Давхар хаустай, том жиптэй 5525 иргэн я.дууст зориулсан хүнсний толан авдаг нь илэрлээ

2021-07-29 327 0
Shares

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хүнс тэжээлийн журамд өөрчлөлт оруулсныг мэдэгдээд буй. Журамд олон өөрчлөлт оруулснаас хүнсний талон олголтыг чангаруулжээ. Тухайлбал, хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай, хоёроос дээш орон сууцтай иргэд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдаж байна. Мөн хүнсний талон авч буй тухайн өрх хоёр жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэхээс татгалзвал эрхийг нь хасахаар болжээ. Энэ талаар салбарын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа.

Амьжиргааны түвшинээс доогуур орлоготой айл өрхөд хүнс тэжээлийн нэмэгдлийг олгодог. Гэтэл хувийн сууцтай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-аас дээш малтай иргэд хүнсний талон авч байсан гэв үү. Ямар шугамаар тэдгээр хүмүүст хүнсний дэмжлэг үзүүлж байсан юм бэ?

Өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаанд үндэслэж, уг журмын дагуу хүнс тэжээлийн дэмжлэг олгож байсан. Хүнс тэжээлийн журамд өөрчлөлт оруулснаар зөвхөн энэ судалгаанд үндэслэхгүйгээр төр өөрт байгаа мэдээллийг ашигладаг болсон. Тэгээд л амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогдсон. Жишээ нь, Авто тээврийн үндэсний төвд тухайн иргэний тээврийн хэрэгслийн бүртгэл байдаг. Тиймээс регистрийн дугаарыг нь шүүхэд тухайн өрхийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг харах боломжтой.

Хоёрдугаарт, Үндэсний статистикийн хорооноос жил бүр мал тооллогын бүртгэлийг гаргадаг. Мал тооллогод тухайн өрхийн малчныг регистрийн дугаараар шүүхэд малын тоо нь гарна. Энэ бүртгэлийг ашиглах боломжтой. Мөн хүн ам орон сууцны тооллогоор иргэдийг ямар сууцын төрөлд амьдардаг нь тодорхой харагдана. Энэ мэтчилэн төрд буй мэдээллийн сангуудыг ашиглаж, зохицуулалт хийх ёстой. Иймд бид системийн хяналтаар тухайн өрхүүдийг автоматаар хасах ажлыг эхлүүлээд байна.

Хэчнээн өрх хасагдах вэ. Ямар шалгуураар хасч байна? Бидний үнэлгээгээр 900 гаруй өрхийн 5525 иргэн хүнсний талоноос хасагдах тооцоо гарсан. Нэг сард 70 орчим сая төгрөгийг хэмнэж байна. Уг нь хүнсний талон олголт цаг хугацааны хувьд байнгын хяналттай эргэх холбоотой байх ёстой.

Жишээ нь, хүнсний талонд хамрагдсан тухайн хүн жилийн хугацаанд ажил орлоготой болж амьжиргаа нь дээшилсэн байж болно. Гэтэл өмнөх Хүнс тэжээлийн нэмэгдэл олгох журмаар нэг удаагийн судалгаанд үндэслэж хүнсний талон олгодог байсан. Энэ нь буруу юм.

Тиймээс тогтмол хяналттай, байнгын системүүдээ ашиглаж ажиллах ёстой. Ер нь 2020 оноос хойш Хүнс тэжээлийн журамд өөрчлөлт оруулах тухай судалж, хэлэлцэж байсан. Хаус, хоёр тээврийн хэрэгсэлтэй, мянгат малчид хүнсний талон авч байгааг УИХ-ын дарга хүртэл өмнө нь хэлж байсан шүү дээ.

Хаус, машинтай иргэдээс гадна хүнсний талонд хамрагдсан иргэн ажлын саналаас хоёр удаа татгалзвал хасагдахаар боллоо. Ямар ажлын байр санал болгох вэ? Хүнс тэжээлийн нэмэгдэл олгох журмын шинэчлэлтийн хүрээнд бид тодорхой нөхцөлийг тусгасан. Тухайлбал, бид хоёр жилийн хугацаанд хүнс тэжээлийн дэмжлэг олгоно. Гэхдээ талонд хамрагдсан өрхөөс хөдөлмөр эрхлэх боломжтой хөдөлмөрийн насны хүмүүсийг хөдөлмөрт сургана. Амьжиргааг нь дээшлүүлэхийн тулд эхлээд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр мэргэшүүлж сургана. Тухайн хүний ур чадварт тохирсон ажлын байр санал болгоно. Хэрэв ажилд зуучлахад эхний удаа татгалзвал сурах боломж олгоно. Дахин ажлын байрны саналаас татгалзвал хүнс тэжээлийн нэмэгдэл олгохоос татгалзана. Ийм нөхцөлийг журамд тусгасан.

 

Shares

Холбоотой мэдээ