Ийм хариуцлагатай үед ийм хөшүүн, ийм урагшгүй ЭМ-ийн сайдтай байж болж байгаа юм уу?

2021-06-27 711 1
Shares

Та нар одоо ичих болоогүй юу!!! Хэдий болтол шир царайлж, хамаг гэм буруугаа өвчин тахал руу чихэж, матрын нулимс унагах гээ вэ? Монголчууд өдөр бүр хэдэн мянгаараа тахалд нэрвэгдэж, хэдэн зуугаараа үхэж үрэгдэж байхад та нар үхсэн ацаа хийгээд байгаа юм

“Энэ бол өвчин, тахал. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг аюул зовлон” ч гэх шиг. Хоёр жилийн турш өдөр бүхэн хэлж хэлж ирсэн өвчин биз дээ? Улсын төсвийн өч төчнөөн хөрөнгө мөнгийг зөвхөн энэ өвчинд ийм болтлоо нэрвэгдэхгүйн тулд л зарцуулаа биз дээ? Одоо тэгээд байгаа байдлаа харчих л даа. Энэ улс оронд юу болоод байгаа юм бэ.


Цар тахлын хөнөөл, тархацыг хэн ч хорьж барьж дийлэхгүй. Хэн ч байсан түүний өмнө хүчгүйдэж буйг ойлгож байна. Гэхдээ ийм байдалд хүргэхгүй байх боломж байсан уу, байсан. Ийм байдалд хүрдэг юм аа гэхэд, өнөөдрийнх шиг ийм бэлтгэлгүй, сэтгэлгүй, төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй яаж ард нь гарах болж байна аа. Хоёр жил яг юу хийсэн юм бэ, юунд бэлтгэсэн юм бэ, 26 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан юм бэ


Ам асуух биш ээ, ял асуух цаг болсон байна. Адаг сүүлд нь “Ард иргэдийн арчаагүй, хариуцлагагүй байдлаас болоод л алдчихлаа” гэж донгосоод сууж байна. Өдөр шөнөгүй сонгууль л бодож, өөрсдөө яаж эрх мэдэлтэйгээ үлдэх вэ л гэж тархиа гашилгаснаас биш, энэ тахлын савраас ард иргэдээ яаж аврах вэ гэж ганц ч удаа санаа чилээсэнгүй, та нар.


Нэг нь Ерөнхийлөгч болох гэж үхэн хатан зүтгэж, нөгөө нь Ерөнхийлөгч байгаа дээрээ нэр нүүр олох гэж өдөр алгасалгүй шагнал тарааж баярхлаа. Үүнийх нь гороор өнөөдөр ард иргэд л байсан байрандаа, балчиг намагтаа үлдэж хоцров. Өдий хэрийн аюул занал нүүрлэчихээд байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь таг дуугүй. УИХ-ын дарга, гишүүд, өнөөх сүрхий “Харвардын санваартан” хочит Ерөнхий сайд нь ч таг дүлий. Сүрхий нэртэй сөрөг хүчин нь бүр хэлгүй, нүдгүй, чихгүй. Ганц өмхий бөгс багтах зайтай нэг муу сэнтийний төлөө болохоор үхэж хатах гээд өлсгөлөн зарлаад давхилдаад байсан, хаа байна.


Эрх баригч, сөрөг хүчин нэртэй хүн сүгнүүд ээ!!! Та нар яг одоо л ард түмэндээ хэрэгтэй байна. Ард түмнийхээ нэрийг барьж сайхан эрх мэдэлд хүрч, бишгүй л эд хөрөнгөтэй болцгоолоо, та нар. Одоо ганц удаа ард түмнийхээ төлөө ялаа батганын чинээ авиа ядаж гаргаач!

1. Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээгээ иргэддээ хүртээмжтэй, ойлгомжтой болгож, хүч нэмэгдүүлээч. Хувийн эмнэлгүүд, сувилагч, асрагчдыг дайчилж, шаардлагатай төсөв мөнгийг нэн даруй шийдэж өгөөч.

2. Эм эмчилгээний үнээ хөнгөлж чадахгүй бол ядаж PCR түргэвчилсэн оношлогоогоо үнэ төлбөргүй болгооч. Ард иргэддээ халдвар авсан бол яаралтай эмчлүүлж, аваагүй бол ажил амьдралаа аядуулах боломжийг нь олгох хэрэгтэй биз дээ?

3. Бүх бизнесээ хөл хорьж, хааж боосон бол бүх төрлийн банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг мөн адил зогсоогооч ээ. Үндсэн зээл болон хүүгийн төлөлтийг зөвхөн хойшлуулаад өнгөрөх нь ямар ч үр дүнгүй байна. Ард иргэд чинь өвчинд баригдаад үхэх, өрөнд баригдаад үхэх хоёр ялгаагүй сонголттой тулах нь байна.

4. Хил дээр түгжирсэн ачаа таваараа нэн даруй саадгүй нэвтрүүлэхэд анхаарал тавиач. Хоног хугацаа алдахын хэрээр бизнесүүд чинь дампуурч, ачааны үнэ нэмэгдэж, өртөг зардал нь хөөрхий түмний нуруун дээр үнийн нэмэгдэл болж ирээд байна.

5. Ямар ч ажил хийх, хариуцлага хүлээх чадваргүй “Амьгүй албат” нараа зайлуулаач. Тэд чинь ажил хийх нэгэнд садаа болоод байна, тээг болоод байна. Заваан хүнд суртал, хөгийн арга барилаа нийгэмд хорт бодис шиг цацаж халдаагаад байна. Ийм хариуцлагатай үед ийм хөшүүн, ийм удаан, ийм урагшгүй Эрүүл мэндийн сайдтай байж болж байгаа юм уу? Улсын онцгой комиссын дарга, УИХ-ын овилгогүй, тархигүй, олхиогүй хэдэн гишүүдээ хар.

 

Өөр зөндөө л юм байна. Хүлцэнгүй байдлын хүлээс алдуурч байгаа хүмүүс олон байгаа шүү. Тэдний гомдол, бухимдал тэсэрвэл та нар жинхэнэ “ТАХАЛ”-тайгаа нүүр тулах болно шүү. Өвчин тахалд буруу өгч суухын оронд олигтойхон ажил хийж, хариуцлага үүрэг хоёроо хавтай сайхан үүрээд явах цаг чинь ӨНӨӨДӨР шүү. Өнөөдрийг алдвал маргааш гэж өдөр байхгүй.

Shares

Холбоотой мэдээ