Нэрт сэтгүүлч Г.Золжаргал: Би эд баялаг, нэр алдарт сүжигтэй биш. Дуртай юм аа хийгээд явж байтал л алдар нэр хүрээд ирсэн байсан

2021-08-13 622 0
Shares

Дарга, томчуудын гэхээсээ илүүтэй эгэл амьдралын зовлон, жаргалыг эн тэнцүү үзүүлэхийг хичээхийн зэрэгцээ гэрт орж эм, гадаа гарч эр болж явдаг МУСГЗ, сэтгүүлч Гомбын Золжаргалын ертөнцөд урьж байна. Тэрбээр уулзах цагаа товлох үед Хөвсгөлөөс хоёр хоногийн өмнө ирээд аян замын тоосоо гөвж ч амжаагүй сар шинийн баярт зориулсан нэвтрүүлгийн монтаж хийж байна гэсэн юм.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа юм бэ. Зав муутай байгаа бололтой?

-Хамгийн түрүүнд айлчлан ирж буй төмөр туулай жилийн сар шинийн мэндийг Монголын хамгийн нэр хүндтэй, хамгийн олон уншигчтай “Өнөөдөр” сонины уншигчиддаа хүргэе. Хоёр хоногийн өмнө би нүд алдам цав цагаан тайгад явж байлаа. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Дархад түмний өв соёл, хэлний онцлог, ёс заншилаар баримтат кино хийх санаатай хэд хоноод ирлээ. Харин өнөөдрийн хувьд сар шинийн өдрүүдээр үзэгчдээ баясгах нэвтрүүлгийг бусад сэтгүүлч, уран бүтээлчийн адилаар унтах нойр, идэх хоолоо умартан хийж суулаа. /инээв/

-Миний болон үзэгчдийн үнэлгээгээр таны гараас гарсан уран бүтээлүүд нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулдаг. Яагаад олонд нэр хүндтэй нэвтрүүлгүүдээ орхиод ганцхан баримтат киноны төрөлд бүх хүчээ зориулах болов?

-Аав маань нэг өдөр “Алив суу” гэдэг юм байна. Тэгээд “За хүү минь чи 20 жил өдрийн настай нэвтрүүлэг хийлээ. Одоо үлдэх настай баримтат кино хий. Одоо од байх цаг чинь дуусаж, үлдээх зүйлээ хийх цаг эхэлж байна. Чамайг зурагтаар гарлаа гээд хүмүүс баярлахгүй, гарахгүй байна гэж хэн ч үгүйлэхгүй. Харин чиний ирээдүйд хийх дарга нарт биш эгэл хүмүүст ч хүрэх уран бүтээлийг чинь үгүйлж, хүлээж байна” гэсэн. Тухайн үед бас шууд баримтат кино хийдэг хүн болно гээд барьж аваагүй. Аливаа юмны төрөх цаг нь ирэх гэж нэг сайхан юм бий шүү дээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд би 20 гаруй баримтат кино хийжээ. Тэдний ихэнхийг найзууд маань эхэндээ нэвтрүүлэг үү, кино юу гэж шүүмжилдэг байсан. Харин одооноос зарим нэг нь магтдаг болоод байгаа. Баримтат кино гэдэг асар их бодож, болсон явдлыг шүүж хийдэг амаргүй төрөл. Нэвтрүүлэг хүний амаар, тухайн өдрийн аясаар дуугарч болдог. Харин баримтат кино амьдралын үнэн цаг хугацааг мөнхөлж үлдээдэгээрээ өндөр хариуцлага бас асар их дур хэрэгтэй ажил. Залуу байхад их хөөрүү, онгироо, олны өмнө байнга гарахыг хүсдэг байж. Ярилцагчаасаа түрүүлээд өөрөө л гарахыг боддог байсан ч байж магадгүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрөөсөө илүү өрөөлийг таниулах өвчинд автдаг юм байна.

-Таны олон сайхан баримтат кино, нэвтрүүлгийг үзэгчид таашаадаг. Гэхдээ хувийн амьдралыг тань шүүмжилж, “Одоо нэг хань, ижилтэй болж халуун цайгаа тухтай уумаар юм даа” гэх хүн олон бий?

-/инээв/ Одоо ганцаараа байгаа ч өмнө нь боломжийн гэр бүлтэй л байлаа. Дандаа бас ганцаараа явсангүй ээ. Өмнө нь 2-3 хүнтэй суугаад амьдрах гэж үзсэн. Болоогүй. Юунаас болдогийг мэдэхгүй. Хувийн амьдрал маань болж өгөхгүй л байсан. Гэхдээ хүүгийнхээ биеийг тэнхрүүлэхийг л хичээхээс хүнтэй суух тухай бодох ч завгүй явсаар 10 гаруй жил өнгөрч.

-Та тийм ааштай юм уу. Эсвэл тэд уран бүтээлийн тань амьдралыг ойлгосонгүй юү?

-Мэдэхгүй. Би өөрийгөө хүнтэй таарахааргүй тийм муухай ааш, авиртай амьтан гэж боддоггүй. Надтай ханилж, зовлон жаргалаа хуваалцаж явсан бүсгүйчүүд ч тийм гэж хэлж байгаагүй. Би ажил амьдрал эмхлэх, хар, бор юм хөөцөлдөхдөө их муу. Уран бүтээлээс өөр хийж чадах юмгүйдээ л хүүхнүүдэд гологдоо биз. Надад сайн хань заяагаагүй шиг байгаа юм. Бурхан надад гурван юм заяагаагүй юм байна даа гэж заримдаа гомддог юм. /инээв/ Нэгд сайн хань, хоёрт сайн машин, гуравт хангалттай мөнгө.

-Намайг жаахан байхад та зурагтаар гардаг байлаа. Тэр үед өвөө маань “Хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар энэ их ажлыг амжуулдаг сайн хүү дээ” гэж ярьж байсныг тод санадаг юм. Хэцүү үе байсан биз. Тэр үед ээж нь тусалдаг байв уу?

-Аав, ээжийнхээ буянд өдийг хүртэл хүнд хэцүү гэдгийг тойрч ирсэн юм шиг санаддаг юм. Надад ерөөсөө хэцүү байгаагүй. Муу хүнийг заяа түшдэг гэдэг шиг миний амьдралд тийм хар, бараан өдөр, үе таарч байсангүй. Бурхан надад гурван юм заяагаагүйнхээ хариуд сайн аав байхын төлөө хичээх арга, чармайлт, сайхан хүү, охин, тэгээд хэзээ ч ханаж дуусашгүй мэргэжил гэсэн гурван сайн юм заяасан. Энэ бүгдийнхээ хүчээр жаргалтай л амьдарч байна. Ээж нь хүүхдүүддээ анхаарал тавина. Бид ажил төрлийн шугамаар байнга харилцаатай байдаг.

-Хүн бүхэн аав, ээжийгээ бурхантай зүйрлэдэг. Бурхдуудынхаа талаар?

-Миний ээж, аав наддаа л бурхан. Аавийн маань хийсэн кинонууд телевизээр гарахаар аавтайгаа уулзах шиг л болдог. Ялангуяа “Анхны алхам” кино гарахаар их олон юм бодогдоно оо. Заримдаа бүр нулимс гарна. Аавынхаа захиасыг биелүүлж чадаж байгаа эсэхдээ эргэлзэж, заримдаа сэтгэл өвддөг л юм.

-Анхны хайрынхаа талаар дурсаач. Хаанахын хэн гэдэг охинд сэтгэлээ өгчихөөд, хэрхэн шатаж явсан тань хүмүүст сонин байх?

-Чиний асуулт одоогоос 36 жилийн өмнөх дурсамжыг сануулахад хүргэлээ. Дунд сургуулийн долдугаар ангид байхдаа нэг охинд дурлаад бөөн юм болж байлаа. Гэхдээ анхны юм гэдэг хоёр дахийг бий болгохын тулд байдаг учраас тэгээд л өнгөрсөн. Одоо хаана явдаг, яаж амьдардагийг нь мэдэхгүй. Зарим үед цагаан цайлган насныхаа гэрэлт дурсамжуудыг бодох ч урамтай шүү. Гэхдээ ингээд орхиё.

-Та тэгвэл хүүхдүүдийнхээ ээжтэй яаж танилцаж байсан талаараа ярих юм уу?

-/инээв/ Бид бүр цэцэрлэгийн наснаасаа нэг зусланд гардаг, өдөржин тоглож өнждөг байлаа. Аав, ээжүүд маань нэг дор ажилладаг байсан болохоор хүүхэд нас, залуу нас минь түүнтэй хамт өнгөрсөн.

-Анхны амьдрал чинь яагаад бүтээгүй юм бэ?

-Тухайн үед ардчилал мандаж, хүн бүхэн гадагшаа тэмүүлж байлаа. Тэгээд нэг л өдөр би ганцаараа үлдэж, бусад бүх хүн хаашаа ч юм явчихсан юм шиг санагдсан. Тэр үед л эхнэр маань өөр хүнтэй суусан байх. Түүнээс биш бид хоёрт хэрүүл, зодоон, хардалт, араар тавьсан гэх мэт муу муухай юм байгаагүй шүү. Би өнөөдрийг хүртэл үнэнч яваа телевиз дээрээ л уран бүтээлээ хийгээд үлдсэн.

-Танд тийм ганцаардал мэдрэгдсэн байхад тэр үед хүүхдүүдэд чинь ямар байх нь ойлгомжтой. Одоо хүүхдүүд чинь том болчихсон сайхан байна уу?

-Өө тэгэлгүй яах вэ. Охин маань Солонгост магистрт сурч байна. Хүү маань дуртай ажлаа хийхийн хажуугаар надад түшиг болоод явж байна. Хааяа дажгүй юм хийж байна шүү. Нэг бие гурав болж салаалаад удахгүй үр, жимсээ үзэх гэж байна даа.

-Өвөө болох гэж байгаа хэрэг үү?

-Одоохондоо ч арай үгүй байх. Гэхдээ хүргэнтэй болсон юм чинь удахгүй байх гэж найдаж байгаа.

-Таны уран бүтээлүүд эгэл хүмүүсийн зовлон жаргал, амьдралын баяр гуниг, хатуужлыг илүүтэй гаргахыг хичээсэн байдаг. Мөн эгэл хүмүүс юу мөрөөдөж, хүсдэгийг үзүүлэхийг зорьдог. Харин таны мөрөөдөл юу вэ?

-Хүн болгонд хүрэх оргил байдаг. Гэхдээ тэмүүлж байгаа оргил нь хүн бүрт өөр өөрөөр харагддаг. Хэн нэгний нүдэнд тэртээх оргил дээр өндөр албан тушаалын сэнтий заларч байхад нөгөөд нь сайхан гэр бүл, заримд нь шуудайтай мөнгө харагдаж байх жишээтэй. Гэхдээ тэр оргилд хэзээ хүрэх нь чухал биш. Хамгийн гол нь яаж, хэр үнэн зөвөөр тэмүүлж, авирч байгаа нь л чухал. Үнэн мөнөөр тэмүүлсэн хүн хүссэн, харсан оргилдоо л хүрнэ. Миний тэмүүлж байгаа оргилийн дээр талийгаач болсон аав минь суугаад байгаа юм. Баримтат киноны сайн найруулагч мундаг зохиолч байжээ.Тэгээд л тэр өөд мөлхөж явна . Ойрд миний мөрөөдөл их өөр болоод байгаа. Түүнийгээ би мэргэжлийнхээ гүн рүү нэвтэрч эхэлж байгаа юм болов уу гэж дотроо онгирч байгаа шүү. Ойрын хэдэн жилдээ монголоо нар зөв тойрон аялаж, одоогийн амьдралыг баримтат хальсанд үлдээнэ. Нэг ийм үг байдаг юм. “Өвгөд, хөгшид унахад өв, соёл нь хамт үгүй болж байдаг” гэж. Тиймээс хамгийн түрүүнд Дархад, Ойрд, Буриад, Урианхай гэсэн өвөрмөц соёл, зан заншлын өлгийтнүүдийн магадгүй сүүлийн гэж болох дүр зургийг баримтат кино болгох хэрэгтэй байна. Миний чадах хийгээд дуртай зүйл маань юм даа.

-Хүмүүс эртний өв соёл, зан заншил мартагдах тийшээ ханджээ гэж ярих болсон. Үнэхээр сүүлийн гэх дүр зургууд л үлдээд байгаа хэрэг үү?

-Орон нутгийг цахилгаанжуулаад телевиз, радио хөгжиж, соёлтой болохын хэрээр эртний сайхан уламжлал, өв соёл, хэл аялга устаж, үгүй болж байна. Телевиз, радиогоор халх хэлээр цацагдах бүхнийг үзэж, сонсож байгаа учраас нутгийн аялга мартагдаж байна. Хот хөдөөгийн ялгаа бараг байхгүй болчихсон шүү. Эрээнээс авчирдаг бараа, бүтээгдэхүүн бүгд орон нутагт хүрдэг болж. Соёлжиж байгаа нь сайн хэрэг ч өв уламжлал маш хурдацтай мартагдан, бүдгэрч байгаа нь харамсалтай. Би энэ урсгалыг өөрчилж чадахгүй л дээ. Гэхдээ амжиж хальсанд буулгах хэрэгтэй. Би үүнийг л чадна.

-Баян, ядуугийн ялгаа хэрээс хэтэрлээ гэдэг. Халуун цэг дээр нь явдаг хүний хувьд та юу хэлэх вэ?

-Хүн баян, ядуу ямар байх нь хамаагүй. Хамгийн гол нь зөв сэтгэлтэй байх. Монголчууд бие биенээ хайрлаж, өрөвдөхөө байчихаж. Нэг нэгэндээ дэм түшиг болохоосоо урьтаж өөртөө ашигтай нүүдлийг хардаг болжээ. Хүмүүсийн тэр тусмаа залуу хүүхдүүдийн сэтгэл их эвдэрсэн байгааг харахаар урам хугардаг. Орон нутагт нүд халтирам, хэдэн өдөр, шөнө бодогдож, сэтгэл эмзэглүүлсэн дүр төрх олон байна. Ходоодны шарх, хорт хавдар, сүрьеэ, даралт, элдэв халдваргүй хүн алга. Хүний өмнө ил гарахыг хүсдэггүй мөртлөө амьд л байхыг хүсдэг, олон жил хэвтэрт байснаасаа болоод нуруу, ууц нь цоорч, аймшигтай үнэр танартай болж бусдад адлагдсан ч нэг минут ч болов амьд байхын төлөө тэмцэн гүрийх хэчнээн зуун монгол хүн байдаг гэж санана. Аймшигтай. Бас их бохир заваан байна. Бөөс, хуурснаасаа салаагүй хүмүүс ч байна. Гэтэл энд бөөн тайлан тооцоо, төлөвлөгөө, мөнгөний эргэлт, баяжих тухай ярьсан хүмүүс. Хэчнээн тийм зүйл яриад сэтгэл нь засраагүй бол тэдгээр өвчтэй хүмүүст хүрч, тусалж чадахгүй. Өнөөдрийг хүртэл өдөрлөг, тусламж гэсэн нэрээр л тэднийг аргацааж ирсэн. Яагаад өнөөдрийг хүртэл өвчтэй хүмүүсээ халамжах, асрах тухай хэн ч ярихгүй байгаа юм бэ. Хүнд амьдрах боломж олгоно гэдэг агуу буян.

-Хүн бүхэн амьдрал болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг. Ер нь болж байгаа юм байна уу?

-Хүмүүсийн амьдрал үнэхээр дээшилсэн. Улаан-Үүдтэй харьцуулахад манай интернэт, харилцаа холбооны салбар маш хурдацтай хөгжиж байна. Хүн болгон өмчтэй болж, нэг үеэ бодоход хөдөлмөрлөж сурчээ. Гэхдээ л нэг юм байна. Нөгөө л зөв сэтгэлтэй хүн дэндүү цөөхөн байна. Өөрийнхөө бодит мөн чанараас давсан, хэчнээн зүтгээд ч хүрч чадахгүй юмаа заль мэхээр булааж, бусдын халааснаас суйлж, улсын тогооноос халбагадаж, илүү дутууг хаман цүнхлэгч олон байна. Одоогийн залуус их хялбар, хөнгөн, амар амьдрахыг хүсэж байна. Маш эрт, хурдхан баяжиж, аль нэг уурхайн захирал эсвэл улс төрийн зангиатан болохыг хүсэгч олон байна. Зохиомол клипүүд шигээ нэг л их дурлаж хайрласан хаягдаж, уйлсан хүн байхыг хүсэж байна. Нэг ёсондоо бүтээлч хөдөлмөр эрхэлдэггүй залуусын эрин үе үргэлжилж байна даа.

-Энэ асуудлуудыг яаж, хэн зохицуулбал зөв голдрилдоо орох бол?

-Дээр үед Манж чин улсын томчууд Монголыг унагахад гуравхан чулуу хэрэгтэй. Толгойд нь отог жинс, аманд нь гаанс, гарт нь хөөрөг гээд гурван чулуу атгуулчихахад монгол босож ирнээ гонж хэмээн ёжилдог байсан гэдэг юм билээ. Тэр хүсэл нь одоо биелэх гээд ч байгаа юм шиг. Ер нь бол зөвхөн одоогийн хүмүүс ч биш аль 700 мянган жилийн тэртээд Марка Поло, Италийн Пап ламын бие төлөөний хүн Рубрук Карпини нарын бичсэн манайхны тухай тэмдэглэлд тэр үеийн эрхтэн, дархтнууд эрх ямба, эд баялагт дуртай, авилгач бас түүнийхээ төлөө юугаа өгөхөөс ч буцахгүй байсныг дурайтал тэмдэглэсэн байдаг. Орооцолдсон утас шиг ээдрээтэй энэ нийгмийг зөв хөвж чадах удирдлага, төрийн түшээд хэрэгтэй. Хүсэл, шуналд хэмжээ барих бас их чухал шүү. Түүнээс биш мань мэтийн уран бүтээлч хэчнээн хашгирч, орилоод юунд ч хүрэхгүй. Хүн гэдэг үнэтэй эрдэнэ. Одоо жаахан хүнээ засах, сэтгэлээ ариусгах зам руу ормоор. Хүний сэтгэл зөв бол үйл зөв, үйл зөв бол амьдрал зөв. Хүнд зөв амьдралаас илүү юу хэрэгтэй юм бэ.

-Та дахиад л болохгүйн тухай яриад эхэллээ?

-Хэлэхээс өөр аргагүй юм л даа. Бид хэлэхгүй бол өөр хэн ч хэлэх билээ… Би боддог юм. Энэ 21 аймгийг хэн төмөр замтай болгож, засмал замаар холбож, барилга, орон сууц барих юм бэ гэхээр эзэн олддоггүй. Монголын эзэд хаана байна вэ гэхээр хэсэг нь сумын төвд ажилгүй архайж, зарим нь аймгийн төвийн зах дээр наймаа хийж, нөгөө хэсэг нь Их, дээд сургуульд оюутан нэртэй шоудаж, үлдсэн нь Солонгос, Япон, Америк руу хар ажил хийхээр яваад өгч. Ингэж бодохоор л урам хугараад байдаг юм. Түүнээс гадна бас нэг хэцүү зүйл байна. Хэдхэн монголчуудыг архи сөнөөж дууслаа. Хаа сайгүй оюуны хомсдолтой, төрөлхийн элдэв гажигтай хүүхэд төрж байна. Энэ архиных уу, цус ойртолтынх уу? Түүнийг үйлдвэрлэгчид яагаад усан бассейн, хоккейн талбай, спорт заал барихгүй байна вэ. Ядаж залуусыг зугаацуулж, цэнгүүлэх юм хийж, нүглээ нимгэлдэггүй юм байх даа гэж боддог. Хэзээ нэг цагт хийсэн нүгэлийнхээ горыг амсах л байх даа.

-Сэтгүүлч хүний хувьд таны бодлоор уран бүтээлч хүн ямар байх ёстой вэ?

-Уран бүтээлч байя гэвэл дарга, даамалаас хол байх хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй гэвэл тэдэнд ойр бай. Өөрийгөө, сэтгэлээ хир буртаггүй байлгах юу юунаас чухал. Гэхдээ өнөөгийн нөхцөлд тийм байх боломж нь бүрдээгүй байна л даа. Сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд чин шударга хүн ховор байна. Энэ нь тэдний буруу биш. Сэтгүүлчид ахуйн хэрэглээнээсээ салаагүй, ядуу, мөнгөгүй, амьдралын боломжгүй байна. Хэчнээн ёс зүйтэй байлаа ч мөнгө чухал. Хэрэгтэй учраас мөнгийг нь аваад хүссэнийг нь бичихээс өөр аргагүй. Түүний цаана Монголын баялагийн хуваагаад өвөртлөчихсөн улс төрчид, бизнесмэнүүд бууны сумаар биш худалдаж авсан сэтгүүлчийнхээ үгээр бие биенээ шүршиж зугаацдаг. Үүнээс л хол байхыг хичээх хэрэгтэй.

-Уран бүтээл хийхэд багагүй зардал гардаг. Таны хувьд яаж зохицуулж байна вэ?

-Би 28 жил сэтгүүлч хийхдээ төрийн ордноос нэг ч удаа сурвалжлага хийж байгаагүй юм байна. Өнөөдрийг хүртэл надад дарга, даамал,бизнесмэн зэрэг намайг ивээн тэтгэгч тэр бүр байсангүй. Тэгснээрээ би алдаагүй. Надад хадгалж, хуримтлуулсан мөнгө байхгүй. Гэхдээ мэргэжлийнхээ буянд мөнгөөр дутагдаж үзсэнгүй. Сайн юм хийвэл зөв мөнгө ороод л ирдэг. Нэг уран бүтээлийнхээ хөлснөөс илүүчилж, нөгөөг нь босгох зарчмаар л болгож байна. Хүн тэгээд дуртай юм аа яаж ийж байгаад л болгодог юм. Жинхэнэ уран бүтээл хийе гэж зорьж яваа хүнд их мөнгө чухал ч бас чухал биш. Би эд баялаг, нэр алдарт сүжигтэй биш. Дуртай юм аа хийгээд явж байтал л алдар нэр хүрээд ирсэн байсан. Хүнд дуртай юм аа хийх шиг жаргал байдаггүй. Мөнгөтэй, баян гэхээсээ илүүтэй сурвалжит, оюунлаг, гэгээлэг байхыг хүсдэг. Миний өсөж, хүмүүжсэн орчин ч тийм л байсан.

-Та сэтгүүлч болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?

-Миний бага нас кино ертөнцөд өнгөрсөн болохоор өөрийн эрхгүй ийшээ л зүглэх байсан биз. Гэхдээ зарим үед аав, ээж хоёр маань намайг эдийн засгийн ч юм уу нэг тийм бизнесийн сургуульд оруулсан бол өдийд ядаж нэг дэлгүүртэй байх байсан даа гэж бодогддог л юм. Яагаад гэхээр ардчилал гээч юм гарч, ягаан, цэнхэр тасалбар тарааж байхад над мэтийн хүмүүс нь хувьсгалын салхинд хамхуул шиг хийсэж, Цогоогийн хонхны дуугаар л бүх юм сайхан болчих юм шиг санаж явлаа. Гэтэл бизнес ухаантай, овсгоотой нэг нь бусдынхаа хоолыг завшиж, өдгөө бөндгөр том гүзээтэй, махлаг хүмүүс алхаж явна шүү дээ. Гэтэл хөөрүү сэтгэл, догдлуун бодлоос өөр юмгүй уран бүтээлчид ядуугийн ядуу үлдэж, өнөөдөр ч тэр байдлаасаа гарч чадаагүй л явна.

-Амьдралаас үүдэлтэй олон асуудлыг хойш нь тавиад таны амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрөөдөг талаар сонирхвол ямар байна?

-Надад амралтын өдөр байсангүй удаж байна даа. Би одоо Үндэсний телевизэд ажиллахаас гадна хүү болон шавь нартайгаа баримтат киноны студид ажиллаж байна. Орой болгон 23.00 цаг хүртэл суугаад мөлхөх шахаад харьдаг даа. Одоо бодоход З.Алтай, Д.Төрмөнх, Л.Балхжав нар шиг телевизээ орхиод, өөр юм хайгаад явсан бол арай ч микрогоор гэр лүүгээ харихгүй байв. Хөгшин Ёолк бид хоёр л өөрсдөөсөө дүү дарга нарт загнуулаад уран бүтээлээс өөр хийх юмгүй үлдсэнээ сая л ухаарлаа.

-Одоо тэгээд уран бүтээлээ орхих гэж байгаа юм биш биз дээ?

-Үгүй, яалаа гэж. Аавынхаа бүтээлийг би үргэлжлүүлж, минийхийг хүү минь залгамжилж, цаашаа хэчнээн урт хөврөхийг хэлж мэдэхгүй нь. Энэ хагас зуун жилд уран бүтээл л намайг орхиогүй, үнэнч үлдсэн байсан болохоор би эндээс явахгүй.

ЭРГЭЛТ.МН

 

Shares

Холбоотой мэдээ