Таатай мэдээ: Эхээсээ төөрсөн бамбарууш өсч торниод тайгадаа эхээ хайхаар одлоо

2021-07-03 626 0
Shares

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна. Төөрсөн бамбарууш 2-3 сартай, 6 кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзжээ.

Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг өнөөдөр ой, тайгад нь тавих ажлыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулсан байна.

Ингэхдээ сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10 км байх ой, хөвчид тавина. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид хяналт тавин ажиглана гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв. Болсон явдлыг эргэн сануулбал:

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас:
Гурван сартай баавгайн бамбарууш өдөрт нэг литр сүү уудаг

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлын хотонд энэ сарын 16-нд бамбарууш иржээ. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байгаа тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсан байна. Тус сумын Шуурхай баг хуралдаж БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг нэг сар тэжээн, амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар болжээ.

Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг тэжээж байгаа бөгөөд түүнийг өхөөрдөн Миша гэж нэрлэсэн байна. Бамбарууш 2-3 сартай, зургаан кг жинтэй, 48 см өндөртэй байгаа бөгөөд өдөрт 1 литр сүү ууж байгаа гэнэ. Түүнийг бие даан амьдрах чадвартай болохоор нь нэг сарын дараа буюу жимс, мөөг ургахаар байгальд тавихаар төлөвлөж байна.

Сүүлийн өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт баавгай явж байгаатай нутгийн иргэд таарсан байна. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул хорхойтсон баавгай явсан ул мөр олдсон байна. Идэш тэжээл хомс байсантай холбогдуулан баавгай ичээнээс гарч суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхааруулав.

Shares

Холбоотой мэдээ