БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч М.Ганзориг таалал төгсчээ

2021-07-05 1232 0
Shares

Хөдөлмөрийн баатар сансрын нисгэгч Ганзориг таалал төгсжээ. Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай

Холбоотой мэдээлэл:

Сансрын нисэгч М.Ганзориг Информатикийн хүрээлэнг байгуулж байжээ

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн түүхт өдөр НИТХ-аас БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч М.Ганзориг, Монголын сансрын багийн гишүүний нэг, Монгол Улсын үйлчилгээний Гавьяат ажилтан С.Сайнцог нарыг өчигдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм. Энэ үеэр сансрын нисэгч М.Ганзоригийн эхнэр Ц.Ломбо болон шавь А.Мөнх-Эрдэнэ нартай уулзав.

Сансрын нисэгч, Шинжлэх ухааны гавьяат ажилтан М.Ганзоригийн эхнэр Ц.Ломбо шагнал авсан мөчийн сэтгэгдлээ хуваалцахдаа, “Нөхөр маань эрүүл мэндийн шалтгаанаар өнөөдөр ойн үйл ажиллагаанд ирж оролцож чадсангүй. Энэ мөчийг тохиолдуулан монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн баярын мэндийг бүгдэд хүргэж, энэ үйл явдалд нөхрийн маань оруулсан хувь нэмрийг үнэлсэнд их баярлаж байна” гэв.

Монголын Улсын сансрын анхны нисэгч Ж.Гүррагчаа:
Би бол сансарт 7 хоног ниссэн. Үлдсэн сансар судлалыг манай М.Ганзориг хийсэн юм

Тэрээр тэртээ жилүүдийн тухай дурсан ярихдаа, “Манайх Ж.Гүррагчаагийн гэр бүлийн хамт ЗХУ-ын Оддын хотхонд 3 жил амьдраад Гүрээг сансарт нисэхэд эх орондоо ирсэн. Нөхөр маань ШУА-ийн Информатикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас захирал болтлоо өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд сансар судлалаар буюу зайнаас тандан судлах болон одон орны чиглэлээр ажиллаж ирлээ. Сансрыг шинжлэх ухааны үүднээс судлах ажилд олон жил зүтгэж байна” гэв.

БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч М.Ганзориг нь Монголын сансрын нисэгчдийн багийн гишүүн болж, ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд сансарт нисэх 3 жилийн бэлтгэлийг бүрэн хангасныг тэрээр дурсаж, 1981 онд эх орондоо ирэнгүүтээ эрдмийн зэрэг хамгаалан ШУА-ийн Информатикийн хүрээлэнг байгуулан анхны захирлаар ажиллажээ. “Нөхөр маань академич Д.Амарсайхан, доктор Ц.Адъяасүрэн, А.Баясгалан, судлаач Б.Энхтүвшин гээд олон шавьтай, хамгийн залуу нь А.Мөнх-Эрдэнэ байна. Эд маань бидэнтэй үргэлж холбоотой байдаг” гэсэн юм.

Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч М.Ганзоригийн шавь, ШУА-ийн Газарзүй, экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, “Багш маань сансрын нислэгийн дараа ЗХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнд докторын зэрэг хамгаалж, Монголдоо буцаж ирээд Физик-техникийн хүрээлэнд анхны агаар-сансрын зургийг боловсруулах лабораторийг (информатикийн) байгуулсан юм. Манай салбарыг зайнаас тандан судлах орон зайн загварчлалын салбар гэдэг. Багшийн байгуулсан лаборатори анх Информатикийн хүрээлэн болж байгуулагдан одоо ШУА-ийн Газарзүй, экологийн хүрээлэнгийн харьяанд ажиллаж байна” гэв.

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр сансрын нисэгч Ж.Гүррагчаа баатрын сансрын хөлгийн бүхээгээс авсан бүсчилсэн олон гэрэл зургийг сансрын нисэгч М.Ганзориг олон төрлийн байгалийн нөөц, ялангуяа нөөцийн менежментийн судалгаанд ашиглаж болох талаар боловсруулжээ. Түүгээрээ Монгол орны ойт хээрийг буюу Архангай аймгийн Төвшрүүлэх сумыг сонгон авч, энэ дээрээ “Монгол орны нутаг дэвсгэрийн хээрийн бэлчээрийн ургамалжилтын төлөвийг бүхээгийн хэмжилт буюу сансрын мэдээллийн тусламжтайгаар агаар сансраас тандах арга зүй” сэдвээр 1984 онд докторын зэрэг хамгаалж байсныг шавь А.Мөнх-Эрдэнэ дурсан ярьж байна.

Монгол Улсын шинжлэх ухаанд археологиос аваад газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлах салбарын эх үүсвэрийг тавьсан Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч М.Ганзоригийн талаар Монгол Улсын сансрын анхны нисэгч, хамтран зүтгэгч Ж.Гүррагчаа хэлэхдээ, “Би бол сансарт 7 хоног ниссэн хүн. Үлдсэн сансар судлалыг манай Ганзориг хийсэн юм” хэмээн бахархалтай дурдаж байсныг шавь А.Мөнх-Эрдэнэ өгүүлж, багшийнхаа хамт зайнаас тандан судлах чиглэлээр газарзүйн мэдээллийн системийг бүрдүүлж байгаагаа хэллээ. Түүнээс багштайгаа анх хэрхэн холбогдож, шавь болж байсныг тодруулбал, “Багш маань 1984 онд доктор болж ирээд Монголын шинжлэх ухааны салбарт зайнаас тандан судлах суурийг тавьж олон салбар чиглэлээр хамтын ажиллагааг сайн хөгжүүлж олон шавьтай болж байсан. Би 2005 онд хуучнаар Информатикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар анх орж, М.Ганзориг багшийн гарын шавь, академич Д.Амарсайханы удирдлагад ажиллаж, багшийн шавийн шавь болж байсан” гэв.

Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч М.Ганзориг сансрын мэдээллээр 15, 20 төрлийн геологи, археологи, ургамлын төрөл зүйл, байгалийн бүс бүслүүрийн хил заагийг тодорхойлж, түүнийг манай орны ХАА, уул уурхай, геологи зэрэг олон салбарын судалгаанд ашиглаж иржээ.

Shares

Холбоотой мэдээ