ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН 176 ОЮУТАН БАТЛАМЖАА ГАРДАЖ АВЛАА

2020-11-30 154 0

Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан сургалтын төлбөрийн тэтгэлгийг 3 дахь жилдээ олгож байна. 2019-2020 оны хичээлийн жилд нийт 176 оюутан 207 сая төгрөгийн тэтгэлгийг авах болзлыг хангажээ. Өнөөдөр/2019 оны 10-р сарын 11/ УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, М.Билэгт болон аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудтай Төрийн ордонд гэрээ байгуулж, тэдэнд батламжийг гардууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ дипломын төлөө бус мэдлэгийн төлөө өөрийн үнэт цаг, хүч хөдөлмөрөө зориулан суралцахын чухлыг хэлээд дэлхий дахинд томоохон компаниуд хүний ур чадвар, хандлагаар шалгуур тавьж ажилтнаа сонгодог болсныг онцлов.Орон нутагт чухал шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд хөшүүрэг болох, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах, дэмжих зорилгоор зарлагдаж байсан уг тэтгэлэгт хөтөлбөрт 2017 онд 70 гаруй оюутан хамрагдаж байсан бол 2018 онд нийт 165 оюутанд 800 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгожээ. Тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээсээ хойш давхардсан тоогоор 400 гаруй оюутанд бодит дэмжлэгийг үзүүллээ. Тэтгэлгийн санхүүжилтыг орон нутгийн өмчит “Корундгео” ХХК гаргаж иржээ. Жилээс жилд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутны тоо нэмэгдэж байна.

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл гаргагч нь Баянхонгор аймагт нэн шаардлагатай мэргэжлээр, тодорхой нэр бүхий сургуульд элсэн суралцах эрхийг авсан, ЭЕШ-д дундаж оноо 600-гаас дээш авсан зэрэг нарийн шалгуурыг хангасан байхыг холбогдох журмаар тодорхой заажээ. Нөгөө талаар нэгэнт тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн бол тухайн хичээлийн жилд хоёроос доошгүй удаа оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох, илтгэл тавьсан байх, сурлагын амжилт үзүүлсэн байх, төгсөөд өөрийн орон нутагт хэрэгцээ шаардлагатай газар ажиллах зэргийг нарийн тусгажээ.
Аймаг орон нутгаас тавьсан шаардлагыг хангаж, оюутнууд сурлагын амжилтыг жил дараалан үзүүлж байна. Тухайлбал, уг тэтгэлгийг гурван жил дараалж 37 оюутан, хоёр жил дараалж 59 оюутан авах боломжийг хангажээ.

Орон нутгийнхаа ирээдүйд бодит хөрөнгө оруулалт хийж, оюутнуудаа дэмжиж байгаа энэ тэтгэлэг нь улсдаа анхдагч гэдгээрээ онцлогтой юм. Нөгөө талаар Баянхонгор аймаг хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө улсдаа тэргүүлэх аймаг болох зорилгыг өмнөө тавьсан. Түүний нэг чухал ажил оюутан залуусыг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж буй явдал юм.

Холбоотой мэдээ