холбогдож байв. Ингэснээр Монгол Улсын түүхэнд анх удаа шүүхээс ял сонссон парламентын гишүүн болжээ. Уг хэрэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадна, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нар холбогдсон түүхтэй.

2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч 2013 онд бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргаж, чөлөөлөгдсөн. Улмаар эхнэрээ эмчлүүлэхээр Австрали улсыг зорьсон байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх 2012 оны наймдугаар сард чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай нударга зөрүүлснээсээ болж УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөхөөс өөр аргагүй байдалд орсон гэх мэдээлэл ч бий.

Ц.Маргад

Холбоотой мэдээ