МАХАН ИДЭШТ, АВАРГА ТАРБОЗАВРЫН БҮТЭН ЯС БАЯНХОНГОРЫН МУЗЕЙД БИЙ

2020-11-30 113 0

Дэлхийд таван динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь Баянхонгор аймгийн “Байгалийн музей”-д хадгалагдаж байна.

Махчин динозаврын төрөл болох Тарбозавр нь одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 1982 онд Монгол, Оросын хамтарсан судалгааны баг Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн Цавын хоолойгоос уг олдворыг олж байжээ. Тарбозавр гэдэг нь tarbo/аймшигт/, sausrus/гүрвэл/ гэсэн Грек үгнээс гаралтай.

Тарбозаврын өндөр нь гурван метр, урт нь есөн метр учир насны хувьд харьцангуй залууд тооцогдох юм байна. Нас бие гүйцсэн Тарбозаврын урт нь 12 метр, өндөр нь 4-5 метр, хүндийн жин нь 6 тонн шахам жинтэй болдог гэх эрдэмтдийн тооцоолол бий.Дэлхий дээр 300 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосноос 60 гаруй төрөл нь Монгол нутгаас олдсон бөгөөд Монголоос олдсон хамгийн том, махан идэшт үлэг гүрвэл нь Тарбозавр юм. Эртний энэ аварга амьтад болон далайн амьтдын чулуужсан яс нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав төдийгүй Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газруудаас олддог байна. Баянхонгорчууд аймгийн төвдөө үлэмж биет динозавруудын баримал бүхий цэцэрлэгт хүрээлэн барьж, 2010 онд ашиглалтад оруулсан байдаг. Амралт, аялал жуулчлалын “Гурван бүс цогцолбор”-ын бүтээн байгуулалтад нийт 300 гаруй сая төгрөгийг зарцуулж, 3 га газарт 7-10 метр өндөр, 10-15 метрийн урттай дөрвөн төрлийн динозавр, үлэмж биет яст мэлхийн хөшөөг хийж бүтээжээ.

Холбоотой мэдээ