Бат-үүлийн хүү Чулуудайн “Гранд лайн” ХХК 8,6 тэрбум төгрөг авсан ч 7 жилийн хугацаанд юу ч хийгээгүй учир гэрээгээ цуцаллаа

2021-08-14 1044 0
Shares

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Нийслэл Улаанбаатар хотын зүгээс гурван талт гэрээнд заасан дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах чиглэлээр 11.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээс 8.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байгаа юм. Иргэдийн хувьд ч гурвалсан гэрээнд заасны дагуу 48 айл газраа чөлөөлсөн бөгөөд газраа хараахан чөлөөлөөгүй ч удахгүй баригдах орон сууцаа хүлээж, хохирол амсаж буй иргэн олон байна. Долоон жил хүлээнэ гэдэг бол хангалттай хугацаа. Тиймээс “Гранд лайн” компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг нь цуцалж байна” гэлээ.


Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны өндөр настан Т.Цэдэндамба “Гранд лайн” ХХК-ийн зүгээс анх иргэд бидэнд 0.07 га газарт дүйцүүлэн 120 ам метр талбай бүхий орон сууц олгоно гэж амласан. Манайх хашаандаа жижиг байшин, зуны сууцтай байсан. Байшинд маань 16 ам метр дүйцүүлж нэмээд нийтдээ 136 ам метр талбай бүхий байр олгохоор болсон. Манай хоёр хүүхдийнх мөн хашаагаа буулгаж, орон сууц авахаар болсон. Харамсалтай нь өнөөг хүртэл байр баригдсангүй. Түр амьдарч байгаарай гээд “Хангай” хотхонд хоёр өрөө сууц өгсөн. Орон сууц эзэмших гэрчилгээ нь гараагүй болохоор минийх ч юм шиг, тэднийх ч юм шиг байранд амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд байр түрээсэлсээр 10 сая гаруй төгрөгийн хохирол амсаад байна. Нас 80 гарлаа. Яаралтай орон сууцтай болмоор байна” гэсэн юм.


“Гранд лайн” компанитай гэрээ байгуулан газраа чөлөөлсөн 48 айл өрх байгаагийн 29 нь орон сууцанд орсон бол 19 нь түрээсийн байранд аж төрж байгаа аж. Тус компани газраа чөлөөлсөн иргэдийн түрээсийн төлбөрийг төлдөггүй, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр ажлын байрыг нь олгоогүй, өөрсдийн барьсан “Хангай” хотхонд түрээсийн байр олгохдоо элдвээр шантаачилдаг гэхчлэн гомдлыг мэдүүлж байгаа юм.


Ийнхүү “Гранд лайн” ХХК-ийн гэрээг цуцалснаар тухайн талбар дээр дараагийн компанийг сонгон шалгаруулах, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Ажлын хэсэгт Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Орон сууцны корпорац ХК зэрэг байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл багтах бөгөөд ирэх долоо хоног гэхэд байгуулагдаж, иргэдийн асуудлыг шийдвэрлэх юм.

Shares

Холбоотой мэдээ