ЗГ: Дур мэдэн хөл хорио тогтоосон аймгуудтай хариуцлага тооцно

2021-07-07 548 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, үндэсний их баяр, наадмын өдрүүдээр хэрхэн зохистой амрах талаар чиглэл гаргалаа.

Тодруулбал, экспорт, импортын боомтуудтай орон нутагт одоогийн мөрдөж буй хатуу хөл хорио хэвээр байна. Харин бусад орон нутгийн хувьд дур мэдэн хөл хорио тогтоохгүй, УОК-оос үнэлгээ хийж, Засгийн газарт танилцуулж байх чиглэл өгчээ. Өчигдрийн байдлаар 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хөдөлгөөн хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. Энэ сарын 9-нөөс 13 аймаг, 101 сумын хязгаарлалтын дэглэм дуусна.

Баяр, наадмаар ес хоног амрах хэвээр бөгөөд энэ хугацаанд нийслэлийн иргэдийг аялж, зугаалахдаа таваас доошгүйгээр явах шаардлага тавих аж. Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон, эсхүл халдвар аваад эдгэрсэн иргэн шинжилгээ өгөлгүйгээр, холбогдох бичиг баримтаа үзүүлээд зорчиж болно. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй хүмүүсийг PCR болон түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан бичиг баримтанд үндэслэн товчоогоор нэвтрүүлнэ. Орон нутагт зорчиж буй нэг өрхийн 5-аас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна.

ХӨСҮТ-өөс хийсэн урьдчилан тооцоогоор, энэ сарын 17-ноос орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол 1300 орчим болж нэмэгдэхээр байгаа аж. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэх эрсдэл байгааг танилцуулжээ. Ирэх сард коронавирусний дельта хувилбар дэлхийн 80 орчим хувьд тархана гэсэн судалгаа гараад байна.

Холбоотой мэдээ