Таны хашаанд өнгө нэмэх шинэлэг 10 санаа ба цэцэрлэгжүүлэлт

2021-07-09 471 0
Shares

Дөрвөн хананы дунд хашигдаж амьдрахын оронд өөрийн эдлэн газраа үлгэрийн мэт цэцэрлэгжүүлж, түүндээ мэдээж өөрийнхөө уран зөгнөлт санаануудыг тусган тохижилтыг хийж чадвал та жинхэнэ мөрөөдлийн амьдралаараа амьдрах болно. Гэрийн хороолол гэх хуучинсаг ойлголтыг үгүй хийж хашаандаа сайхан амьдарцгаая. Яагаад эдлэн газраа цэцэрлэгжүүлэх вэ? Давуу тал юу вэ? Орчин тойрноо цэцэрлэгжүүлэх, мод тарих нь тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлхээс гадна гэр бүлийн уур амьсгалыг сайжруулах, мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшилд маш их сайнаар нөлөөлж хүүхэд эерэг хандлагатай хүмүүждэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.


Бид юу тарьсан түүнийхээ ашиг шимийг хүртдэг билээ. Та жимсний мод тарихад жимсээ хураах, магадгүй өрхийн жижиг хүлэмж худалдан авч түүндээ ногоо тарьж болно. Мөн бусдад үлгэр дуурайлал болох, бусад ойр орчмын хөршүүдээ манлайлж цэцэрлэгжүүлэлт, өрхийн тариалалтыг сурталчилсанаар орчны тоосжилт буурах, цаашлаад таны тарьсан мод хөрсний бохирдол, дэлхийн дулаарлын эсрэг хувь нэмэр болох юм.

За ингээд зөвөлгөөгөө эхлэе. Хамгийн эхэнд таны хийх зүйл бол цэцэрлэгжүүлэх талбай хэмжээ, шоо дөрвөлжинг /м2/ зөв гаргана. Үүний дараа төлөвлөлтийн зураг зурна. Хамгийн гол нь өөртөө ойлгомжтой байдлаар хийх нь зүгээр ба гараараа зурсан ч болно. Зурагаа гаргахдаа та дараах асуултуудад хариулаарай.

Явган зам аль хэсгээр тавигдах , Зүлэг аль хэсэгт тарих уу, Цэцгийн мандал аль хэсэгт байгуулах уу, Мод, бут аль хэсэгт тарих уу,  Амьд хашлага хийх үү, Сүүдрэвч аль хэсэгт байрлуулах уу, Гэрэлтүүлэг аль хэсгээр хийх үү, Сандал, хогийн савыг яах вэ гээд энэ бүхэн толгой өвтгөсөн асуулт.

Дээрх асуултанд хариулж, нарийн хэмжээ бүхий зураг дээрээ байрлуулсаны дараа та ерөнхий төлөвлөөний зурагтай боллоо гэсэн үг. Та аль болохоор нухацтай бодож ажил хэрэгч байдлаар хандаарай… Уран сэтгэмж, давтагдашгүй хэлбэр хийцийг та гэр бүлийн гишүүдийн хамтаар гаргаж болох юм. Газраа тохижуулахын тулд мэдээж хэрэг нэн түрүүнд газраа цэвэрлэж, цэгцлэх хэрэгтэй. Хуучин хог хаягдал болон зэрлэг ургамлын үндсийг авах ёстой. Харин газрын хотгор, гүдгэрийг заавал тэгшлэх гэсний шаардлагагүй. Таны төлөвлөсөн зүйлд саад болоогүй л бол хэвээр үлдээх нь илүү донжтой харагдаж болох талтай. Төлөвлөлтөө гаргасан бол талбайдаа эхлээд ландшафтын хатуу элементүүдийг байршуулах нь зүйтэй. Үүнд, явган зам, гэрэлтүүлэг, сандал ширээ, саравч зэрэг болно. Ингэхдээ явган зам болон машины зогсоолыг хамгийн түрүүнд гүйцэтгэнэ. Байгалийн чулуу, асфальт, модоор гээд аль нь ч байж болно. Зуслангийн газарт чулуу илүү тохиромжтой байх нь элбэг.

Үүний дараа тухлан суух саравч, сүүдрэвч хийх бол мөн хийж гүйцэтгэх ёстой. Байнга байх саравчнаас илүүтэйгээр байгалийн чулуун талбай бэлдэж түүн дээрээ ил гал түлэх зориулалт бүхий байхаар төлөвлөх нь илүүтэй шийдэл юм. Ингэснээр сүүдрэвчид суухыг хүссэн үедээ дэлгэж, бусад үед талбайг ашиглахын тулд хураах нь илүү зай талбай хэмнэсэн төлөвлөлт болно. Сүүдрэвчийг байшинтайгаа залгаж хийвэл илүү бага зардалтай. Том газарт тохижилт хийж байгаа бол хүүхдийн тоглоомын талбайг орхигдуулж яагаад ч болохгүй. Нарлан суух талбайн чанх урд төлөвлөж өгвөл сайн. Тогоомууд модон байх нь хүүхдэд ээлтэй. Эсвэл хөнгөн маягаар элс асгасан талбай ч байж болно.

Үүний дараа зүлэгжүүлэлтийн ажлыг хийнэ. Хэрвээ та зүлэг тарихаар шийдсэн бол цаг хугацааны хувьд 6-р сарын эхний долоо хоногоос оройтохгүйгээр тарих нь хамгийн зөв. Учир нь таны тарьсан зүлэг аль болох эрт ургаснаар төдий чинээ үндэсний хөгжил илүү сайжран ургана, ингэснээр таны тарьсан зүлэгний үндэс өвлийн хүйтнийг давах хэмжээнд хүрнэ гэсэн үг. Хэрэв та оройтож зүлэг тарьвал технологийн дагуу үндэс дэмжих бордоо зайлшгүй хийх ёстойг анхаарна уу. Мөн усны нөөцийн асуудлаа шийдсэн байх ёстой зүлэг тарьсан эхний жил долоо хоногт 1-2 удаа тогтмол усалгаа шаардагддаг (цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаална) учир усалгааны асуудлаа эхлээд төлөвлөх нь зөв.

Зүлэг нь яг мод бут шиг арчилгаа шаардагддаг үүнд: Үндэс хүчилтөрөгчөөр дутагдахаас сэргийлж хөрсийг сийрүүлэх. Хог ургамлыг тогтмол тэмцэх.  Илүү их үр дүн хүсвэл бордоог тогтмол хийх.  Механик гэмтлээс сэргийлэх. Жишээ нь: автомашин дээгүүр нь явах, хүнд жинтэй юм удаан хугацаанд байрлуулах гэх мэт) 10-р сарын сүүлийн долоо хоногт цэнэг усалгаа хийж үндсийг хөлдөөх.   Хавар 4-р сараас эхлээд усалгааг бага багаар өгөх гэсэн циклээр тогтмол арчилж хамгаалж чадвал тарьсан зүлэг тань илүү өтгөн сайхан ургана.

Гэрийн ногоон байгуулмажийг зүлэгжүүлэх зорилгоор олон наст ургамлыг тариалсан тохиолдолд байнга услаж байх шаардлагатай бөгөөд хөрсний гадарга тэгш биш байвал ус тогтохгүй алдагдах болно. Зарим налуу газрын талбайг тариалтанд бэлтгэхдээ шатлан бэлтгэх арга байдаг. Зүлэг тарих талбайн хэмжээнээс хамаарч техникээр болон гар ажиллагаагаар хөрсийг боловсруулж элсжүүлэн хөнгөн бүтэцтэй болгож, хар шороо нэмж бууцаар бордож талбайг засна. Тэгшилж бэлэн болсон талбайн нэг захаас 1м2 талбай бүрийг дахин хавтгай мод тавин дарж сул хөрсийг нягтруулан тэгшилээд 60-100г үрийг жигд тараан цацаж дээрээс нь уулын хар шороо ба элсний холимогоор үрийг далд ортол/үр ил гарахгүй байхаар/ буюу 1-2 см зузаан цацаж дарна. Дараа нь тэгш хавтангаар сайтар дарж үрийг хөрсөнд суулгаж өгнө. Гэхдээ практик дээр м2 бүрийг хавтгай мод тавин дарах нь хэт их ажиллагаатай байдаг тул заавал тэгэх шаардлагагүй юм.

Энэ мэтээр 1 м2 талбай бүрээр хөөн тарилгыг нягт нямбай хийсээр нийт талбайд хийж дуусгана. Үрээ суулгасны дараа бороожуулагч хошуутай усалгааны хоолойгоор /дарлалттай усаар/ жигд бороожуулж услана. Бүдүүн усалгааны хоолойгоор юмуу хувингаар усалбал газар нь эвдэгдэж үр нь хуурай хөрснөөс ил гарах бөгөөд нэг удаа усанд сайн дэвтсэн үр буруу усалсанаас болоод хөрснөөс ил гарвал хатаж дахин сэргэн ургах боломжгүй. Иймээс усалсны дараа ил гарсан үрийг дахин хөрсөөр дарж өгөх хэрэгтэй. Тарьсан зүлэг тань 3-4 хоногт соёолж 7-14 хоногт та ширдэг шиг ногоон зүлэгтэй болсон байх болно.

Мөн та цэцэгийн мандал хийж болох ба мандлын цэцэг нь 1м2 талбайд 25-40 ширхэг хүртэл таригддаг, тус цэцэгс нь нэг наст учир 10-р сар хүртэл тасралтгүй цэцэглэнэ, мэдээж илүү үр дүн хүсвэл нэмэлтээр бордоо хийх зайлшгүй шаардлагатай. Цэцгийн мандлыг гайхалтай зохиомжлон хийвэл газар маань өнгө ороод л явчихна.

Shares

Холбоотой мэдээ