Согтууруулах ундааг хориод хэрэглээ буураагүй ч үнэ 3 дахин нэмэгджээ

2020-12-12 538 0

Цагдаагийн байгууллагад өчигдөр/2020.12.11/ 102 дугаарын утсанд нийт 918 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 358, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 77, гэмт хэргийн шинжтэй 39 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 160 хүн эрүүлжүүлэгджээ.

Мөн хатуу хөл хорионы энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15, гэмтэл авсан 15, танхайрсан 47, хулгайлах 11, хүний биед халдсан 30, тав тух алдагдуулсан 34 дуудлага бүртгэгдсэн байна.

Тэгвэл 2019 оны 12 дугаар сард согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд маш их нэмэгдсэн. Эрүүлжүүлэх байранд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг байжээ. Өөрөөр хэлбэл цар тахлын халдвар улс оронд илэрсэнтэй холбоотой Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос сонгтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг хориглосон ч эрүүлжүүлэх байраар үйлчлүүлэх иргэдийн тоо төдийлөн буураагүй байгааг дээрх статистикаас харж болно.

Харин энэ өдрүүдэд Хориглосон шийдвэрийг дагаад архи, согтууруулах ундааны далд худалдаа газар авчээ. Хүргэлтийн гэх нэртэй худалдааны зар сошал орчинд ихээр байх бөгөөд үнэ ханшийн талаар судлахад нэг лааз пиво 6000, том савалгаатай випо 25000, 0,75 литрийн архи 60000 төгрөгийн үнэд хүрчээ. Гэтэл худалдаа, нийтлэг үйлчилгээний салбарт ажиллаж буй иргэн, ААН-үүд үүд хаалгаа барьж, ажлын байргүй болох дээрээ тулж байгааг хэлж байна. Зөвхөн Улаанбаатарт гэхэд 40 мянга гаруй хүн үйлчилгээний салбарт ажилладаг гэсэн судалгаа бий.

Зуднаар нохой зоолдог гэдэгчлэн энэхүү хөл хориотой холбогдуулж гарсан шийдвэрийн үр дүн иргэдийн архидан согтуурах явдлыг хориглож чадаагүй бөгөөд шагийн наймаачдын ашиг хонжоо олох таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ