Сүүлийн нэг сарын дотор тараасан одон, медалийн тоо дотоодод бүртгэгдсэн ко.ро.нагийн тооноос хол давжээ

2021-07-12 239 0
Shares

Манай улсын зовлон бол цар тах.лаас илүүтэй нийгэмд тах.ал болж буй шармал төмрөөр шороо шиг шуурч шагнадаг үзэгдэл болоод удаж байна. Хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ гээд баярлаад байдаг ч тэгтлээ их хөдөлмөрлөсөн улс нь яагаад шавар балчигтаа байгаад байдгийг хэн нь ч асуудаггүй. Түүний оронд зүгээр шагнадаг, шагнуулдаг. Энгэртээ Алтангадастай ч гэртээ хоногийн хоолгүй байх нь элбэг болжээ.

Гэтэл одоо араас нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн гэх тодотголтой хэдэн мянган медалийг төр барьж буй эрхмүүд маань төсөв мөнгөө баран байж хэвлэчихсэн байдаг. 100 жилийн дараа улс орон нь ямар байгаа хэмээн ард иргэдээ төмрөөр шагнаж, түүнийгээ бүр шагналын хур оруулах хэмээн нэрийдээд байгааг ойлгодог хүн ч ховор болсон байна. Ямартай ч сүүлийн нэг дотор олгосон одон медалийн тоо дотоодод гарсан ко.ро.нагийн тооноос аль хэдийнэ давжээ.

Хэд хоног телевизийн дэлгэцээс шинэхэн гавьяатуудын тухай мэдээ тасарсангүй. Улс төрийнхөн, урлаг соёлынхон, спортынхон, барилгачид, багш нар, эмнэлэгийнхэн гээд ер нь бүхий л салбараас гавьяа, шагналтууд төрж байна. Нүдээ олсон, олоогүй гэсэн түмэн янзын дүгнэлтүүд ч сошиал орчинд хөвөрч байх аж. Тэгэхдээ юун түрүүнд төрдөө үнсүүлж байгаа бүх хүнд баяр хүргэх нь зөв биз.

Төрд шийтгэх эрх нь байдаг бол шагнах үүрэг нь ч бас байх ёстой гэдэг үгийг энд зориуд эш татъя. Харин шагналын хэм хэмжээ, хязгаар гэж байх ёстой юу гэдэг дээр багахан тооцоо бодох ёстой гэж үзлээ. Эргээд энэ нь шагналын үнэ цэн, үгүй ядахнаа улсын төсөвт ирэх ачаа дарамттай холбоотой учраас хөндөж байгаа юм. Түүнээс хэн нэгнийг шагнасан нь буруу, хэдэн хүнд шагнал өгч хавтгайрууллаа гэдэг бол дараагийн асуудал. Угаасаа гавьяа байгуулсан бол шагнуулах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Насаараа дуулсан түүнд гавьяатыг нь өгчихгүй дээ гэсэн халаглал монголчуудын дунд байдаг шиг, гавьяат олширчихлоо гээд гавьяаг нь үнэлэхгүй орхиж боломгүй. Тиймээс ямар ч дүгнэлтгүйгээр бусдын байр суурь хийгээд зарим статистикийг харьцуулж үзлээ.

Монгол Улс 3 382 111 (2021.05.28-ны байдлаар) хүн амтай. Үүнээс 1.6 сая хүн нь насанд хүрсэн хүмүүс. Жилд дунджаар 80 орчим мянгаар хүн ам нэмэгддэг. Гэтэл зарим жил 80 000-аас хол давсан төрийн одон, медалиатнууд төрдөг гэсэн тоог ярих хүн байх юм.

Үнэн эсэх нь эргэлзээтэй ч Алдарт эхийн одонгоос эхлээд Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, гавьяат цол, Хөдөлмөрийн баатар, Улсын баатар, “Чингис хаан” одон гээд зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог шагнал л гэхэд 19 нэр төрөл байдаг юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт жилдээ л 10 000 гаруй гавьяатын тодорхойлолт ирдэг гэсэн тоо ч бий. Дээр нь Засгийн газар, салбар яамны, зарим Төрийн бус байгууллагын, хувийн хэвшлийн гээд шагналын тоо бол хэдэн зуугаараа тоологдоно.

Аймаг, сумын ойн медалиуд гээд шагналын нэр төрөл цаашаа үргэлжилнэ. Монголын залуучуудын холбоо гэх төрийн бус байгууллага л гэхэд өөрийн нэрэмжит 26 нэр төрлийн шагнал олгодог байх юм. Ингээд бодохоор Монгол шагналын орон хэдийнэ болжээ. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээр үнэ цэнээ алддаг гэж бодвол шагнал бол Монголд хамгийн үнэгүй зүйл болсон мэт.

Shares

Холбоотой мэдээ