Гоё пэнтхауст амьдарч, феррари унамаар байна

2021-06-20 543 0
Shares

Рэппер Дон Диор буюу С.Мөнхтулга анх ‘Камертон-2’ шоу, ‘Voice Mongolia’ шоуны анхны буюу 2018 оны дугаарын ‘Blind audition’ шатанд өөрийн зохиосон ‘Gang’s khan’ дуугаараа оролцсон ч хасагдаж байжээ. Гэсэн ч тэрээр огтхон ч бууж өгөхийг хүссэнгүй урлагт хайртай зангаар шаргуу хөдөлмөрлөсөөр өөрийн стилийг олсон нь эмо рэп урсгал байв. Дууныхаа үгийг ихэнх рэпперүүдийн адилаар өөрөө зохиодог.

2020 оны 4-р сард Укатай хамтран ‘Crash landing on you’ дуу гаргасан нь залуусын таашаалд ихэд нийцсэн төдийгүй чартад дээгүүр байр эзэлж байв. Энэ нь ‘Voice Mongolia’ шоунаас ердөө хоёр жилийн дараа coach-тэйгээ хамтран дуултлаа хөдөлмөрлөсөн гээд бодоход залуу дуучны хувьд чамлахааргүй амжилт юм.

Залуусыг байлдан дагуулсан уран бүтээлчийн нэрийг түүнд дотны найз нь өгчээ. ‘Don’ гэдэг нь удирдагч гэсэн үг. Харин ‘Dior’ бол түүний дуртай брэнд.

Түүнийг шивээсгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд амьдралынх нь салшгүй нэг хэсэг гэнэ. Энэ тухай Дон Диор ‘Хүн өөрийн сонирхож байгаа зүйлээ хийж амьдарч, өөрийн ертөнцтэй байх ёстой. Хэрвээ хэн нэгэнд миний шивээс таалагдахгүй байгаа бол тэр л биз. Би өнөөдөр хамгийн сайхнаараа байна. Шивээсээ тоолж үзээгүй ч биеийн маань 40-50 хувь шивээстэй. Гүн утга агуулгатай биш ч биедээ олон шивээс хийлгэсэн’ хэмээн ярьжээ.

‘Аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч чадаж байна уу’ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр ‘Мэдээж хүн гэдэг амьтанд хүсдэг зүйл асар олон. Гоё пэнтхауст амьдармаар, Феррари унамаар байна. Энэ бол зүгээр л наад захын асуудал. Санхүүгийн эрх чөлөөнд хүрмээр байна, олон гадаад хэл сурмаар байна. Эх орныхоо нэрийг өөрийн уран бүтээлээр дэлхийн тавцанд гаргамаар байна. Өнөөдрийн хувьд ч сэтгэл хангалуун байж чадаж байна. Фэнүүдтэйгээ уулзаж, гарын үсгээ өгөөд, шинэ сэргэг мэдрэмж аваад л. Нөгөө талаас ийм зүйл бүтээчихсэн гэдгээ харахад баяртай л байна’ гэж хариулжээ.

 

Нэг хэсэг тэрээр х.а.р т.а.м.хины хэрэгт орооцолдож, оддын өвчнөөр өвчилснөөр хавь ойрынхоо хүмүүсийн дургүйг хүргэж байсан юм. Thunder, Vandebo нартай тус бүр хамтарсан уран бүтээл гаргасан ч Youtube-ээс устгагджээ. Энэ нь магадгүй биеэ тоож ‘би’-ээр өвчилсөнтэй нь холбоотой байх магадлалтай. Тухайн үед Desant, Ангууч нар түүнд хандаж ах зах хүний хувиар биеэ зөв авч яваарай гэсэн утгатай үг хэлж байв. Хэсэг дэггүйтсэн Дон Диор ч тэгсгээд томоожсон уу элдвийн шуугианд өртөх нь багассан юм.

Дон Диор Maad.mn сайтаас гаргасан 2020 оны онцлох 10 эрхмийн нэгэнд бичигдсэн байдаг. Түүний анхны цомог ‘Lost it’ эмо рэп байсан бол хоёр дахь цомог ‘Devil inside’ нь трэп болон поп чиглэлийг барьжээ.

Түүний шоунд орохоос эхлээд хэрхэн амжилтад хүрсэн тухай ЭНД дарж үзнэ үү!

Ц.Маргад

Shares

Холбоотой мэдээ