Монголын далайн захиргаа далайчдаа Солонгост бэлтгэж байна

2021-08-24 167 0
Shares

БНСУ-ын Далайн тээвэр, Загас ан агнуурын институтэд монгол далайчдыг бэлтгэж байна. Тодруулбал, Монгол Улсын Далайн захиргаа дээрх институттэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд монгол далайчдыг тус институтэд 2013 оноос бэлтгэж эхэлжээ. Харин “КОВИД-19” цар тахлаас үүдэн сургуулийн үйл ажиллагаа өнгөрсөн 2 жил түр зогссон байна.

Энэ оны өнгөрсөн 7 дугаар сард Монголын далайчдын холбооноос ажлын баг гарч БНСУ-ын Далайн тээврийн сургуулийн удирдлагуудтай уулзаж монгол далайчдыг суралцуулах хүсэлт тавьжээ. Улмаар Монгол Улсаас 10 залуу туслах далайчнаар мэргэших сургалт сэргэж, энэ оны 8 дугаар сарын 23-нд БНСУ-д эхэлжээ.

Хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүн буюу далайчин болохын тулд сургалтад хамрагдаж холбогдох сертификат авах шаардлагатай юм. Уг сургалтад хамрагдсанаар далайн хууль болон аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн анхан шатны тусламж хүргэх, галын болон ослын үеийн сургалт, аврагч завь буулгах, хөлөг онгоцноос ус руу аюулгүй буух хөвөлт, сэлэлт, хөдөлгөөний ажиллагаа зэрэг мэргэжлийн чадваруудыг эзэмших аж.

Далайчид сургалтаа дуусгаад БНСУ-ын их далайд ажиллах юм.БНСУ-ын Далайн тээвэр, Загас ан агнуурын институт нь дотоодын болон олон улсын далайн тээвэр, загас ан агнуурын чиглэлээр хөлөг онгоцны удирдлага, жолоодлого, инженерийн мэргэжлээр 1.6 жилийн хугацаанд далайчдыг бэлтгэдэг олон улсад хүлээн зөвшөөрсөн улсын сургууль аж.

Далайчнаар суралцах хүсэлтэй 18-45 насны залуусыг эрүүл мэндийн байдал, хэлний түвшинг харгалзан шалгаруулдаг байна. Жил бүр монгол залуусыг уг сургалтад хамруулж ирсэн ч “КОВИД-19” цар тахлын улмаас энэ жил шинэ элсэлт авахгүй байгаа аж. манай улс далайд гарцгүй ч далайчны мэргэжлээр 30 гаруй хүн төгссөн бөгөөд Засгийн газрын бодлогоор сургасан далайчид бүгд энэ салбартаа ажиллаж байна. Мөн Монголын далайчдын холбоогоор дамжуулан БНСУ, ОХУ, Индонез зэрэг улсад далайчин, туслах далайчин сургахаар төлөвлөжээ.

Montsame

Shares

Холбоотой мэдээ