Ч.Өнөрбаяр: Төр засаг шагнал, шийтгэл гээд л сэтгээд байвал улс Ёроол руугаа унана

2021-06-26 284 1
Shares

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай намын шинэчлэл тойрсон асуудлаар ярилцлаа.

-У.Хүрэлсүх маргааш тангаргаа өргөнө. Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлая гэж та уриалах болсон. Яагаад заавал шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг онцлоод байгаа юм бэ?

-Төр иргэний өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн ойлголт байдаг. 1992 оны ардчилсан Үндсэн хуульд төр анх удаа иргэний өмнө хуулийн болоод эдийн засаг, нийгэм, бусад баталгааг бүрдүүлэх үүрэг хүлээдэг болсон. Ардчилсан төр иргэний өмнө хариуцлага хүлээж чаддагаараа ялгаатай. Өнөөдөр цар тахлаар 470 гаруй иргэнээ алдчихлаа.

Хүмүүст маш их хохирол учирч, өдөрт арваараа амь насаа алдаж байхад төр хариуцлага хүлээхгүй байж болохгүй. Төр мөнгөгүй, төсөв хүнд байгаа юм уу гэхээр арван тэрбумаар наадам хийх тухай яриад байдаг. Ойн медалийн үйлдвэрлэж тараах тухай хэлэлцээд байдаг. 150 мянган медаль хийхэд тэрбум орчим төгрөгийн төсөв гарсан гэсэн. Их хурлын гишүүд мөнгө байгаа болоод тэгж байгаа байлгүй. Зарим нэг нь “150 мянган медаль цөөхөн байна. Намд олон жил зүтгэсэн хөгшүүлээ оролцуулаад хаана ч хүрэхгүй шүү дээ” гэж байна лээ. Энэ нь дахиад медаль үйлдвэрлэх мөнгө байгаа гэж ойлгогдож байгаа. Засгийн газар үнэт зүйлээ эрэмбэлэх ёстой. Наадам, шагналыг хойшлуулж болно. Монголын зовлон болчхоод байгаа асуудал бол цар тахал. Энэ үед иргэдийнхээ аюулгүй байдлыг яаж хангах юм, яавал хохирол багатай даван туулж бизнесээ зогсоохгүй байх юм, эдийн засгаа яаж дэмжиж, хамгаалах юм бэ гэдэгт төр менежмент хийж бодлого шийдвэр гаргах нь чухал. Зөвхөн вакцинд найдаад асуудал шийдэгдэхгүй нь тодорхой боллоо. Цар тахал бол бидний гол дайсан, гол асуудал болсон.

-Наадам хийх мөнгөөрөө иргэдээ эмчлээч, эдийн засгаа сэргээх ёстой гэдэгт санал нэг байна. Гэхдээ Ерөнхийлөгч төсөв захиран зарцуулах эрхгүй хүн шүү дээ?

-Одоо байгаа төсөв, мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөхдөө намаасаа түдгэлзэнэ. Миний ойлгож байгаагаар амьсгалын аппаратын хүрэлцээ маш муу байна. Улсын хэмжээнд 890 амьсгалын аппарат байдаг. Яармагийн 800 ортой хүүхдийн эмнэлэгт 1200 хүн хэвтэн эмчлүүлж байхад 16 ширхэг амьсгалын аппараттай байна лээ. Дээрх байдлаас улбаалан эмч нар өвчтөнөө сонгох харамсалтай байдал руу орох магадлалтай болчихлоо. Энэ бол төр хариуцлагагүйнх гэж харж байна.

  • Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө явж, үндэсний эв нэгдлийг сахиулдаг. Хамгийн гол нь улс төрийн манлайлалтай байх ёстой. Намаасаа түдгэлзчихсэн юм чинь намын шахалт, барьцаанд орохгүй.

Тэгэхээр У.Хүрэлсүх “цар тахлыг барьж” аваад өөрөө улс төрийн манлайлал үзүүлж, Засгийн газарт чиглэл өгөн, холбогдох төрийн байгууллагууд үүрэг даалгавар өгч, тодорхой түвшинд аль нэг нам гэхгүй шахаж ажиллах ёстой.

Тэгж байж Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг институцийн ач холбогдол, утга учир нь гарна. У.Хүрэлсүх намынхаа 300 мянган гишүүнийг сэтгэлдээ багтаадаг биш нийт Монголын гурван сая дөрвөн зуун гаруй иргэнээ зүрх сэтгэлдээ багтаадаг хүн байх ёстой. Тэр утгаараа том зургаар нь харж ажлаа хийх ёстой. Түүнээс биш парад зохион байгуулаад одон медаль гардуулах чинь Ерөнхийлөгчийн хийх нэн тэргүүний ажил биш. Цар тахал дээр маш, зоригтой шийдмэг байх ёстой.

-30 жилийн түүхтэй Ардчилсан нам сүүлийн гурван сонгуульд үнэмлэхүй ялагдлаа. Ялагдлын гол шалтгаан нь хагарал, хуваагдал. Цаашдаа танай нам дотоод эв зүйгээ олж, эвлэлдэн нэгдэж чадах нь уу?

–АН зөвхөн одоо ийм байдалтай байгаа юм биш. Урьд нь ч гэсэн унаж босоод ирсэн түүхтэй. Бид 2000 онд УИХ-д ганц суудалтай байж үзсэн. Дараа нь бид хамтарсан засаг байгуулах хэмжээнд очиж байсан. 1992 онд гурван суудалтай болж байсан. Дараа нь эвсэл болоод явж байсан. Яахав энэ дунд АН унаж босоод эвлэж нийлээд явдаг байсан. Том зургаар харвал АН дотооддоо нэгдээд нэг болчихно. Доод шатандаа хагараад байгаа юм байхгүй. Гэхдээ нэг юмыг бид шаардаж байгаа. Хуучин 30 жил явсан юмаараа бид явахгүй болчихлоо. Зөвхөн нэг хүн, улс төрчийг яриад байгаа юм биш. Бодлогыг хэлээд байна.

-Таны бодлоор АН ямар байдлаар шинэчлэгдэж, цааш явах ёстой юм бэ. Өнөөдрийн Ардчилсан намд яг ямар бодлого үгүйлэгдэж байна?

-Хүн төрөлхтний хөгжил цахим руу шилжсэн. Үндсэндээ гар утаснаасаа бүх дэлхийтэй харьцаж байна. Тэгэхээр гар утаснаасаа намтайгаа харилцаж яагаад болдоггүй юм. Намын гишүүн гэхээрээ хуралдаад суудаг биш гар утаснаасаа мэдээлэл авдаг, саналаа хэлж, гишүүнчлэлээ сэргээдэг, бодлого шийдвэрт оролцдог байж яагаад болохгүй гэж. АН-ыг цахим нам болохын тулд хурдтай алхмууд хийх ёстой. Гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг шинээр хийнэ. Өөрөөр хэлбэл, гишүүддээ аль болох дарамт багатайгаар QR код уншуулаад өглөө сэрэхэд нь утсанд нь намаас чат ирчихдэг, санал өгөхдөө цахимаар оролцдог энэ зүйл рүү явах ёстой.

Нэг ёсондоо АН цоо шинэчлэгдэх ёстой. АН цахим болвол зардал нь багасна. Нам дагасан хөлсний арми алга болно. Хүмүүс өөрийнхөө итгэл үнэмшлээр намдаа ханддаг, оролцдог болно. Нэг ёсондоо технологийн шинэчлэлтэй намын бодлогоо уялдуулах ёстой.

-Дотоод сунгаандаа С.Эрдэнийг дэмжиж танай намынхан гаргаж ирсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиар эсрэг ажиллалаа. С.Эрдэнээс өөр хүнийг нэр дэвшүүлсэн бол ялах боломж байсан уу?

-Нэгдүгээрт, хүн бүр нэрээ дэвшүүлэх эрхтэй. Хэн нэгний нэр дэвшүүлэх эрхийг хясан боох эрх бидэнд байхгүй. Тийм зарчим байж болохгүй. Миний ойлгож буйгаар таван хүн сунгаанд орсон. Тэндээс С.Эрдэнэ намын гишүүдийн олонхийн саналаар гараад ирсэн асуудал байгаа. Тэрнээс биш АН хэн нэгэн дарга, нэр дэвшигчийг үзэмжээр шийддэг нам биш л дээ.

2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч сунгаагаар гарч ирж байсан. Энэ сонгуулиар ардчилсан намд иргэд муу дүн тавьсан, тавиагүй гээд янз бүрээр хэлж байна. За яахав дээ. Муу дүн авлаа гэж бодъё. Муу дүн авч үзээгүй хүн байдаг юм уу. Гэхдээ тэндээс ухаарал авдаг байх ёстой. Юун дээр алдсанаа дүгнэж, цэгнэдэг байх ёстой. Алдаан дээрээсээ суралцаж сонгогчдын тавьсан дүнг онц дүн болгохын тулд явах ёстой. Тэгж л харж байна.

-Танай намын зарим гишүүд АН асуудлаа дотооддоо шийдэж эвлэлдэн нэгдэхийн тулд Онц их хурлаа зарлан хуралдуулах санаачилга гаргасан. Та дэмжиж байна уу?

-Би хувьдаа эвлэлдэн нэгдэх асуудлыг дэмжиж байгаа. Монголчууд олны хүч оломгүй далай гэж ярьдаг. Бид хүчээ нийлүүлж байж илүү далайцтай бодлого явуулж чадна. Төрийн болохгүй бүтэхгүй зүйлийг илүү хүчтэй шүүмжилж нөлөөлж чадсанаар засаг төрийн алдаа, завхралыг залруулж чадна. Тэр утгаараа илүү эвлэлдэн нэгдэх хэрэгтэй гэсэн зарчмын байр сууринд тууштай санал нэг байна. Гэхдээ тэрэнд хүрэхийн тулд тодорхой арга шийдэл хайна. Дотоодын асуудлаа зүгээр эвлэлдэн нэгдэнэ гээд орхичхож болохгүй. Тэрэнд хүрэх арга замууд байх ёстой. Хамтарсан ажлын хэсэг гаргаад нийт намын гишүүдтэй уулзалт хийгээд Монгол айлаар бол гэрээ бариад, хана туургатай болсны дараа дотроо тавих тавилгаа өрнө гэж байгаатай адил. Эхлээд намаа шинэчлэн гишүүдээ бүртгээд, цахимжуулсны дараа шинэ дүрмээрээ хүний нөөцөө яаж байрлуулах уу гэдэг нь дараагийн асуудал.

Өнөөдөр тамга тэмдгийн талаар ярихаас илүүтэй АН бодитой шинэчлэгдээд түүнийгээ нийгэмд харуулж байж сонгогчдын итгэлийг хүлээнэ. Тэгж байж бид 2024 онд Монголын асуудлыг шийдэхийн төлөө явж чадна.

–АН-ын дарга М.Тулгат намаа удирдах хэмжээний зангарагтай хүн мөн үү. Цаашдаа энэ намыг сэргээж, шинэчилж чадах болов уу?

-Залуу хүнд алдаа оноо аль аль нь бий. Тэр талаасаа харвал М.Тулгатад олон сайн чанар бий. Өндөр боловсролтой, Японд сургууль төгссөн болохоор Япон хүмүүжилтэй. Алдаа оноогүй хүн гэж үгүй. Гэхдээ алдаан дээрээ хурдан суралцаад явах чадвар түүнд бий. Залуу үеэ “та нар туршлагагүй” гээд хойш нь тавибал хэзээ энэ хүмүүст зангараг суух юм. Хэзээ улс төрийн асуудлыг шийдэж, мөс хагалж, галын дундуур явж асуудалтай нүүр тулах юм. Харин ч боломжийг олгох ёстой. Туршлагатай хүмүүс ард нь зааж, зөвлөөд явах ёстой. М.Тулгат бие даасан хувь хүн учраас би төлөөлөөд ярих зохистой биш байх.

-АН-ын маргаан тамга тэмдгийн асуудал аль шатандаа яваа вэ. М.Тулгат даргатай АН-ын тамгыг шүүх хүчин төгөлдөр гэсэн. Гэтэл О.Цогтгэрэлийн талынхан хүлээж авахгүй байгаа. Ийм байж яаж эвлэлдэн нэгдэж чадах юм бэ?

-Тамга тэмдгийн маргаан шүүх дээр явж байна. Хууль шүүхийнхээ байгууллагаар шийдэгдэх байх. Би дотоодын оймс гутлын маргаан ярьмааргүй байна. Энэ миний үнэт зүйл зарчимтай нийцэхгүй. Одоо больё л доо. Намын асуудлаас илүү Монголын зовлон их болчхоод байна. МАН байна уу, АН байна уу бидэнд тулгамдаж буй асуудлыг бүгдийг нь дайрна. Цар тахлын дараа Монголын эдийн засаг юу болж үлдэх вэ.

Иргэдийн аюулгүй байдлыг шийдэж чадахгүй. Ийм улстай хэн хамтарч ажиллах вэ. Одоо тамга тэмдэг бол жижиг асуудал. Улс төрийн намууд арай өөр юм хармаар байна. УИХ-д суудалтай намууд асуудалд улстөржихгүйгээр ширээ тойроод ярьдаг баймаар байна. Бүгд хамтдаа доошоо унаж байна. Дор дороо хэрүүлээ яриад байвал юу болох вэ.

-АН-ын хэрүүлийг ярих дургүй байгаа юм байна. Тэгвэл шинэчлэлийн тухай яръя. Танай намд шинэчлэгдэх хүсэл бөгөөд үнэт зүйл байна уу?

-Үнэт зүйл зарчим дээрээ тууштай зогсож байх ёстой. Фенг шуй С.Ганбаатарыг АН-д элсүүлсэн нь утгагүй зүйл. С.Ганбаатар АН-ын эсрэг юм ярьдаг хүн шүү дээ. Хувийн өмч байж болохгүй, хөрөнгө оруулагчийг хөөж явуулъя. Оюутолгой хэрэггүй манай намын эсрэг юм ярьдаг “товариш”. Тэгэхээр үнэт зүйл зарчмынхаа өмнө бат зогсдог байх ёстой. АН бүх шатандаа хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай нам гэдэг бол хариуцлагатай улс төрийн хүчин бөгөөд цаашид Монголын хувь заяаг хариуцлагатай авч явж чадах бололцоо бүрдэнэ. АН дотооддоо хариуцлагагүй байвал бидэнд итгэх итгэл сэргэхгүй.

-Эрх баригчдын юунд та хамгийн их бухимдаж байна?

-Төр засаг шагнал шийтгэл гэж хоёр зүйлийг мэддэг боллоо. Ярьж байгаа юм нь иргэд, аж ахуйн нэгжээ шийтгэх тухай яриад байна. Ёс зүйгүй гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байна. Төрийн өндөр албан тушаал хариуцаж байгаа хүмүүст хариуцлага тооцох тухай хууль ярихгүй байгаа юм. Хоёрдугаарт, хүн шагнах тухай ярьдаг боллоо. Энэ харамсалтай байхгүй юу. Ийм байдлаар явбал улс орон ёроол руугаа унана.

Шагнал их тарааснаараа Монголын зовлон шийдэгдэж, амьдрал ахуй сайжирдаг бол сайжрахаар боллоо. Залуу хүмүүсийн хувьд шагнал бүр хэрэггүй. Залуус өөрт таатай, өөрийнхөө сонголтоор амьдардаг, сонголтоороо бий болгосон баялгийг шударгаар хүртэх эрхтэй тийм нийгмийг хүсч байгаа. Өнөөдөр бид зөв бодлого тодорхойлж байж ирээдүй хойчдоо үр шимээ хүртээнэ. 20 жилийн дараа дахиад зовлонгоо ярьчихсан явж болохгүй. Улстөрчид өөрийнхөө байгаа цаг үедээ асуудлуудаа шийддэг байх хэрэгтэй. Дараа үедээ зовлонгоо өвлүүлчихэж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.      news.mn

Shares

Холбоотой мэдээ