Дайны талбараас ээждээ бичсэн сэтгэл шимшрэм захидал танд нэгийг бодогдуулна. ХҮН ЯМАР ӨЧҮҮХЭН ЮМ БЭ?

2021-07-04 339 0
Shares

Дэлхийн I дайны Эзэн хааны агаарын флотын ахмад Эрик Фокс Питт Лаббокын захидлыг хүргэж байна. Тэрээр 1893 оны тавдугаар сарын 16-нд Их Британийн Вестминстер гэх газар Авбери гэр бүлийн ууган хүү болон мэндэлсэн байна. Дэлхийн дайны нүүрэн шугамаас ээждээ хаяглан бичсэн сэтгэл шимшрэм уг захидал өнөөг хүртэл Их Британийн Эзэн хааны музейд хадгалагддаг аж. Эрик Фокс Питт Лаббок 1917 оны гуравдугаар сарын 11-нд дайны талбарт амиа алджээ. Харамсалтай нь, дайны талбар дахь мянга мянган цэрэг эрсийн цогцос дундаас түүний цогцсыг нь олж чадаагүй юм.

Хайрт ээждээ,

Энд хүмүүс өдөр бүр үхэлтэй нүүр тулгардаг. Үхэлтэй нүүр тулгарсаар хэдэн сарыг үдэхэд үхэх магадлал, үхэх өдөр хоногоо ч дотроо таамагладаг боллоо. Тиймээс би өөрийгөө нас барахад таныг тайвшруулж, сэтгэл хөдлөлийг тань дарах цөөн үг бичихээр шийдэн сууж байна. Захидал бичихээр шийдсэн минь ч ийм л зорилготой. Бичиж, бодож байгаа бүхэн минь л миний амьдрал хэчнээн хурдан богиносож байгааг мэдрүүлэх боллоо.

Би энэ газар үхлийн дараа юу болох тухай аль болох төсөөлөхгүй байхыг хичээдэг. Төсөөлж, бодох бүрд л толгой дотор асар олон мянган бодлууд эргэлдэж байдаг. Гэсэн хэдий ч энэ бүх асуудал, үл ойлголтыг шийдэх боломжгүй мэт санагдах боллоо. Жоохон хүүхэд амьдрал гээч яг ямар байдгийг мэддэггүй адил үхлийн дараа ч бид амьдралын тухай ямар ч ойлголтгүй болж болох юм. Гэхдээ энэ амьдрал биднийг өдөр болгон сайн, сайхан амьдрахад сургаж байгаа гэдэгт би итгэдэг.

Энэ бүх зүйл таныг хүүгээсээ хагацах зовлонгоос ангижруулахгүй гэдгийг бат мэдэж байна. Аль чадахаараа л бичиж үлдээж буй өчүүхэн үгс минь ч танд тусалж, таныг тайвшруулж чадахгүй гэдгийг мэдэх байна. Тиймээс л таныг хүүгээ өршөөнө гэдэгт найдаж байна. Надаас хагацах үед танд очих маш хүнд цохилтоос урьтаж өөрийгөө бэлдэж, тэр их уй гашууг давж туулан, сайн, хамгаас сайхан амьдрахыг хичээгээрэй. Таны өмнө ачаа асарч, түүнийг маш агуу, бас хамгийн сайхан сэтгэлт, сайн хүн болгож хүмүүжүүлэх нүсэр их ажил бий. Бас гэргийд минь ч хүүхдээ асарч хамгаалах, хүмүүжүүлэхэд нь туслах хэрэгтэй.

Нэгэнт хүү нь энэ хорвоогоос үгүй болохын цагт хүүгийнхээ гэргийн төлөө, тэдний хүүхдийнх нь төлөө амьдраарай. Миний амьдралынхаа туршид хийсэн, үйлдсэн бүх алдааг минь мартаж, чадвал өршөөж, намайг зөвхөн таны хайрт, хамгийн гайхалтай энхрийлэл дунд өсөж торнисон, хайр дүүрэн хүү хэвээр нь санан дурсаарай.

1916 оны арваннэгдүгээр сарын 10

Shares

Холбоотой мэдээ