Л.Оюун-Эрдэнийн Ардын нам дахь андлал, Андлалын өргөө цогцолбор ч тэр нуран унахад ойрхон байна

2021-08-16 789 1
Shares

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний үүргийг дангаар гүйцэтгэж байхдаа өөрийн санаачилгаар “Андлалын өргөө” цогцолборыг Хэнтий аймгийн Батноров сумын Эхэнбүрд багийн Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт бариулж эхэлсэн түүхтэй.

Энэхүү цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж байхаар төлөвлөжээ.

Уг цогцолборыг байгуулах төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэний 2 тэрбумыг нь улсын төсвөөс гаргаж, үлдсэн 3 тэрбумыг хувийн хэвшил, нутгийн зөвлөлийн хандиваар бүрдүүлсэн гэх мэдээлэл бий. 2020 оны улсын төсөвт 1.4 тэрбум төгрөг суулгасан бөгөөд энэ онд 600 сая төгрөг тусгуулахаар тухайн үед ажиллаж байсан мэдээлэл хэвлэлийн хуудаснаа үлджээ. Гэвч өнөөдөр уг цогцолборыг буулгах болсон талаарх мэдээлэл олон нийтэд түгээд байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хөшөөт цогцолборын зураг, скизийг гаргасан барималч Эрдэмбилэг тэнгэрт дэвшиж, улмаар төсвөөс цацсан 2 тэрбум, Ерөнхий сайдын 400 сая жуулчинтай хамт агаарт замхарч байгаа бололтой.

Түүхийг сөхөж үзвэл уг цогцолбор байгуулж асан энэ газар нутагт Тэмүүжин найман шарга морио хайж яваад Боорчитой таарч, андын тангараг өргөж байсан түүхтэй. Гэвч энэ түүхийг сэргээж, эх орондоо жуулчин, эд хөрөнгө дуудах гэсэн Ерөнхий сайдын санаа бүтэлгүйтэж, түүний оронд орчин цагийн улс төрийн түүх давтагдаж андлалцаж асан Ардын намдаа эвдрэлцэж, ана мана үзэхдээ тулаад байгаа гэх дам яриа ч гарах болов.

Улс төрийн хүрээнийхний дунд эд яригдаж байгаа асуудал бол эдүгээ У.Хүрэлсүхийн орыг залгаж, засгаа залгуулж яваа Ерөнхий сайдыг энэ намар огцруулахаар төлөвлөсөн тухай яриа юм. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ ард түмний зүгээс залуу хүний эрч хүчээр засаглалыг тогтвортой, сайн авч явна гэсэн итгэлийг хүлээгээд байсан ч Ардын намын ах нартаа бол тийм ч сайхан харагдахгүй байгаа гэнэ.

Улс төр бол уулын голын эргүүлэг шиг дээрээ байгааг доош нь залгиж, доор байгаа нь дээшээ гарчихдаг эцэс төгсгөлгүй үйл явц. Энэ утгаараа андлалцаж явсан ах нараа огцруулж асан Л.Оюун-Эрдэнэ эргээд андай тангарагынхаа ад болж, улс төрийн тогооны үйлийн үр, үнэн хоёртоо гүйцэгдэж мэдэхээр нөхцөл үүссэн ажээ. Нэг үгээр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн Ардын нам дахь андлал ч тэр, Андлалын өргөө цогцолбор ч тэр нуран унахад ойрхон байна.

Гэхдээ үйл явц тийм ч хурдан өрнөхгүй, хөшигний ард халуун тэмцэл удаан үргэлжлэх нь тодорхой юм. Яадаг ч байсан ясаа цайтал намдаа зүтгэж, яв цав тоглоод сурчихсан хуучны улстөрчдөд бол нэг хүнийг огцруулах битгий хэл нилээд хэдэн Засгийг унагах арга заль дүүрэн байгаа нь мэдээжийн хэрэг.

Төгсгөлийн оронд түүхийг сануулахад Боорчи ч найман шарга морио алдсан үед нь хэрхэн Тэмүүжинд тусалж байсан шигээ л гэрийнхэндээ ч хэлэлгүй унах дуртай бөгтөр хонгор морио унан, өмсөх дуртай бор хэвнэгээ нөмрөн Бэлгүтэйн хамт хүрэлцэн иржээ. Тэмүүжин, Боорчи хоёрын нөхөрлөл ингэж эхэлсэн бөгөөд энэ цагаас хойш Боорчи насан эцэслэх хүртлээ Тэмүүжинд үнэнчээр хүчин зүтгэсэн юм. Харин манай өгүүлэх түүхэнд орчин цагийн Боорчи маань бөгтөр хонгор морио унан, өмсөх дуртай улаан дээлээ нөмрөн жилийн настай засгаа унахад өс өвөрлөөд буцаж мэдэхээр байна.

Shares

Холбоотой мэдээ