Хэнтийн нөхөн сонгуульд хэн нэр дэвших вэ?

2021-08-10 968 1
Shares

Ирэх аравдугаар сарын 10-ны өдөр Хэнтий болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болно. Хэнтий аймагт нэр дэвшиж сонгогдсон У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч болсон тул түүний орыг хэн залгаж УИХ-ын гишүүн болох вэ гэдэг нэн анхаарал татаж байна. Эрх баригч МАН-ын хувьд нэр дэвших магадлалтай олон хүн байна. Гэхдээ олон нийтийн хүлээлт, намын удирдлагуудын санаагаар бол залуусаа зүтгүүлэхээр тохиролцсон гэх мэдээлэл бий.

Ямартай ч МАН-аас өмнө нь Хэнтийн аймгийн Засаг дарга байсан Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Ононбаяр нар нэр дэвших чимээ гарч байгаа бол сөрөг хүчин АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нэр дэвших магадлал өндөр байгаа аж. Энэ зургаар бол Хэнтийчүүд үеэ өнгөрөөсөн хуучин улстөрчдөөс сонголтоо хийх үү, шинэ залуу үеийн төлөөллийг төрийн түшээ болгох уу гэдэг асуулттай нүүр тулахаар байна.

Н.Ганбямбын хувьд 1980 оноос эхлэн багшаар ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга гээд хашаагүй албан тушаал тун цөөхөн нэгэн. Гэхдээ энэ удаад тэрбээр УИХ-ын нөхөн сонгуульд залуу үедээ зайгаа тавьж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж өөрийн нэрээ татсан гэх мэдээлэл байна. Энэ нь үнэн бол тэрбээр улс төрчийн хувьд тэтгэвэртээ гарч байгаагаа зарласан гэсэн үг юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь 2016 онд төрсөн нутгаасаа нэр дэвшиж ялалт байгуулж байв. Тухайн үедээ хамгийн залуу УИХ-ын гишүүнээр нэрлэгдэж, тэр хэрээрээ Хэнтий нутгийнхний бахархал болж байсан ч түүний эмжилтын түүх тийм ч удаан үргэлжлээгүй байдаг. Тэрбээр хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон юм.

Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

С.Ононбаярын хувьд 2012 оноос Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүний эрхийн дэд хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчээр тус тус ажиллаж байсан туршлагатай. Мөн 2013 оноос Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүн, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн удирдах зөвлөлийн гишүүн, 2014 оноос Автобус-1 компанийн даргаар ажиллаж байжээ. Мөн нийтийн тээврийг шинэчлэхэд шаалралагтай 25-30 тэрбум төгрөгийг нийслэлийн ИТХ-аар дэмжүүлж батлуулж байжээ. Тэрбээр Хэнтийн аймгийн Биндэр сумын харъяат. МАХН – МАН-тай нэгдэхээс өмнө Хэнтий аймгийн МАХН-ын даргаар ажиллаж байсан, мөн нутгийн зөвлөлийн дэд тэргүүнээр ажилладаг. Улс төрд хөл тавьсан цагаасаа хойш тэмцэгч, шүгэл үлээгч гэдгээр иргэд, олон нийтэд танигдсан нэгэн.

Харин АН-аас Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр яриагдаж буй Б.Гарамгайбаатарын тухайд 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан нэгэн. Гэвч сонгогдсоныхоо дараагаар Бондын мөнгө шамшигдуулсан хэргээг АТГ-аас түүнийг саатуулж байсан удаатай. Тэрбээр Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавина хэмээн Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгагдаж байсан юм. Мөн Хэнтийн чиглэлд тавьсан замаасаа болж тэрбээр нэн алдаршиж байсан бөгөөд Гарамгайбаатарын замын гайг өнөөг хүртэл Хэнтийчүүд эдэлсэн хэвээр байна.

Shares

Холбоотой мэдээ