ЦЕГ: Тооцоо төлөөгүй гэсэн шалтгаанаар иргэдийг зодсон алба хаагчдын хэргийг 2 жил нуун дарагдуулжээ

2021-07-30 488 0
Shares

Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлан, улмаар өөрийгөө хамгаалах чадваргүй байх үед нь цохих, өшиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн. Энэхүү бичлэгийг хоёр жилийн өмнө болсон үйл явдлын баримт гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байгаа юм. тэгвэл энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Тус газраас хийж буй мэдээллээр урьд шөнө шалгах ажиллагаа явуулсан байна. Энэ үйлдэл нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны баарнаас иргэдийг баривчилсан бөгөөд ингэхдээ иргэний эрх чөлөөнд халдсан байна. Тухайн үед болсон үйл явцыг бүртгэлд оруулалгүй нуун дарагдуулсан гэдгийг хэлж байна. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Энэ асуудлыг прокурорын дүгнэлтээр АТГ-т шилжүүлэн шалгахаар болсон байна.

Өмнө нь жирэмсэн эмэгтэйг өвлийн хүйтэнд халад таавчиктай эмнэлгээс зөөвөрлөсний төлөө тухайн үеийн Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар огцорч байсан юм. Тиймээс олон нийтийн зүгээс болсон үйл явдалтай холбоотойгоор ХЗДХ-ийн сайдыг огцорч ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэдгийг хэлж байгаа юм.

Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, зайлшгүй хохирол учруулж баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад, хууль сахиулагч хуульд заасан баривчлах, таслан зогсоох үндэслэл, журмыг зөрчин бусдад халдаж хохироосныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцно” хэмээн заажээ.

Тайлбар: -Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэсэн байна. Мөн хуулийн 13.9 дүгээр зүйлд:

Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг өс хонзон, шунахай, хувийн сэдэлттэйгээр үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.

Shares

Холбоотой мэдээ