Монголчуудын амийг аварч байгаа “Мана-4”, “Норов-7” танг хэрэглэвэл цар тахлыг эмчилж болно

2021-06-30 1364 0
Shares

Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухаан судлалын ерөнхий мэргэжилтэн, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн Дотрын өвчин судлалын тэнхимийн профессор, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагватай коронавирусийн халдварын үед “Мана-4”, “Норов-7” танг хэрхэн зөв хэрэглэх талаар ярилцлаа.

-Коронавирус халдварын хөнгөн хэлбэрийн үед уламжлалт эмчилгээ, эм, тан хэрэглэснээр ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Манай улс коронавирусийн халдварын үед уламжлалт анагаах ухааны эм, тан хэрэглэх хоёр түр заавар боловсруулан, мөрдөж байна. Гуравдугаар сараас уламжлалт анагаах ухааны эмч нар, орчин үеийн эмч нартай нэг баг болж улаан бүсэд ажиллаж эхэлсэн. Хөнгөн хэлбэрийн үед уламжлалт эм танг хэрэглэснээр өвчин хүндрэхээс сэргийлж байна. Зөвхөн “Норов-7”, “Мана-4” тангаар хязгаарлахгүйгээр улсын бүртгэлтэй олон эмийг дангаар болон хавсран эмчийн заавраар хэрэглэх талаар түр зааварт тодорхой тусгасан.

-Хэрвээ өвчин хүндэрсэн тохиолдолд “Норов-7”, “Мана-4” танг хэрэглэх нэмэртэй юү?

-Хоёр дахь шинэ заавраар хөнгөн, хүнд, хүндэвтэр хэлбэрийн үед уламжлалт анагаах ухааны эм танг хэрэглэж болно. Гагцхүү өвчний явцыг цусны шинжилгээ, рентген, компьютерийн оношилгоогоор маш сайн хянах хэрэгтэй. Тухайлбал, цус өтгөрч, тромбоз үүсэх хүндрэл их байна. Энэ үед Д-диамерын шинжилгээ, бүлэгнэлтийн шинжилгээгээр хянаж, “Тагтаггүнсэл” хэмээх эм хэрэглэвэл сайн. Уушгины үрэвсэлтэй халуурсан үед “Лидэр-7”, “Жугана-25” эм үр дүнгээ өгч байна.

-“Норов-7”, “Мана-4” танг монголчууд түгээмэл хэрэглэж байна. Бодит үр дүн хэрхэн гарч байгаа вэ. Өвчнийг хэдэн хувь эдгээх чадвартай вэ?

-“Мана-4”, “Норов-7” гэдэг нэрийг мэдэхгүй монгол хүн байхгүй байна. Олон зуун жил дамжин хэрэглэсэн гайхамшигтай эм. Уламжлалт эм бол орчин үеийн химийн гаралтай эмийг бодвол харьцангуй гаж нөлөө багатай. “Мана-4”, “Норов-7” эм нь хямарсан махбодыг сэргээдэг. Коронавирус халдварын эсрэг үйлчилгээтэй эм дэлхий нийтэд гараагүй байна. Тиймээс уламжлалт эмээр коронавирусийг устгаж байна гэвэл өрөөсгөл ойлголт. Гаднаас халдварласан вирус бие организмын олон үйл ажиллагааг алдагдуулж хүндэрвэл, үхэлд хүргэж байгаа учраас таарсан тохирсон гэхээсээ илүү ямар зүйлд нөлөөлж байна гэдэг нь чухал.

-Эдгээр танг хэрхэн зөв зохистой хэрэглэх ёстой вэ. Буруу, хэтрүүлж хэрэглэснээр ямар сөрөг нөлөө илрэх вэ?

-Уламжлалт анагаах ухааны онолоор “Мана-4” хий, халуун боловсруулах, бадгана, хийг дарах заалттай. “Норов-7” нь эс боловсорсон халуун, хижиг, дагшуур, хий, цус хямарсан халууны үед хэрэглэнэ. Буруу хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлнэ.

-Халдвараас сэргийлж, урьдчилсан байдлаар яаж хэрэглэвэл зохистой вэ?

-Эмчийн зааврын дагуу “Мана-4” танг 05-1гр өдөрт гурван удаа 200мл усанд хийж буцалгаад 100 мл хүртэл ширгээж хөргөж ууна. “Норов-7” танг мөн 0,5-1,0гр 200 мл усанд хийж буцалгаад 100мл хүртэл ширгээж өдөрт гурван удаа ууна. Биеийн байдлыг ажиглан 7-14 хоног хэрэглэнэ.

 

-Эдгээр тангийн орц, найрлагад юу ордог вэ. Хаана ихэвчлэн ургадаг вэ.Цар тахал гарахаас өмнө эдгээр танг юунд уудаг байсан бэ?

-“Мана-4” тан нь мана, лидэр, гаа, гандиргар гэсэн дөрвөн найрлагатай. Лидэр, гандигар хоёр монголд ургадаг. Манын үндэс, гаа хоёрыг гадаадаас авдаг. Манай оронд маныг тарималжуулан хэрэглэж байна. “Мана-4” нь хижгийн халууныг боловсруулж, цайвар бор бадган, хоосорсон халуун, бадган хийг арилгана.

“Норов-7” нь “Мана -4” найрлага дээр ар үр, бар үр, жүр үр гэсэн гадаадаас авдаг гурван үрийг нэмж найруулсан тан юм. “Мана-4” бие махбодын зохицуулга, дархлал дэмжих үйлдэлтэй бол гурван үр нь цус шингэлэх үйлчилгээтэй.

Товчоор хэлбэл, өвчнөөс сэргийлэх, дархлал дэмжих, цус шингэлэх гол үйлдэлтэй гэсэн үг. Энэ танг Монголын эрдэмтэд маш сайн судалсан. Цар тахалаас өмнө олон зуун жил хэрэглэж ирсэн туршлагаар батлагдаж нотлогдсон сайн жор.

-“Норов-7”, “Мана-4” танг дотоодын хэчнээн үйлдвэр эмийн санд нийлүүлж байна вэ?

-Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрүүд худалдаалж байна. Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнгийн эмийн сан, “Оточ манранба” эмнэлгийн эмийн үйлдвэр, “Монгэм” эмийн үйлдвэр зэрэгт байна.

-Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүнд ямар нэгэн сөрөг нөлөө үлдэх үү?

-Итали, Англи, АНУ, Хятад, Испани, Франц зэрэг улсуудад хийгдсэн судалгаагаар коронавирусийн шинж тэмдэг илэрсэн 7000 гаруй хүнийг зургаан сар судласан. Үүнээс харахад маш олон эрхтэн тогтолцоонд байнгын болон хожуу хугацаанд шинээр сөрөг үр дагавар, хүндрэлүүд гарсаар байгааг нотолсон.

Тухайлбал, амьсгал давчдах, ханиалгах, хүчилтөрөгчийн байнгын дутагдалд орох, цусны бүлэн үүсэх, байнга ядрах сульдах, зүрх дэлсэх, цээжээр өвдөх, булчингийн сулрал, үе мөчний өвчин, сэтгэл түгших, сэтгэл гутрал, нойргүйдэх, анхаарал төвлөрөл муудах, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй байх, бөөрний архаг өвчлөл, үс унах, амьдралын чанар муудах зэрэг өөрчлөлт гарч байгаа.

-Гаднын улс орон коронавирусийн халдварыг уламжлалт анагаах ухаанаар хэрхэн эмчилж байна вэ. Манай улс эдгээр танг хэрэглэхээс өөр ямар уламжлалт эмчилгээ зөвлөж байгаа вэ?

-БНХАУ уламжлалт анагаах ухааны эмээр коронавирусийн халдварын эмчилсэн гэж дэлхий нийтэд зарласан. Huoxiang Zhengqi, inhua Qinggan, Lianhua Qingwen зэрэг эмүүдээс “Линхуа чингвен” эмийг манай улс хэрэглэж байгаа. Манай улс коронавирусын халдвар гарсан цагаас хойш эмчлэх түр заавраа боловсруулан, хоёрдахь түр заавраа гаргаж уламжлалт эмээ хэрэглэж байна. Ковидын дараах сэргээх эмчилгээнд уламжлалт анагаах ухааны эм, заслын аргуудаас гадна, зүү эмчилгээг хэрэглэж байна.

 

 

 

Shares

Холбоотой мэдээ