Олимпын наадмын сайн дурынхан дүрэмт хувцасаа дамлан зарж эхэллээ

2021-07-11 153 0
Shares

Удахгүй Японы нийслэлд эхлэх Токио 2020 зуны олимпын наадмын үеэр олон мянган сайн дурынхан ажиллахаар бүртгүүлээд байгаа юм.Тэд наадмын үеэр бусдаас ялгарч, танигдахын тулд Аsics фирмийн тусгай дүрэмт хувцасны иж бүрдлийг өмсөх ёстой. Гэтэл сүүлийн үед зарим сайн дурынхан дүрэмт хувцасаа онлайн сүлжээнд зарж эхэлсэн нь Токио 2020 наадмыг зохион байгуулагчдын санааг зовоож байна.

Ийм дүрэмт хувцастай хүмүүс спортын уралдаан тэмцээн болж буй байгууламжуудад нэвтрэх эрхтэй байх юм.Дүрэмт хувцасыг ашиглан гэмт хэрэгтнүүд тамирчдын дунд орох аюул бий болоод байна. Тиймээс Токио 2020 наадмын зохион байгуулагчид, Токио хотын захиргаа сайн дурынхны дүрэмт хувцсыг зарах оролдлого гарах бүрт тухайн онлайн худалдааны сайтад мэдэгдэж, таслан зогсоож эхэлжээ.

Сайн дурынханд дүрэмт хувцсыг өнгөрсөн оны тавдугаар сард анх тарааж эхэлсэн юм байна. Анх бүртгүүлсэн 80,000 сайн дурынхнаас 10,000 нь нэрээ татаад байгааг зохион байгуулагчид өнгөрсөн сард мэдээлж байв. Тэдний нэрээ татах болсон гол шалтгаан нь олимпын үеэр коронавирусийн халдвар авахаас болгоомжилж буйтай холбоотой гэнэ. Mercari, Rakuma зэрэг онлайн худалдааны сайтуудад олимпын сайн дурынхны дүрэмт хувцасны иж бүрдэл 10,000 иенээр ($91) зарагдаж эхэлжээ.

“Зарим сайн дурынхан тараасан дүрэмт хувцсыг онлайн худалдаагаар зарж эхэлсэн байна. Бид ийм зар гарах бүрт сайтын эздэд мэдэгдэж, устгуулж байгаа. Сайн дурынханд зориулсан дүрэмт хувцсыг өөр зорилгоор ашиглавал тун харамсалтай хэрэг болно” гэж Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны төлөөлөгч “This Week in Asia” сэтгүүлд ярьжээ.

Shares

Холбоотой мэдээ