Улаангомоос дэлхийн мисс болсон BIG BROTHER шоуны оролцогч БРИТА гэж хэн бэ?

2021-07-22 2690 1
Shares

Монгол телевизээр гарч эхлээд буй Big brother шоу үзэгчдээс багагүй шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл энэхүү шоунд Эх дэлхийн мисс 2020 олон улсын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Брита буюу Б.Баттогтох оролцож байгааг үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй.

Монголын мисс Б.Баттогтох Дэлхийн топ гурван тэмцээний нэг болох “Miss Earth-2020”-д эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд 17 настайгаасаа хойш Бритта гэх нэрээр дуудуулж байгаа учраас энэ нэрэндээ илүү их дассан байна. Би Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн. Улаанбаатар хотод 14 настайдаа гэр бүлийн хамт шилжиж ирээд 1 дүгээр сургуулийг төгссөн. Улмаар Хятадын Шанхай хотод Олон Улсын Худалдаа Харилцааны чиглэлээр суралцахаар ирж байлаа. Тухайн үед 17 настай бие даан амьдрах шаардлагатай болж байсан юм. Шанхайд амьдрах 7 жилийн хугацаандаа Хятад хэл сурахын хажуугаар Англи хэлэндээ анхаарч чөлөөтэй ярьдаг болсон нэгэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

Миний хувьд үргэлж шинийг эрэлхийлж илүүг сурч мэдэх хүсэл эрмэлзлийнхээ ачаар ажил үйлс маань амжилттай явж байна гэж боддог. Багаасаа бие дааж амьдраад сурчихсан болоод ч тэр үү олон орны хүмүүстэй амархан найз нөхөд болчихдог их нээлттэй хүн дээ.

Загварын ертөнцөд хөл тавьж байсан үеийнхээ талаар хуучлаач?

Шанхайд очсон эхний жилдээ л би бараг 10 гаруй см өндөр болсон. Тухайн үед сургуулийн ачааллаас болоод ч тэр үү бас их жин хассан. Энэ байдал маань загварын агентуудын анхааралд өртсөнөөр загварын ертөнцөд хөл тавих эхлэл болж байсан. Ингээд сурахынхаа хажуугаар загвар өмсөж өөрийнхөө хэрэгцээг хангаж жинхэнэ бие даасан амьдралдаа орсон. Уг нь би Шанхай руу сурахаар явахдаа тэндээ очоод цагийн ажил олж хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл ажлынхаа гарааг загварын салбараар эхлүүлж түүгээрээ багагүй амжилт гаргасандаа баярлаж явдаг. Одоо бодоход тухайн үед их жаахан байжээ. Эх орон, ээж аавынхаа нэрийг гаргах салбарт хүч үзэж байгаагаа ч бүрэн ойлгоогүй байсан даа. Гэсэн ч хэлний мэдлэгтээ анхаарах, сургуулиа төгсөх, ажлын туршлагатай болох, хүмүүстэй чөлөөтэй харьцаж сурах ёстой гэх зорилгоо урдаа тавиад л хичээж байлаа.

Хэзээнээс миссийн тэмцээнд оролцож эхэлсэн бэ? Гаргасан амжилтаасаа хуваалцаач?

Одоо бодоод байхад анх оролцож байсан тэмцээн маань их сонирхолтой, хөгтэй санагдаад байдаг. 2012 онд Итали улсаас зохиодог “Мисс Моторс” тэмцээний мэдээллийг Б. Гантогоо эгчийн хуудаснаас харчихаад, “ер нь ийшээ майл бичээд үзье” гэж шийдсэн.Тэр үед Европ руу явж үзээгүй байсан шүү дээ.Хэд хоногийн дараа тэмцээн зохион байгуулагчаас ирсэн хариунд,“Монголын мисс ирэхээр бүртгүүлсэн байгаа. Гэхдээ та Япон эсвэл Солонгос улсыг төлөөлж оролцох боломжтой” гэх хариуг илгээсэн байлаа. Би ч гайхаж байснаа сонирхолдоо хөтлөгдөөд зөвшөөрчихсөн л дөө. Одоо бодоход миний амьдралдаа гаргасан хамгийн галзуу шийдвэр гэвэл энэ л байна.

“Мисс Моторс” тэмцээндээ гуравдугаар байранд орсноос гадна шилдэг үндэсний хувцастай моделоор шалгарч байсан. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Ингэж л миний загварын амьдрал эхэлсэн юм.

Хүүхэд байхдаа мисс болно ч гэдэг юм уу, тийм хүсэл байсан уу? Ер нь ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв?

Миний хувьд хүүхэд байхдаа мисс модел болно гэх бодол хэзээ ч төрж байгаагүй. Би чинь улаан хацартай, гэрийн ажилд сайн гэж ойр тойрны хүмүүсээрээ магтуулдаг, сурлага сайтай хөдөөний хээгүй бор охин байлаа шүү дээ. Тэр үедээ инженер болж өндөр том байшингууд барихыг л мөрөөддөг байсан байх.

Өөрийн баримталдаг зарчим, зан чанарынхаа талаар яриач?

Аливаа зүйлд анхаарлаа хандуулж цаг гаргаж ажиллаж байгаа бол хамгийн сайн нь байх хэрэгтэй гэж боддог. Энэ нь надад ч сайхан мэдрэмжийг төрүүлж сэтгэл ханамжийг бий болгодог. Шаргуу хөдөлмөрч байдал минь миний нэрийн хуудас болдог гэхэд болно доо. Хүнд ер нь шар хор гэдэг зүйл байж л өсч дэвжих юм шиг санагдаад байдаг. Энэ зангийнхаа ачаар үргэлж шинэ зүйлийг сурч мэдэхийг хичээж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр чухал анхаардаг.

Дэлхийн хэмжээний мисс байх нь хүнээс ур чадвар, маш их тэвчээр шаарддаг байх?

Мэдээж хэрэг бүхэл бүтэн улсаа төлөөлнө гэдэг нь маш том хариуцлага.Хариуцлагынхаа хүрээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахын тулд аливаа тэмцээн уралдаанд бүх нөөц бололцоо, чадвараа шавхаж оролцдог. Ядарч байсан ч ядраагүй юм шиг хөдөлмөрлөх хэрэгтэй. Мэдэхгүй зүйл гараад ирвэл, “би мэдэхгүй ээ” гээд хойш суухын оронд мэддэг болохын төлөө аль болох хичээх хэрэгтэй. Хурд бас маш чухал.

Shares

Холбоотой мэдээ