Төрдөө уурласан уураа гаргаснаар 27 секундэд өрсөлдөгчөө ялж рекорд тогтоожээ

2021-08-17 3906 3
Shares

Монголчууд уур биеийг зовооно, уул морийг зовооно хэмээн сургадаг. Гэтэл эсрэгээрээ уурын хүчээр спортод амжилт гарган ялалт байгуулаад зогсохгүй дээд рекордыг эзэмшсэн гэвэл та итгэх үү?

Нигерийн боксчин улсынхаа аварга шалгаруулах тэмцээний алтын төлөөх тоглолт дээр 23 сек-ын дотор өрсөлдөгчөө ялсан байна. Ялалтын дараа түүнэээс энэхүү бахдам ажилтыг байгуулахад юу нөлөөлсөн талаар асуухад : “Би Нигерийн төрд хуримтлуулсан бүх бухимдлаа энэ цохилтоороо гаргалаа” гэжээ. Тэгвэл Нигер гэж яачихсан улс болоод тамирчин нь хүртэл ингэтлээ бухимдав аа.

Баялгийн хараал буюу Голланд өвчин… Энэ нэршил монголчуудын хувьд шинэ үг байхаа больж энэ талаар хүмүүс тодорхой хэмжээний ойлголттой болсон. Баялаг үнэхээр “хараадаг” гэж үү. Хөрсөн доорхи баялагаа ашиглаж хөгжсөн ямар ямар улсууд байна, эсрэгээр баялаг нь хөгжих замыг нь засч чадаагүй хэчнээн улс дэлхийд байдаг вэ. Бид энэ талаархи мэдээллийг бэлтгэж эхний удаад Нигери улсыг “хараагдсан” улсын жишээ болгон сонголоо.

Баялгийн хараалтай нэр холбогдох улсуудыг жагсаавал Ангол, Нигер, Судан, Конго, Боливи гэх мэт орнууд байглийн арвин баялагтай. Гэхдээ энэ их баялаг нь ард түмнийх нь амьдралд тус нэмэр болж чадалгүй, ядуурал газар авч, эдийн засаг нь өсөлтгүй, улс төр нь тогтворгүй байдаг нь гачлантай.

Харин үүний эсрэг талд баялагаа ашиглаж аятайхан амь зууж буй улс орнууд бий. Норвеги, Кувейт, Катар, Ботсванаг энэ ангилалд оруулж болох бөгөөд эдгээр улсын иргэд баялгийнхаа үр шимийг хүртэж чадаж байгаагаараа бидэнд бол жишээ болно. Тухайлбал Норвеги улс 20-р зууны эхэнд Европын хамгийн ядуу орны нэг байсан бол сүүлийн жилүүдэд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Дэлхийн Хүний хөгжлийн индексийг тэргүүлдэг болсон юм.

Төсвийн орлогын хомсдол, өрийн шокон зэрэг унасан нь
Нигери улс 167 сая буюу Монголоос 60 дахин их хүнтэй. Манай улсын гуравны хоёртой тэнцэх газар нутагтай тус улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байранд ордог ажээ. Нигер улсад анх 1973-аас 1983 оны хооронд газрын тосны “галзуурал” явагдсан боловч улс орны хөгжилд энэ нь огтхон ч үр ашиггүй өнгөрсөн гэж үздэг.

Төрийн харалган бодлого, үр ашиггүй зарцуулалтаас болж баялгаас олсон орлого зөвхөн баячуудын хармаанд орж хүн амын дийлэнх хэсэг ядуу хэвээр үлдсэн улс бол Нигери юм. Нигерийн Засгийн газрууд баялагтаа тооцоо муутай, үрэлгэн хандаж олон том дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд ээлж дараалан тавьсан гадаад өрийн хэмжээ нь нэмэгдсээр, тус улс дампуурлаа зарласан.


1970-аад оны газрын тосны үнийн түр зуурын өсөлтөд “хууртсан” Нигер улс засгийн газрын удирдлагын ба төсвийн бусад зарлагыг маш их нэмэгдүүлж, их хэмжээний өр тавьсан байна. Гэтэл 1980 онд газрын тосны баррель тутмын үнэ 30 америк доллараас 18 америк доллар хүртэл унахад төсвийн орлого хомсдолд орж, өрийн шоконд тухайн улсыг зэрэг унасан байдаг.

1970-2000 гэхэд хөдөө аж ахуйн экспортоо үгүй хийжээ
Байгалийн баялгийн явцуу бодлого нийгэмд тогтворгүй байдал үүсгэж сөргөлдөөн , тэр битгий хэл дайн, мөргөлдөөний эх үүсвэр болох нь бий. Нигери ч үүнийг тойроогүй бөгөөд 1960-аад онд Баэфрийн дайны уршгаар үндэстнүүд салан тусгаарласан нь угтаа ашигт малтмалын орлогын асуудлаас үүдэлтэй байв.

Мөн байглийн баялагийг шүтсэн Нигер бусад салбараа орхигдуулж 1970-2000 гэхэд хөдөө аж ахуйн экспортоо үгүй хийсэн гашуун түүхтэй.
Нигери газрын тосны дэлхийн хамгийн том олборлогчдын нэг хэдий ч эцсийн бүтээгдэхүүн хийх сонирхолгүй байв.

Тэд дөрвөн нэрэх үйлдвэртэй байсан ч Засгийн газар нь эцсийн бүтээгдэхүүн гаргахаас илүү гадаадаас боловсруулсан бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудад үйлчилсэн гэж болно. Засгийн газар нь ийм компаниудаас бэлэн бүтээгдэхүүн зах зээлийн үнээр аваад иргэддээ татаастайгаар хямдруулан зарж, зөрөөг нь өөрсдийн хэлхээ сүлбээтэй импортлогч компаниудад төсвийн мөнгөөр төлөх маягаар олон жил “хамтран ажиллаж” иржээ

Гадаад өрийн хүү нь үндсэн зээлээсээ давав
Төсвийн тогтвортой байдлыг урт хугацаанд ханган, хойч үедээ баялгийг тэгш хуваарилахын тулд уул уурхайгаас орж ирэх орлогоос хуримтлал бий болгох ёстой гэдэг дээр баялагтай орнууд санал нэгддэг. Нигер, Венесуэл улс ч ийм сантай болохоор оролдсон ч газрын тосны үнийн ирээдүйд буурах төсөөллийг буруу тооцсоноос болоод төдийлөн амжилтад хүрээгүй байна.

Эдүгээ тус улсын гадаад өрийн хүү нь үндсэн зээлээсээ давж, Засгийн газар нь зөвхөн хүүг нь арай чүү төлж байна. Хүн амын дийлэнх нь ядуу энэ орны Засгийн газар дээрх алдаатай бодлого нь тэдэнд ядуурал, ажилгүйдэл, муу дэд бүтэц, гэмт хэргийн огцом өсөлт гэсэн сорилтуудыг тулгаж байна.

Ядуу иргэд нь төр засаг мөнгө өгөхгүй, цалингаа нэмэхгүй бол орон нутгийн зам, бусад дэд бүтцийг эвдэж устгахаар сүрдүүлж, газрын тосны арвин үүцтэй атал бензиний үнэ хоёр дахин өсч иргэд нь бухимдлаа гудамжинд байгаа машин, эд хөрөнгөд халдан устгах зэрэг тогтворгүй байдал гарах болсон байна.

Нигери улс сүлийн жилүүдэд авлигын үзүүлэлтээрээ дэлхийн орнуудад сүүл мушгисаар байгаа бөгөөд уул уурхайгаас бусад эдийн засгийн салбар өрсөлдөх чадваргүй болжээ.

Адилхан байгалийн баялагаа түшиглэн хөгжих бодлого барьсан ч гэлээ Арабын нэгдсэн Эмират улсын дотоодын худалдан авах чадвар Нигериэс 144,77% илүү байгаа нь нэгийг өгүүлэх биз ээ.

Б.Намжилмаа

Shares

Холбоотой мэдээ