Улс төрийн хамгийн том наймаачингаар Н.Энхбаяр, Э.Батшугар тодорлоо

2021-06-26 539 0
Shares

Н.Энхбаяр эцэг хүнийхээ хувьд хүүдээ нэг удаа туслаж, гишүүн болгохын төлөө намаа зараа л биз. Шударга үнэний туйл Ц.Нямдорж хүүдээ шахаа хийж өгсөнөө хүртэл бахархдаг хойно.

Рейтинг өндөртэй байвал Э.Батшугарыг миний хүү гээд хавчиж болохгүйг Н.Энхбаяр сануулсан. Тэр талаасаа Ц.Нямдорж, Н.Энхбаяр ижилхэн зантай, эрх ашгийн төлөө чөтгөртэй ч эвсэж чадах хүмүүс.

Хүүгээ гишүүн, хэн нэгнийг засагт сайд болох нь Н.Энхбаярын эрх ашигт чухал боловч Монголын том эрх ашгийн хувьд жижигхээн асуудал. Хэзээ байтлаа, Монголын төрийн сайдыг томилохдоо мэргэжил боловсрол, ур чадвар, ухааныг нь харж томилдог байлаа. Аль ч нам гарсан наймаа, тохироо найз нөхдийн аваа өгөөний ард албан тушаалаа хувааж идсээр ирсэн. Тэгээд ч үнэмлэхүй олонх болсон МАН-ынханд Сонгинохайрханы ганц мандатыг Н.Энхбаяр бэлэглэлээ гээд алдах юм байхгүй.

Алдахаас айж байгаа гол зүйл нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө болж харагдаж байна, Н.Энхбаярын хэлсэн үгийг сонсвол. Төр ажлын байр бий болгож, Н.Энхбаярын хүсч байгаа шиг авдаг цалинг нь тэгшлэх юм бол Монгол эргээд социалимз руугаа ухарна. Том төр, жижиг ард түмэн бий болно гэсэн үг. Төрийн оролцоо хумигдаж байж л иргэний эрх чөлөө нэмэгдэнэ. Төрийн оролцоо ихсэх тусам авлига, хээл хахууль, хүнд суртал нэмэгдэнэ. Мэдээллийн нэг урсгалтай болно. Энэ л бидний аюул.

Тэр тусмаа нэг хүний дарангуйлал тогтсон ОХУ-ыг жишээлэн ярьж буй Н.Энхбаярын үг жинхнээсээ айдас төрүүлж байна. Тэгээд бүр коммунистууд тав дахь Үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах улс байгуулахаар цаана тохиролцсон гэв үү. Энэхүү Бүгд найрамдах улс байгуулах хүслийнх нь ард Н.Энхбаярын эртний мөрөөдөл болох Ерөнхийлөгчийн засаглал яригдсан нь тэнэг хүн ч олж харахаар тодорхой байна.

 

Э.Батшугар: Энхбаярын хүү биш гэдгийг сонсоод надад инээдтэй санагдсан

Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

– Аавтайгаа сүүлд хэзээ уулзав?

– Өчигдөр уулзлаа.

– Биеийн байдал нь ямар байна вэ?

– Онош нь тогтоогдоогүй, биеийн байдал нь сул байсан. Шинжилгээнүүд хийгдэж байгаа юм билээ. Хоёрдугаар эмнэлгийн эмч нар одоогоор эмчилгээ хийж байгаа.

– Жинд нь өөрчлөлт орсон болов уу?

– Жинд нь өөрчлөлт ороогүй. Аав хоол сайн идэж чадахгүй хэвээрээ байгаа.

– Ухаан санаанд нь өөрчлөлт орсон болов уу?

– Хэвийн байгаа.

-Аавыг тань улс төрөөс “арчиж хаях” яриа гарч байсан. Таны ажиглаж байгаагаар энэ яриа хэр үнэний ортой байна вэ?

– Үүнийг ард түмэн дүгнэх байх. Миний бодлоор 1937 оны улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэн байна. Улс төрийн өрсөлдөгчөө хилс хэрэгт гүтгэж нийгмээс тусгаарлах гэж оролдож байна.

-Анхан шатны шүүхийн шийдвэрийн дараагаар ээж тань энэ бол Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорын хийж байгаа ажил гэж мэдэгдэж байсан. Ээжтэйгээ санал нэг байна уу?

– Ээж бид хоёр тусдаа хүн. Гэхдээ ээжтэй би нэг зүйл дээр санал нэгддэг. Юу гэхээр манай Монголд 1937 оны улс төрийн хэлмэгдүүлэлт давтагдаж байна.

– Аавтайгаа уулзахдаа хувийн амьдралаас гадна хувьсгалын ажил ярилцсан байх?

– Тийм.

– Дэд сайдын талаар ярилцсан уу?

– Хэн аль яамны дэд сайд болохыг манай нам дотор ярьж эхлээгүй байгаа. Манай эвсэлд аль яам оногдох нь одоогоор тодорхойгүй байгаа шүү дээ.

– Хэрвээ таны саналыг хүндэтгэн үзнэ гэвэл таньд аль яамны дэд сайдын суудал “ойрхон” санагдаж байна вэ?

– Үүнийг би биш, хамт олон болон намуудын хооронд хийсэн гэрээнээс шалтгаална. Би ямар дэлгүүрээс дуртай чихрээ авъя гэж байгаа биш, хүний нөөц, мэдлэг боловсрол, авьяас, чадварыг нь харж байгаад дүгнэлт хийж тохирсон хүмүүсийг томилох байх.

– Хэрвээ та Хууль зүйн дэд сайд болбол аавынхаа хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн арга хэмжээ авах уу?

– Болоогүй зүйлийн төлөө тэгнэ, ингэнэ гэх нь ач холбогдолгүй шүү дээ. Ер нь төрийн байгууллагын үйл ажиллагаа, шинэчлэлийн гэх энэ Засгийн газрын үндсэн чиглэл, зорилгын нэг нь хүний эрхийг дээдэлсэн, шударга ёсыг тогтоохын төлөө чиглэгдэх учиртай гэж бодож байгаа. Миний аавд хууль бусаар оногдуулсан шударга бус ялыг би төдийгүй үнэний төлөө гэх сэтгэлтэй хэн ч байсан засч залруулах ёстой л гэж бодож байна.

– Намууд ханцуйндаа дэд сайдад хэнийг томилох вэ гэдгийг ярилцаад эхэлсэн. Эвслийн хувьд яагаад өнөөдрийг хүртэл ярилцахгүй байна вэ?

– Нөхцөл байдлын талаас манай намд хэцүү асуудал тохиолдсон. Тухайлбал улс төрийн хэлмэгдүүлэлт, шударга бус зүйл болсон болохоор манай нам дотроо дэд сайдын асуудлыг ярилцана.

– Сайд нарын томилгоонд М.Энхсайхан яагаад “алга болчихов”?

– М.Энхсайхан дарга Монголын шилдэг улс төрчдийн нэг. Түүний нэрийг сайдын албан тушаалд дэвшүүлээгүй асуудлыг МҮАН-аас асуусан нь дээр байх.

– УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН, МҮАН-ыг нэгтгэе гэсэн уриалга гаргасан. Энэ талаарх таны хувийн бодол?

– Намуудын нэгдэл бол улс төрийн хүчнүүдийн төлөвшил хийгээд хөгжлийн үйл явцтай салшгүй холбооотой. Ц.Цолмон даргын нэгдэх гэсэн саналыг миний хувьд хүндэтгэлтэй хандаж байгаа төдийгүй намын гишүүдийн байр суурь, үзэл бодлыг анхааралтай ажиглаж байгаа.

– Нэгдсэн тохиолдолд намын нэр солигдох болов уу?

– Энэ асуултанд хариулахад хэтэрхий эрт байна.

– Сэдвээ өөрчлөөд таны хувийн амьдралын талаар асууж болох уу?

– За.

– Аавын тань шүүх хурлыг үзэж байхад түүний дансан дахь мөнгийг дуулаад их баян хүн байна гэж бодсон. Хүн чанар, сайхан сэтгэлийг оролцуулахгүйгээр эд баялгийн хувьд танайх хэр баян айл вэ?

– Хэдий хэмжээний мөнгө байсан бэ?

– 80 гаруй мянган доллар…

– Хүмүүсийн халаасыг битгий харж бай. Түрийвчийг битгий сөхөж бай гэдэг. Төрийн албан хаагч Хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг. Тэгэхээр аавын хөрөнгө орлогын мэдүүлгийг нь үзээрэй.

– Танай гэр бүлийн өнөөгийн байдал яг ямар байна вэ?

– Ямар сайхан байхав дээ. Манай гэрийнхний оронд өөрсдийгөө тавьж үзээд төсөөлөх байлгүй.

– Ээжийг тань Тагнуулын Ерөнхий газарт ажиллаж байхдаа нууц баримтуудыг устгасан гэдэг яриа байдаг юм билээ?

– Худлаа цуу яриа ямар аюултай хийгээд хор хохиролтой байдгийг бие сэтгэлээрээ амссан хүний хувьд хариулъя. Миний аавыг өнгөрсөн 10 гаруй жилийн турш худлаа, гүтгэсэн бөгөөд түүний хор уршгийг бид бүхэн одоо амсаад сууж байна шүү дээ. Аавд тулгасан хэрэгт авагдсан нотлох баримтууд бол дандаа таамаг яриа, ам дамжсан ярианаас үүдэлтэй байсан бөгөөд түүгээр л шүүх ял оногдууллаа шүү дээ. Тэгэхээр таны асуулт бол бас л тэдгээр цуу ярианы нэг хэсэг. Тэгэхээр тийм зүйл байхгүй.

– Уучлаарай өөрөөс тань нэг хов живийн шинжтэй зүйл асуучих уу?

– За.

– Таныг Н.Энхбаярын хүү биш гэдэг юм билээ?

– Энэхүү цуу яриаг сонссон намайг төрүүлж өсгөсөн аав, ээжид минь ямар хэцүү сонсогдох бол гэхээс сэтгэл өмөрч байна.

– Яагаад ийм яриа гарсан юм бол?

– Мэдэхгүй. Ярьсан хүмүүсээс нь асуусан нь дээр байх. Надад бол инээдтэй санагдсан. Ийм ухамсаргүй, бүдүүлэг яриа гаргасан хүмүүсийг өрөвдөж байна. Ер нь өрсөлдөгчийнхөө нэр хүндийг нь унагаах зорилгоор арга ядахдаа хэрэглэдэг арчаагүй арга юм биш үү.

– Хоёр сарын өмнө та улс төрд орохгүй гэж надад өгсөн ярилцлагадаа хэлж байсан. Тэгвэл өнөөдөр миний өмнө улс төрч Э.Батшугар сууж байна?

– Улс төрд орохгүй гээд зүгээр сууж байхад аавыг хэлмэгдүүлэхээс эхлээд хилс хэрэгт гүтгэж, зүгээр суулгахгүй байна.

– Улс төрд гэр бүлээрээ орж ирэх явдал сүүлийн үед үзэгдэх боллоо?

– Н.Энхбаяр Э.Батшугар эцэг хүү байж болно. Гэхдээ хоёр өөр субьект шүү дээ. Би өөрийнхөө үзэл бодлоор улс төрд орж ирсэн.

– Хувийн амьдрал руу тань өнгиймөөр байна. Болох уу?

– Болноо.

– Таны хийх дуртай зүйлс?

– Спортод дуртай, боловсролтой, туршлагатай хүмүүстэй ярилцаж тэднээс суралцах сайхан байдаг.

– Ууланд авирах дуртай гэж дуулсан?

– Ууланд авирах, гүйх дуртай.

– Чамлахааргүй амжилт гаргасан биз?

– Оюутан байхдаа сургуулийнхаа рэгбигийн багт тоглодог байсан. Манай баг АНУ-ын гурван удаагийн аварга болж байсан. Тэр утгаараа хурдан, action спортод дуртай.

– Өөрөө хэр “action”-дож байна? Зодоон бол хийх үү?

– Би аливаа зүйлд нэг их эмоцитой ханддаггүй.

– Шоу?

– Байхгүй.

– Хоол хийсэн шигээ байх уу?

– Тэгнээ.

– Хоол хийдэг үү? Эсвэл жонхуу зуурчих уу?

– Гайгүй ээ. Манайхан идээд байдаг юм. Би өөрөө идэхэд гайгүй л байдаг юм.

– Ном их уншдаг байх?

– Ном унших дуртай. Сүүлийн үед цахим хэлбэрээр уншиж байна. Одоогоор энэ номыг /“Sir Wiliam Glagsow” хэмээх номыг үзүүлэв. сурв/ уншиж байгаа.

– Голчлон ямар төрлийн ном илүү сонирхож байна вэ?

– Янз бүр дээ. Түүхэн, уран зохиол гээд сонирхлоороо л уншина. Уншсан номнуудаас “Шантарам” их гоё санагдсан.

– Дэд сайдын ирээдүйн гэргий хаана явна?

– Дэд сайд гэж асуух нь буруу байх аа. Надад албан тушаалын тухай бодол алга байна. Одоохондоо эхнэр аваагүй. Гэхдээ найз бүсгүй байгаа. Манай хүн намайг дэмждэг.

– 100 хувь дэмжих уу? Эсвэл арай бага уу?

– 200 хувь дэмждэг.

– Гэрлэх төлөвлөгөө?

– Цаг зав гарахгүй байна.

– Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Манай уншигчдад хандан хэлэх үг байгаа байх?

– Бүгдээрээ шударга байцгаая, хуулиа баримтлан хүнийг гүтгэхгүй, баримттай зүйлд дүгнэлт хийж амьдарцгаая.

А.Баярмаа

Shares

Холбоотой мэдээ