Галсансүхийн сүүлийн гал.зуу ганц шүлэг

2021-07-22 1057 0
Shares

Маркиз де Садын богинохон зөвлөгөө

Тамхи нас богиносгохгүй. Тайвширцгаа. Татацгаа.

Тэр үг чинь худлаа. Тэгээд мэдсээр байж. Бүү шаналцгаа.

Архи амьдралд гай болохгүй. Айх хэрэггүй. Ууцгаа.

Алтан дэлхийг хааяа ч гэсэн согтуу харах сайхан.

Өндөрөөс бүү ай. Алив үсэр. Харай. Шунга.

Өргөн дэлхийн агаарыг шүхэрчин шиг амталцгаа.

Хүйтнээс бүү ай. Гарч зугаалцгаа. Мэдэрцгээ.


Хөрст дэлхийн амьсгалыг хайлуулах зуухан дотор мэдэрнэ гэж байхгүй.

Халуунаас бүү ай. Гарч зугаалцгаа. Мэдэрцгээ.

Хөрст дэлхийн амьсгалыг хүйтэн чулуун дор мэдэрнэ гэж байхгүй.

Бүсгүйчүүдтэй самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.

Бүсгүй хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар амсахгүй.

Эрчүүдтэй самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.


Эр хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар мэдрэхгүй.

Шүтээндээ мөргөцгөө. Залбирцгаа. Сүсэглэцгээ.

Шүтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна.

Хэрэлдэцгээ. Зодолдоцгоо. Алалцацгаа. Үхэцгээ.

Хэн ч энэ ертөнцөд дахин төрөхгүй.

Тэврэлдэцгээ. Эвлэрцгээ. Уйлцгаа. Инээцгээ.

Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгүй.

Б.Галсансүх

Холбоотой мэдээ:

Б.Галсансүхийн гурван гавьяа

Одоогоос арав гаруй жилийн өмнө би “Монголын их утга зохиол сэрээсэй, сэргээсэй!” гэсэн өгүүлэл бичиж, “Зохист аялгуу” сонинд нийтлүүлсэн юм. Тэр өгүүлэлд “…Б.Галсансүх ганцаараа боловч тун чамбай дуугаран гарч ирж, тэгэх тэгэхдээ Модернизмын цагаан толгой сурч буй жаахан хүүхэд шиг бус, бүр бичиг үсэгт тайлагдчихсан сүрхий юлган залуу шиг жинхэнэ модернист шүлэг уншин гарч ирж, үе тэнгийнхнээ болоод ахмад үеийнхнээ алмайруулан дуу алдуулж байсан юм. Түүний олон шүлэг тийм зангирсан их хүчээр сад тавин сонсогдож, хоцрогдол, зогсонги байдал, өөрөөсөө ангид өөрийг олж хараагүй гунигт ганцаардмал байдалд хүнд цохилт болсон билээ. Шинэ юмыг сэдэхэд төрөлхийн авьяасаас гадна гүнзгий мэдлэг хэрэгтэй нь мэдээж. Б.Галсансүх модернизмын түүхийг оросоор ч юм уу, англиар багагүй үзэж судалж, суралцсан нь харагддаг. Бас Америк руу алдарт Иосиф Бродскийтэй захидлаар харилцаж, тэр их хүн тоож хариу бичиж… (өөрийнх нь хэлсэнчлэн) байсан нь ч нөлөөлсөн биз ээ…” гэж бичиж байснаа өнөө эргэн харахад хүрэв.


Учир нь би энэ өдрүүдэд Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө-Пост панк шүлгүүд“ нэртэй номыг ихэд шимтэн, хэд хэдэн удаа ахин дахин уншлаа. Тэгээд 2000 онд Герман улсын нийслэл Берлин хотод ажиллаж байхдаа Монголоос захиж авдаг байсан сонингууд дээрээс түүний шүлгүүдийг олж үзэж, Монголын яруу найргийн ертөнцөд “хувьсгал” хийж буй тухай нь ийнхүү дээрх өгүүлэлдээ товч боловч дурдаж, цаашдынх нь уран бүтээлийг анхааран ажиглах хэрэгтэй юм байна гэж бодож асан бөлгөө. Тэр цагаас хойш төдийчинээ цаг хугацаа урсан өнгөрч, тэр чинээгээр Б.Галсансүх гэдэг энэ этгээд нэгэн залууг надад, бас монголын ард түмэнд нээсэн хангалттай цаг хугацаа улиран одсоныг илтгэнэм. Тийм учраас би өнөөдөр энэ “гаж” этгээд уран бүтээлчийн тухай үгээ хэлэхэд хүрэвэй.

Тийм ээ, ерээд оны дунд үест хүмүүс түүнийг чухам тэгж л хэлж, тэгж л үнэлж дүгнэн, хачирхан жигшиж, элэглэн шоолж байсан юм. Хүмүүсийн амнаас түүний тухай элдвийн үг яриа сонсддог байлаа. Тэр тусмаа зохиолч, яруу найрагч нөхдийнхөө амнаас, ялангуяа ахмад нөхдийн зүгээс жигтэй хачныг, муулж дайрсан, муушааж адласан, үл тоомсорлосон, үгүйсгэж үзүүрлэсэн бүхэн л сонсогддог байсан нь гашуун боловч үнэн. Үнэхээр ч тэр үед Б.Галсансүхийг Монголын социалист реализмын утга зохиолын ертөнц хүлээж авч чадахгүй, хүлээж авахыг ч хүсэхгүй байсан юм. Соц.реализм хэмээх зохиомол, үзэл сурталжсан утга зохиолоор 70 жил замнасан манайхан тэгж аашлах нь гайхалтгүй байсан хэрэг буй заа.

Соц.реализмаас бусдыг нь үл хүлээн зөвшөөрч, төр засгаас, үнэндээ төр засгийн дээр байсан намаас “Монголын оюун санааны түүчээ болсон утга зохиолын туурвин бичих цорын ганц арга бол Социалист реализм мөн” хэмээн зарлан тунхаглаж, түүнээс бусдыг нь хуульчлан хориглосон тэр цагт бусад арга хэлбэр болох модернизм, пост модернизм, сюрреализм, импрессионизм, имажинизм… гээд олон олон урсгал чиглэл орж ирэх, бий болох, түүгээр уран бүтээлчид бүтээл туурвих эрх огт үгүй байлаа. Одоо тэр он жилүүдийн тухай эргэн бодоход “Яагаад болдоггүй байсан юм бол? Тэдгээр олон арга урсгалд буруу юм байхгүй шүү дээ. Харин ч дутуугүй их ур чадвар шаарддаг, илүү их илэрхийлэх боломж чадавхитай биш үү?” гэж үе үе хэнээс ч юм, асуумаар байдаг юм аа.

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үрээр манай уран бүтээлчид тэр олон арга урсгалуудаар уран бүтээлээ чөлөөтэй туурвин бүтээх хязгааргүй эрх чөлөө олдсон юм. Одоо л ёстой “байдаг дуу хоолойгоороо бодсон хүссэн бүхнээ хийж, юу чаддагаа харуулна даа” гэж хүн бүр бодож, хүсэн хүлээж байв. Тэр тухай ч би арван жилийн өмнө бичиж байсан тэр өгүүлэлдээ дурдсан, одоо ч дахин дурдмаар байна. Гэвч өнөөгийн өндөрлөгөөс харахад ганцхан Б.Галсансүх л өөр урсгал чиглэлээр бичиж эхэлж, өнөөг хүртэл бичсээр байна. Харин өөр хэн ч модернизмаар, пост-аар, сюрреализмаар, эсвэл өөр ямар нэгэн “гаж, этгээд” урсгал чиглэлээр бүтээж туурвин шуугиан дуулиан тарьсангүй, шинэчлэл, нээлт хийсэнгүй ээ. Манай уран бүтээлчид соц.реализмдаа үнэнч хэвээр, хайртай хэвээр үлдсэн мэт…

Энэ бүхнээс үүдэн дүгнэхэд, Б.Галсансүх бол бидний олонхийн бодож, хүлээж авч байсан шиг тийм этгээд хачин уран бүтээлч огт биш, түүний уран бүтээл харин ч цаг үеэсээ түрүүлээгүй юм аа гэхэд цаг үетэйгээ л хөл нийлэн алхаж Монголын их утга зохиолд орж ирж, байр зайгаа эзлэн суух гэж бүтээн туурвиж явжээ. Энэ удаад түүний номыг үзээд өөрт төрсөн сэтгэгдлийг уншигчидтай хуваалцахыг хүслээ. Олон үг нуршиж, оршил өмнөтгөл бололгүй шуудхан хэлэхэд Б.Галсансүхийн уран бүтээл гурван шинэчлэл авчирчээ. Үүнд: нэгдүгээрт: монголчуудын сэтгэлгээнд шинэчлэл хийсэн байна. Хоёрдугаарт: монгол хэлэнд шинэчлэл хийжээ. Гуравдугаарт: Монголын яруу найрагт шинэчлэл хийжээ.

Одоо эдгээрийг дэлгэрүүлэн авч үзье. Б.Галсансүхийн шүлэг найраг дахь адилтгал зүйрлэл, дүр, дүрслэлүүд, эгэл дорд хүмүн төрөлтнийг байтугай, бурхан багшийг аашилж загнасан, урьд өмнө монголын яруу найрагт үзэгдээгүй гаж этгээд, хачин жигтэйгээрээ шууд ялгарч, нүдэнд тусч, тэр чинээгээрээ гайхуулан алмайруулж эхэлсэн байдаг. “Ингэж хэлж болдог юм гэж үү? Ингэж дүрсэлж болно гэж үү?…” хэмээн хачирхан дуу алдмаар, бүр үгүйсгэн шүүмжилмээр, хориглон болиулмаар дүр дүрслэл, үг хэллэгүүд уншигчдад хүрч, тэд хүлээн авч чадахгүй, илт дургүйцэн хэлэлцэж эхэлсэн билээ. Энэ тухай хожим олон судлаач шүүмжлэгчид бичсэн дээ. Тэр бүхнийг одоо энд нуршихын аргагүй ч, зарим нэг жишээг татан энэ өгүүлэлдээ дурдахыг хүсч байна.

Түүний “Яруу найргийг хэрхэн ойлгох тухай анхан шатны мэдрэмж” гэсэн ийм нэгэн шүлэг байх юм:

Сайн шүлгийг уншихад эхлээд солиотой, сонирхолтой, тэгээд сайхан

Сайн (сонсоход биш шүү уншихад) тэгээд зүгээр л сонгодог санагдана.

Жич: Зохиогч нь заавал зөрүүд, замбараагүй, задгай  (Завхай гэсэн үг биш шүү) зожиг, ганцаардсан байдаг юм…

Модернист шүлэг, модернист шүлэгчийг хэрхэн ойлгох тухай энэ зөвлөгөө үнэний хувьтай. Б.Галсансүх аливааг, юмс үзэгдлийг, ерөөсөө орчлон ертөнц, түүн дээр агч хүмүний хийгээд хүмүн бусын амьдрал, аж төрлийг огт өөрөөр, цоо шинээр олж харж, өөр хэн ч хэлж байгаагүй өнцгөөс нь дүрслэн илэрхийлэх гэсэн эрэл хайгуул, оролдлого нь амжилттай болж, тэр хэрээр шуугиулж, дуулиан шуугианы бай болж эхэлсэн байдаг. Цаг хуучнаараа байсан бол “алуулах” байлаа. Тийм ч учраас утга зохиолын шинжээч, доктор Д.Галбаатар нэгэнтаа “Энэ хэдэн залуусын турсгыг хуулахгүй юмсан!” гэж хүртэл бичиж байхав дээ. Тийм ээ, үнэхээр шинэ цаг үе, шинэчлэл, ардчилал тэднийг аварсан хэрэг. Түүний шүлгүүдийг дуртай ч, дургүй ч эхлээд сонсч, дараа нь сэмхэн ч атугай олж уншин, эхлээд бас л юу ч үл ойлгон, хачирхан гайхаж, илт дургүйцэн, муушааж, муулж, эсэргүүцэн, тэгсэн хэрнээ л сонссоор, уншсаар… аажмаар ойлгож, эвлэрч, хүлээн авч эхэлсэн нь үнэн.

Энэ л чухам ялалт байлаа. Энэ ялалт бол ерээд оны монголчуудад сэтгэлгээний шинэчлэл авчирсан юм. Бүр тодруулвал уран сайхны сэтгэлгээний шинэчлэл. Тийм ээ, бид шинээр сэтгэж, шинээр ухаарч, хүн төрөлхтнөөс хоцролгүйгээр сэтгэж чаддаг болсон хэрэг. Зарим хүн “Энэ чинь дэлхийн утга зохиолд аль эрт, зуун жилийн өмнө бий болсон байсан шүү дээ. Юун сүртэй юм?” гэж хэлэх байх. Тийм ээ, дэлхийн утга зохиолд зуун жилийн өмнө бий болсон юмыг зуун жилийн хойно ч гэлээ, Монголын утга зохиолд оруулж ирсэнд нь л бид өнөөдөр Б.Галсансүхэд талархах ёстой. “Галсансүх биш юм аа гэхэд өөр хэн нэгэн хийх л байсан” гэж бас хэлж магад. Тийм л дээ. Гэхдээ л өөр хэн нэгэн хийсэнгүй, чухамхүү Б.Галсансүх хийж чадсанд л түүний гавьяа оршиж байна. Одоо түүний “солиотой, сонирхолтой, тэгээд сайхан” шүлгүүдээс үзье:

…Үнээдэй нютагт зуслангийн байшингууд бөмбөлөгс мэт улайран

Үнээдэй нютагт алтан шаргал жорлон гэрэлтэж

Ногоон онгоц шанаагаа тулан

Нисэх буудлын тэртээд бодлогоширно…

Хоёрдугаарт, Галсансүхийн хоёрдахь гавьяа бол орчин цагийн монгол хэлэнд авчирсан шинэчлэл мөн. Ерээд оноос өмнө монгол хэлэнд ийм этгээд гаж үг хэллэг, илэрхийлэл дүрслэл байсангүй. Шуудхан хэлэхэд монгол хэлний хаа нэгтээд ийм хоосон орон зай оршиж байжээ. Тэр хоосон орон зайг Галсансүх дүүргэж өгч. Зарим жишээ татаж ярилцья: цөвүүн цаг мэт ганцаардал, архичин жүнз, үүргэвчтэй цох, аянга шулганах, бөмбөгдөгч онгоц мэт үүлс, харанхуй амьсгаадах, цэнхэр наран, торгон саран, нисдэг тэрэг мэт батгана, горхины ус мэт тунгалаг хүмүүс, уйлалт мэт зэрэглээ, хайрцагтай шүдэнз мэт хүрэн худаг, муурын исгэрээ, мэлхийн шогшролт, нохойн шивнээ, хүйтэн дарсны мэлмий, өвс зүүдлэгч хар тамхичид,…гэх мэтээр хачин жигтэй үг хэллэг, дүр дүрслэлтэй түүний шүлэг болгонд нь тааралдана:

…Бөмбөгдөгч онгоц мэт үүлсийн дор

Бяцхан хот хуучин шүхэр мэт

Дэлгэгдэхэд эрдэмтэн эсвэл халаасны хулгайч

Дутуу товчоо товчилж хүрэмний

Босгох мэт хот даяар гэрэл анивалзана…

Хүмүний сэтгэлгээ хамгийн түрүүнд үгээр дамжин бусдад хүрдэг. Галсансүхийн монгол хэлэнд хийсэн шинэчлэл чухамхүү үгээр дамжин уншигчдад хүрсэн билээ. Ингэснээр бид, юуны өмнө манай уран бүтээлчид өөрөөр сэтгэж болох юм байна гэж мэдэрч, өөрөөр сэтгэхийг оролдож, сэтгэлгээний шинэчлэл хийж эхэлсэн юм. Эдгээр мөрүүдийг, үг хэллэгүүдийг хүн сэтгэхгүйгээр ойлгохын аргагүй. Тэгэх тэгэхдээ бүр гүн сэтгэж, гүнзгий ухаарахгүйгээр ойлгоход хэцүү. Энэ бүхэн л уншигчдад оюуны дасгал, оюуны тамир болж бат суусан, хат суулгасан юм. Үг таслах, цэг, таслалыг донжтой тавих, эсвэл бүр огт цэг, таслалгүй байх, нэг шүлэг эхнээсээ дуустлаа нэг л өгүүлбэрээс бүтэх зэрэг нь зүгээр нэг чамирхал төдий бус агаад үүнээс үүдэн шүлэг найраг гэгч зөвхөн сонор мялаах чихину чимэг төдийгүй, бас нүд баясгах мэлмийн чимэг байдгийг бүтээлчээр харуулж байгаа хэрэг буй заа:

Үнээдэй нютагт уураг тархи мэт үүлс сэмжилж

Үдшийн сарны гэрэлд чогчиго исгэрч, хатсан аргалын дор

Үүргэвчтэй цох нойрсоно. Нойтон аргалын дээг-

Үүр нисдэг тэрэг мэт /хавар эртийн/ батгана

Цагаан хоолойгоор ярих мэт дүнгэнэлдэнэ…

Түүний гуравдахь гавьяа бол Монголын яруу найрагт хийсэн шинэчлэл мөн. Дээр өгүүлсэн хоёр шинэчлэл нь түүний гуравдахь, магадгүй, хамгийн чухал, хамгийн бодитой шинэчлэлийг нөхцөлдүүлжээ. Энэ тухай аанай л олныг өгүүлж болно. Дахин эхнээс нь эхэлж, үг хэллэг, дүр дүрслэл, утга илэрхийллийнх нь талаар задлан шинжилж, үнэлж дүгнэн эцэс төгсгөлгүй ихийг өгүүлж болно. Харин молхи бичээч тэр бүхнийг бусдад үлдээн, нэгэн зүйлийг дурдан энэхүү өгүүллээ өндөрлөе. Түүний яруу найргийн нэг шинэлэг хэлбэр бол Бүл шүлгүүд мөн. Дэлхийн яруу найрагт ийм хэлбэр байдаг л түгээмэл зүйл. Түүнийг харин Б.Галсансүх бүтээлчээр ашиглаж чаджээ.

“Үнээдэй нютаг дахь хавар цагийн импрессионист аялгуу”, “Хэрээтэй ярилцахуй”, “Шидэт шүлгүүд”, “Санасан шүлгүүд”, “Өндөрхаанаас зах руу эрвээхэйн нютагт зуншсан түүх”, “Пост модерн дөрвөн улирал”, “Үхлээ зөгнөсөн экспрессионист мэдрэмж”, “Андеграунд амьдралын минь дурсамж-өдрийн тэмдэглэлийн үрэгдээгүй үлдсэн хуудсыг сэргээн санасан ретро шүлгүүд”, “Хэнтийн яруу найргийн сургуульд зориулсан их элегия”, “Уйтгартай квартет”, “Өвөлд зориулав” гэх мэтийн хачин сонин нэртэй, тэр хэрээрээ хачин сонин утга агуулга, гаж жигтэй дүрслэл эрэлхийлэл, этгээд онцгой үг хэллэгүүдээр дүүрэн ийм Бүл шүлгүүд түүний уран бүтээлд голлох байр эзэлж байна.

Бас Сэдэвгүй шүлгүүд гэх нэгэн зүйл шүлгүүд бий. “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн”, “Англи хэлэнд итгэж зориулав”, “Ганцаардал”, “Бурханд хэлэх зөвлөгөө” зэрэг ийм сэдэвгүй шүлгүүд нь онцгой. Яагаад онцгой гэж хэлэв? гэвэл тэдгээрт л чухам өнөөгийн Монголын нийгэмд тулгамдаад байгаа, өнөөгийн монгол үндэстний орших, эс оршихын амин сүнс болсон асуудлууд бүхий хамгийн чухал, хамгийн эмзэг сэдвүүд шингэсэн байгаад юм. Тэр утгаар нь авч үзвэл эдгээр шүлгүүд харин ч хамгийн сэдэвтэй шүлгүүд мөн. Энэ өнцгөөс нь би түүнийг тэмцэгч гэж нэрлэхийг хүсч байна. Тийм ээ, Б.Галсансүх бол тэмцэгч мөн. Тэрээр Яруу найргийн модернист фронт командлагч шигээ бас Монголын уран бүтээлч сэхээтнүүдийн фронтыг командлан тэргүүлж чадах тэмцэгч байж чадна аа.

Тэрээр сүүлийн жилүүдэд магтаал сайшаалын үгс чамгүй олон сонсчээ. Түүний уран бүтээлийн тухай Ч.Билигсайхан, Д.Галбаатар, С.Энхбаяр, Г.Аюурзана, Д.Батхуяг, бас үзэг нэгт анд нөхөд нь гээд манай урдаа барьдаг утга зохиолын шинжээч судлаачид бараг бүгдээрээ үгээ хэлжээ. Энэ бол хийсэн юмтай хүн үнэлүүлдгийн үлгэр буюу. Ерээд онд анх гарч ирж байхдаа элдвээр их хэлүүлсний эцэст өнөө ингэж үнэлүүлэх нь зүйн хэрэг. Үүнтэй холбогдуулан монгол ардын айхтар зүйр үг ч санаанд орж ирж байна.

Тэрээр нэгэнтаа багш Н.Нямдорждоо зориулсан шүлэгтээ ингэж бичжээ:

…Горхины ус шиг тунгалаг хүмүүс

Гаднаас маань хараад Аав, хүү гэж нэрлэжээ.

Лондонгоор тэнэх Верлен, Рембогийн хөрөг

Яагаад биднийхтэй ийм адилхан байгаа юм бол оо?…

Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдоржийн, Монголын яруу найрагт хөтлөн оруулж ирсэн буриад хөвгүүн Б.Галсансүх ийнхүү XX зуун төгсгөлд ирэх XXI зууны Монголын яруу найрагт шинэчлэл хийжээ. Хэдийгээр энэ шинэчлэл дэлхийн утга зохиолд гарсан тэр үзэгдлээс зуун жилээр хоцорсон ч, зайлшгүй хийгдэх ёстой зүйл байсанд нь л Б.Галсансүхийн гавьяа оршино. Түүний яруу найргийг судлаачид “Шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн” гэж нэрлэж, өөрийг нь “Модернист фронт камандлагч” хэмээн цоллож байлаа. Магадгүй, дахиад зуун жил өнгөрөхөд Монголын уран зохиолын түүхийг туурвигч хэн нэгэн, түүний энэ цол гуншингуудыг дурдан, алтан үсгээр тэмдэглэх биз ээ. Учир нь Б.Галсансүх байгаагүй бол тэр хэн нэгэнд өнөөгийн Монголын утга зохиолын талаар бичих олигтой юм олдохгүй байх байсан юм…

Хэлбичгийн ухааны доктор(Ph.D) Я.ГАНБААТАР

Shares

Холбоотой мэдээ