С.Амарсайхан цар тахлын халдвар авч Улсын Онцгой Комисс удирдлагаа яаралтай солих асуудал яригдаж эхэллээ

2021-06-27 711 0
Shares

Монгол Улсын Шадар сайд, УОК-н дарга С.Амарсайхан цар тахлын халдвар авсан мэдээлэл бидэнд ирлээ. Эрсдэлт бүсэд ажилладаг тэрбээр урьдчилан сэргийлэх вакциндаа хамрагдсан байсан тул хөнгөн хэлбэрээр өвдсөн бөгөөд гэрийн нөхцөлд тусгаарлагдан эмчлүүлж байгаа, биеийн байдал нь хэвийн ажлаа онлайн хэлбэрээр үргэлжлүүлж байгаа аж.

Нийслэл хот төдийгүй хөдөө орон нутагт халдвар авсан хүний тоо, нас барсан хүний тоо огт буурахгүй байгаа энэ цаг үед Улсын онцгой Комиссийн дарга Амарсайхан халдвар авч гэрээсээ ажлаа хийнэ гэдэг нь Улсын нийт хүн амын эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах, халдварыг хумих ажлыг зохион байгуулах, Удирдлагаар хангах ажлууд төдийчинээ саарна гэдэг нь ойлгомжтой асуудал юм.

Иймд Улсын онцгой Комиссын даргын ажлыг өөр хүнээр удирдуулах асуудал хүчтэй яригдаж эхэлжээ. Энэ нь ч зөв биз дан ганц нэг хүний албан тушаалын асуудал биш олон зуун хүний амь настай холбоотой, улс орны асуудал учир яаралтай шийдвэрлэх байх гэж иргэд харж сууна. Гол нь бидэнд цаг, минут, секундээр хэмжигдсэн тулгамдсан асуудлууд асар их байгааг хүн бүр ухамсарлаж байгаа нь ойлгомжтой.

Дан ганц шадар сайд гэлтгүй НОК-н нэр бүхий албан тушаалтан, Мэргэжлийн хяналтын эрсдэлт бүсэд ажилладаг өндөр албан тушаалтнууд цар тахлын халдвар авсан нь цар тахлын халдвар хэр их өргөн цар хүрээг хамраад байгааг харуулж байгаа юм.

 

Covid-19-өөр өвдсөн иргэдэд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна

Улсын хэмжээнд энэ долоо хоногт нийт 16143 хүн Covid-19 халдвар авсан нь батлагдаж, эмнэлгийн болон гэрийн тусгаарлалтад байгаа. Мөн хүнд байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нас баралт буурахгүй байгааг салбар яамны ээлжит мэдээллийн үеэр онцолсон билээ. Тухайлбал, сүүлийн хоногт хоёр сартай нярай нэн хүнд хэлбэрээр эмнэлэгт гурав хоног эмчлүүлж байгаад нас барсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Хоногт бүртгэгдэх халдварын тоо огт буурахгүй байна. Эрдэмтдийн зүгээс дархлаажуулалтын үр дүн гарч, ирэх сард халдварын тохиолдол буурах тооцоололтой байгаа ч батлагдсан тохиолдол 2000-аас дээш бүртгэгдсэн хэвээр байна. Одоо нэн тэргүүнд анхаарах зүйл бол вакцин хийлгээгүй хүмүүс олон нийтийн газраар явахгүй байх, аль болох иргэд гэрээр өөрсдийгөө тусгаарлах шаардлага үүслээ. Учир нь өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14138 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 9450, хүндэвтэр 3352, хүнд 1095, маш хүнд 241 хүн байна.

Хөнгөн шинж тэмдэгтэй ихэнх хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй байгаа. Гэвч эмнэлгийн орны хүрэлцээ дүүрч, хүнд болон зарим хөнгөн өвчтнүүдийг коридорт хэвтүүлэхээс өөр сонголтгүй байна. Иргэд өөрийгөө хянаж ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрээсээ гарахгүйгээр харьяа өрхийн эмнэлэгтэйгээ холбогдохыг зөвлөж байна.

Covid-19-өөр өвдсөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй байгаа бүх хүнийг хүлээн авах боломжгүй. Эмнэлэг болон тусгаарлалтын сувилалуудын ихэнх нь оргүй болж, коридортоо өвчтнүүдийг хүлээн авч байна. Одоогийн байдлаар вакцины бүрэн тунд хамрагдсан суурь өвчтэй хүмүүсээс халдвар илэрч байгаа ч жирэмсэн болон бага насны хүүхдийн өвчлөлийн тохиолдол маш өндөр байна. Иймд иргэд та бүхэн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүний 2554 нь хүүхэд байгаа юм. Тиймээс хүүхдээ аль болох гэрээсээ гаргахгүй байхыг анхаарууллаа. Маргаашнаас нийслэлд 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ.

 

Shares

Холбоотой мэдээ