SOS: Супермаркет, худалдааны төв, захуудад халуун хэмжигч, QR код, гар бүртгэл, гар ариутгагч “бэлгэ тэмдэг” төдий болжээ

2021-07-26 552 0
Shares

Нийслэлд өнөөдөр ногоон бүсгүй нэг ч газар байхгүй. Бүгд улаанаараа эргэж халдварын голомт болсон. Гэхдээ хөл хорио суларч цар тахалтай дасан зохицож шинэ амьдралын хэв маягт шилжээд багагүй хугацаа өнгөрчээ. Худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа эргэн сэргэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ “хариуцлагын гэрээ”-тэй хамт мартжээ. Нэг хэсэг нь үүргээ ухамсарлаж байхад нөгөө хэсэг нь дүр эсгэх маягтай.

Томоохон худалдааны төвүүдээс бусад супермаркет, худалдааны төв, захуудад наад зах нь халуун хэмжигч, QR код, гар бүртгэл, гар ариутгагч “бэлгэ тэмдэг” төдий болжээ. Хүмүүс ч шаардлага тавьж, сануулахаас нааш гараа ариутгаж, халуунаа хэмжихгүй. Ийм дүр зураг ердийн үзэгдэл болж. Ялангуяа хамгийн олон хүн холхидог томоохон захуудад халдвар хамгааллын дэглэм хаягдаж ямар ч “хяналтгүй” байгаа нь хүн амын дунд Covid-19-ийн дельта хувилбар бүртгэгдсэн өнөө үед илүү эрсдэл дагуулж буй. Бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар “Нарантуул”, “Хархорин” худалдааны төвүүдээр орлоо. Амралтын өдрөөр /2021.07.24/ тус худалдааны төвийг чиглэсэн автомашины цуваа, хүний хөл тасрахгүй, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ ХАЯГДАЖ, ИРГЭД АМНЫ ХААЛТАА МАРТЖЭЭ

13:00 цаг: Ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусдыг зардаг гэх хотын хамгийн том худалдааны төв бол “Нарантуул”. Захын төв хаалгаар ороход халуун үзэх, гар ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээс гадна урьдчилан сэргийлэхтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээлэл ч байсангүй. Дотогш лангуу хоорондын давчуу хэсгээр явахад юун 1.5 метрийн зай барих. Хамгийн гол нь захаар хэсэг явахад амны хаалтгүй хүмүүстэй цөөнгүй таарсан юм. Барааны хүнд тэргэнд түүртсэн ачигчид маскаа авчихаж. Мөн олон хүний дунд амны хаалтгүй чанга чанга инээж, ярилцах хүмүүс ч байв. Цаашлаад хэсэг бүлгээрээ нийлж, модон авдар тойрон хөзөр эргүүлэх хүмүүс тоглоомондоо улайрч, шүлсээ үсчүүлэн орилолдоно. Худалдаачид ч тэр, хүмүүс ч тэр амны хаалт, бээлийгүй. Амны хаалт зүүсэн хэсэг бүлэг нь хамраа гаргаж, эрүүндээ тохож, нэг чихэндээ унжуулсан байх. Энэ мэтчилэн иргэд амны хаалт зүүхээс төвөгшөөх болжээ. Үүнийг цаг агаартай холбон тайлбарлаж байв. Иргэд зуны халуунд амны хаалт зүүхэд амьсгал давчдаж байгааг хэлж байсан бол худалдаачид цай уух, хоол идэхдээ л амны хаалтаа түр авч байгаар тайлбарласан. Үнэндээ бүгд л амны хаалтнаас төвөгшөөж зүүхээсээ зүүхгүй нь их байсан юм.

“СЕЗОН”-Ы ҮЕД ХҮМҮҮС ЗАЙ БАРИХ БОЛОМЖГҮЙ

Худалдагч М.ПҮРЭВСҮРЭН:  Сүүлийн үед эрүүл мэндийн яам Covid-19 халдварын талаар өдөр бүр мэдээлэхээ больсон. Ер нь Covid-19-ийн дельта хувилбарын тухай ямар нэгэн ойлголт ч алга. Миний сонссоноор илүү архаг, өвдвөл илүү хурдан л хүндрэх магадлалтай гэнэ. Нэг үеэ бодвол хүмүүс нэгэндээ зай барь, амны хаалтаа зүү гэж шаарддаг болсон. Гэхдээ сезоны үе эхэлбэл лангуу хоорондын нарийн зайд хүмүүс 1.5 метрийн зай барих гээд дугаарлахгүй шүү дээ. Цар тахал дэгдсэнээс хойш хоёр жил болж байна. Хөл хоригдоод халдвар намжихгүй, амьдрал ч сайжрахгүй. Мөнгөгүй, амьдрах аргагүй л болно. Өнөөдрийн нөхцөлд бүгд л амны хаалтаа зүүж, зайгаа барьж амьдрахаас өөр сонголт алга. Бид амны хаалтаа зүүж л халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байна. Аль болох төлбөр тооцоогоо бэлнээр авахаас татгалздаг. Бусдаар ч ямар шаардлага бусдад тавих билээ. Хүмүүс ч шаардуулахгүйгээр өөрсдөө амны хаалтаа зүүж дадсан, зайгаа барих биз ээ. Ер нь зуны халуунд амны хаалттай байх хэцүү ч одоо дасч байна. Хэдэн зуу, зарим үед мянгаар тоологдох хүн цугладаг тус зах уг нь дотоод хяналтаараа түрээслэгч нарт халуун хэмжигчтэй байх, гараа ариутгах, бээлий өмсөх, амны хаалтаа тогтмол зүүх зэрэг шаардлагыг тавьдаг. Халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрддөг гэх.

Shares

Холбоотой мэдээ