Эрүүл мэндийн яамны эрээ цээргүй мэдэгдэл ба Энхболд сайдын хариуцлагаас зугатах санаархал

2021-07-12 481 0
Shares

Сүүлийн 24 цагт манай улсад нийтдээ 1,496 хүнээс халдвар илэрсэн байна. Энэ тоо мэдээж хот, хөдөөгүй амарч зугаалж буй энэ цаг үед эрс нэмэгдэх магадлалтай нь ойлгомжтой юм. Харин энэ үед салбарын яам, мэргэжлийн байгууллага ямар арга хэмжээ авч, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг тактикыг аль хэдийнэ боловсруулж, хүн амыг эрсдлээс хамгаалах үүрэгтэй юм. Гэвч тэд тах.лын өмнө хүчин мөхөсдөж, салбарын сайд нь удирдлага, менежментээр хангаж чадахгүйгэээ нэгэнт хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Эрүүл мэндийн яам өөрийн албан ёсны хуудастаа “Анхаар!!! Ковид-19 өвчин нийтийн дунд тархсан учир өвчлөл нэмэгдэх эрсдэл нь нэг дор олууллаа цугларч халдвар хамгааллын дэглэм алдах юм. Амралтын өдрүүдээ эрсдэлд бүү оруулаарай” хэмээн хэв нэг бичсэн байх юм. Ард иргэдийн итгэж найдаж буй төр нь аргаа барсны нэг шинж энэ л дээ. Тиймээс амрагчид минь аминд тулсан өвчин тусвал аргалах газар лав байхгүй гэдгийг өөрдөдөө сануулахад гэмгүй.

Эмч, эмнэлгийн ажилтнууд энэ өдрүүдэд нойр хоолгүй зүтгэж байгаа ч цалин хангамжгүй, ар гэр, амь насаа эрсдэлд оруулж байгаагаас үүдэн өнөөдөр ахиад ажиллах сэтгэл зүйн болоод санхүүгийн ямар ч чадамжгүй болж тартагтаа тулаад байгаа юм. Тэд эцсийн аргаа хэрэглэж төв талбай дээр жагсаал, суулт зохион байгуулсан. Гэвч ардын хувьсгалын 100 жилийн ойг 10 тэрбумаар тэмдэглэхээр хөөрцөглөж байсан Ерөнхий сайд аргаа барж, амиа зогоож буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг улс төржсөн хэмээн тохуурхаад зогсохгүй, энэ байдлаа үргэлжлүүлбэл арга хэмжээ авна хэмээн заналхийлээд амжсан байдаг.

Харин энэ үед Салбарын сайд нь таг чиг болоод зогсохгүй, дайны үед цэргүүдээ галын шугам руу явуулаад өөрөө тохилог өрөөнийхөө диван дээр ухаалаг утас маажин суусан нь зохисгүй үйлдэл болсон юм. Одоо салбарын сайд, Засгийн газар цар тах.лын тархалтыг ард иргэдийн ухамсаргүй байдалтай холбож, хариуцлагаас мултрах аргаа сэдэж байгаа бололтой. Аялж зугаалсан нь буруу, аймаг, хотуудаар өөрсдөө тараалаа. Үхвэл өөрсдийн чинь буруу, бид наадам хийгээгүй, хүн цуглуулаагүй, анхааруулсан шүү дээ хэмээн хээв нэг хэлэх өдөр ойртсоор байна. Гэтэл бид чинь энэ мэт эрсдлийг тооцоолж, өвчин зовлонгоос ангид байлгаад өгөөч хэмээн эдгээр эрхмүүдийг төрийн өндөр сэнтийд төрт улсынхаа жолоог атгуулахаар сонгочихсон байдаг.

Сонгууль явуулж өвчин тараахад иргэд үг хэлээгүй. Одоо асуудлын мөн чанарыг олохын оронд асуудалдаа ард иргэдээ буруутгахаар зэхэж байгаа бол Эрүүл мэндийн сайд та эрх биш өөрөө замаа хөөж, эрдэм чадалтай нэгэнд нь энэ хариуцлагатай албыг өгөхөө эрх биш мэднэ биз дээ.

 

Shares

Холбоотой мэдээ